“Сонин уншдаг хүн одоо байдаг юм уу?” гэдэг сонин асуултыг өдөр тутмын сонинд ажилладаг сэтгүүлчид хааяа сонсох нь бий. Бизнесийн уулзалт, энд тэндхийн нэтворкингийн арга хэмжээнд нэрийн хуудсаа өгөхөд “Одоо сонин гардаг хэвээрээ юм уу” гэж зарим нь гайхна, зарим нь “Одоо болтол сонин гарч байна гэдэг ямар гоё юм бэ” гэж урмын үг хэлнэ. Эдгээр риакшнуудын аль, аль нь сонин одоо ч хэвлэгдсээр, уншигдсаар байгаа нь гайхмаар зүйл мэт бодолтойг илтгэнэ.
Тэгвэл сонин байсаар ч ирсэн, одоо ч байгаа, цаашид ч чухалд тооцогдох хэвлэл мэдээллийн хамгийн гол хэрэгслийн нэг хэвээрээ л байхыг мартталаа зарим хүмүүс дижитал ертөнцөд амьдарч байна.
Гэтэл нөгөө талд нь сонины үнэ цэн, ач холбогдол хэрэгцээ шаардлага хэсэг бүлэг хүмүүст ч хэвээрээ байгаа учраас “дивангарын үеийн” сонины сэтгүүл зүй эргэн ирэх трэнд бий болжээ. Тухайлбал, зарим улс орнуудад дижитал хувилбараасаа эргэн хэвлэгдэх болсон сонины жагсаалтуудыг та харж байна.
SPIN Magazine

АНУ-ын алдарт хөгжмийн сэтгүүл Spin 2012 онд хэвлэмэл хувилбараа зогсоосон ч 2024 оны есдүгээр сард улирал тутам дахин хэвлэж эхэлжээ.
Saveur

30 гаруй жилийн түүхтэй хоол, амтны Saveur сэтгүүл 2020 онд хэвлэмэл хувилбараа зогсоосон ч 2024 онд дахин хэвлэгдэж, уншигчдын сонирхлыг татаж байна.
Field & Stream

Уламжлалт спортын сэтгүүл Field & Stream ч зогсоосон хэвлэмэл хувилбараа эргэн гаргах төлөвлөгөөтэй болж, анхны шинэ дугаараа дахин хэвлэсэн.
Ebony

Этгээд соёл, урлагийн Ebony сэтгүүл 2019 онд хэвлэмэл хувилбараа зогсоосон боловч 2024 онд улирлын дугаарын хувилбар гаргаж эхэлсэн нь түүхэн нэр хүндтэй хэвлэлийн дахин амилалтын нэг жишээ.
The Onion

Комик хэвлэлийн The Onion хэвлэмэл хувилбарыг 2024 онд дахин эхлүүлсэн бөгөөд олон зуун мянган захиалагчтай болж, санхүүгийн хувьд ч үр дүнд хүрсэн бодит жишээ болж байна.
Playboy

1950-аад онд үүссэн Playboy сэтгүүл 2025 оны хоёрдугаар сард маш алдартай, жилд нэг удаагийн хэвлэмэл дугаараа дахин гаргаж эхэлсэн нь хэвлэмэл формат болон брэнд түүхийг холбосон соёлын comeback гэж үнэлэгдэж байна.
Elle (Australia)

Elle Australia нь дижитал горимоор юуны өмнө гарч байсан ч 2024 оны гуравдугаар сард хэвлэмэл хувилбараа дахин хэвлэж эхэлжээ.
Мэдээж ид үетэй харьцуулах нь утгагүй ч сүүлийн үед хэвлэмэл сэтгүүл зүйг сонгох трэнд олон улсад ажиглагдах болсныг судлаачид ч ярьж эхэлсэн.
Тэгвэл сонин яагаад одоог болтол энэ технологийн эрин үед оршин тогтноод байна вэ гэдэг нь өөрөө бас нэгэн сонирхолтой сэдэв мөн. Товчхондоо бол хэрэглэгч байгаа учраас хэвлэгдсээр байна л гэсэн үг. Тэр байтугай залуучуудад зориулсан үнэгүй гардаг сонин ч эрэлт нь байгаа учраас оршсоор л байна. Манай улсад ч өнөөдөр өдөр тутмын болон долоо хоног тутмын сонин сэтгүүлүүд гарсаар л байгаа. Тэр байтугай сонин унших нь бүү хэл байдаг гэж мэдэхгүй байх гэж боддог залуучууд хүртэл сонин гарчигладаг гэдгийг энэ чиглэлээр бизнес хөгжүүлсэн редактор туршлагаасаа хуваалцаж байна.
“Даваа гарагт дандаа гарчигла” гэдэг уриатай “Unread Today” сонин манай сэтгүүл зүйн салбарын хэвлэмэл бүтээгдэхүүний хувьд хамгийн отгонд тооцогдох байх. Сонирхолтой нь тэд залууст чиглэж бүтээлээ хийдэг. “Unread Media”-ийн Гүйцэтгэх захирал Д.Түшигт-Эрдэнэ саяхан болсон Хэвлэл мэдээллийн нэгэн хэлэлцүүлгийн үеэр өөрсдийн брэндингийн талаар сонирхолтой түүхийг хуваалцсан юм. Тэр ингэж ярьсан.
"Залуучууддаа хэвлэл мэдээллийн суурь боловсрол олгоогүйгээс сошиалыг хэвлэл гэж ойлгож байна. Гэхдээ залуучууд сошиал солиорлоос залхаж байгаа нь харагдах болсон. Үүний тулд залуусыг сонин уншуулах дадал суулгах хэрэгтэй байна.
Бид даваа гараг бүрийн өглөө монгол хэл дээр, пүрэв гараг бүрийн өглөө англи хэл дээр шинэ сонины дугаараа уншигчдад үнэгүй хүргэдэг. Өнгөрсөн жилийн тухайд 500 мянга гаруй сонин гаргасан байна. Манай сонины уншигчид ихэвчлэн 18-35 насны залуучууд байдаг. Өнөөдөр редакцууд бүгд видео, постер хийж сошиал контент рүү бүх хүчээ зориулдаг болсон.
Бид сошиал медиаг мэргэжлийн сэтгүүл зүйг хөгжүүлэх цэвэр ариун газар биш гэдгийг мэдэж байсан. Манай редакцын ажилчдын дунд өмнө нь сонинд ажиллаж байсан туршлагатай нэгэн байхгүй. Түүнчлэн өөрсдөө ч сонин уншдаггүй залуучууд байсан. Гэхдээ өөрсөд шигээ залуусыг сонин унших сонирхлыг түрүүлэх, инстаграмм дээрээ стори хийхээр өнгөлөг, ажил руугаа орохын өмнө кофе авахдаа сонингоо сугавчлаад ордог байж яагаад болохгүй гэж гэдэг бодлоос эхэлсэн. Үнэгүй сонинг гэдэг зардал талаасаа ч асуудалтай тул анхандаа амжилттай болно гэж бодоогүй. Гэхдээ тодорхой хугацааны дараа залуучуудын дунд сонин унших соёл тогтож, үүнийг бизнесийн байгууллагууд анзаарч, зар сурталчилгаагаа байршуулж эхэлсэн. Өнгөрсөн жилийн орлогын 30 хувь нь хэвлэмэлээс олсон байсан" гэсэн юм.
Үнэхээр ч сонин байгаа юм уу гэж асуудаг үеэ бодоход Монголд өнөөдөр тогтмол гардаг дөрвөн өдөр тутмын сониноос гадна долоо хоног тутмын сонин гэвэл “Монголын Үнэн”, “Unread Today” зэргээр сонин оршин тогтноод байгаа нь энэ зах зээл эргэн ирж байгааг харуулж байгаа нэгэн жишээ юм.
Орчин цагийн технологийн хамгийн сул тал болсон дэлгэцийн хэт хамаарал, сошиал мэдээллийн хэт их бөмбөгдөлтөөс залхсан уншигчид эргээд үнэ цэнтэй, хэрэгтэй мэдээллээ олж авдаг гол суваг сонин руу эргэж байна гэж хэлж болно.
Хэвлэмэл бүтээлүүдийн бас нэгэн хэрэгтэй тал нь уураг тархийг удаан хөгшрүүлдэг. “Уншихаа больвол сэтгэхээ болино” гэж аль XVIII зуунд амьдарч байсан философич Д.Дидро хэлсэн байдаг. Энэ үг одоо ч үнэн хэвээр. Хэдийгээр орчин цагийн технологийн хөгжлийн үр дүнд бүх зүйл дижиталчлагдаж байгаа ч дэлхий нийтээр эргээд хэвлэмэл сонин сэтгүүлийг сонирхох трэнд хүртэл бий болоод байгааг дээр дурдсан.
Тэгвэл хэвлэмэл бүтээлийн үнэнч хэрэглэгч нарт энэ нь бүр ч их хамаатай. Хэвлэмэл сонин гарт баригддаг учир хуучны уншиж дадсан хүмүүст амьдралынх нь нэгэн салшгүй хэсэг болчихсон байдаг. Тэр байтугай сонины үнэрт дуртай, цаасны үнэр сайхан санагддаг хүмүүс ч бий. Сонины үнэр үнэртэж сэтгэл нь сэргэж, уншсан болдог тэр мэдрэмж хуучны хүмүүст буюу ахмадуудад илүү их байдаг.
Тэд бидэн шиг гар утсаа хурдан скролдож мэдээллийг нүдээрээ хүлээн авах гэхээс илүү гартаа имэрч, үнэрлэж сонины далбагар цаасыг нүдний шилэндээ тулган байж уншсан болдог хүмүүс. Энэ нь эргээд өөрсдөд нь эм болдог тухай олон судалгаа сүүлийн үед гарах болжээ.
АНУ-ын Rush University Medical Center-ийн “Memory and Aging Project” судалгааны хүрээнд нас барсан ахмад настнуудын тархинд задлан шинжилгээ хийхэд, оюуны идэвх өндөртэй (ном, сонин их уншдаг) хүмүүсийн тархинд өвчний физик шинж тэмдэг илэрсэн ч, амьдралынхаа туршид ой санамжийн алдагдал харьцангуй бага байсан нь тогтоогджээ. Мөн 2021 онд “Neurology” сэтгүүлд нийтлэгдсэн томоохон судалгаагаар ном сонин унших, захидал бичих, оюуны тоглоом тоглох зэрэг сэтгэн бодох үйл ажиллагаанд тогтмол оролцдог ахмад настнууд Альцгеймерийн өвчний оношлогдох хугацаа оюуны идэвх багатай хүмүүстэй харьцуулахад дунджаар таван жилээр хойшилдог нь тогтоогджээ.
Ийм төрлийн судалгаа хэр олон болохыг бид хиймэл оюун ухаанаас асуухад л хэдэн арваар нь бидэнд жагсаагаад гаргаад өгч чадна. Товчхондоо бол унших нь тархийг удаан хөгшрүүлдэг гэдэг нь хэдийнэ тогтоогдсон. Тэр тусмаа ахмад настнуудын унших дадал орчин үеийн бидэн шиг дэлгэцнээс бус хэвлэмэл ном, сонин, сэтгүүлээс авдаг учир хуучны хүмүүст хэрэгтэй номыг нь авчраад тавьдаг, уншдаг сонинг нь улирлаар нь захиалаад өгчихвөл тэднийгээ анхаарч байгаа бас нэгэн сэтгэлийн илэрхийлэл ч болж болно.
Ямар ч гэсэн “хуучирсан” гэж нэрлэдэг сонин трэнд болж, дэлхий нийт хүртэл дижиталаас татгалзан хэвлэмэл рүү эргэн ирж байна. Шинэ юм гэж мартагдсан хуучин зүйл гэдэг сэн.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 4 (7746)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn