2025 он хөшгөө хаахад хэдхэн өдөр үлдээд байна. Улиран одож буй 2025 онд дэлхий дахинд олон онцлох үйл явдлууд болж өнгөрчээ. Улс төр, геополитикийн хурцадмал байдлыг намжаах гал зогсоох хэлэлцээр эхний үе шатаа амжилттай эхлүүлсэн бол уур амьсгалын өөрчлөлтийн бодит илрэл болсон байгалийн гамшигт үзэгдэл, газар хөдлөлтүүд хэд хэдэн удаа болов. Улстөрд төдийлөн анхаарал хандуулаад байдаггүй GenZ үеийнхэн томоохон эсэргүүцлийг эхлүүлсэн нь тэр болгон тохиогоод байдаггүй онцлох үйл явдлуудын нэг болов. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаа хэрэгжиж, улс орныхоо дотоод асуудалд төдийгүй олон улсын улс төр, эдийн засгийн өнгийг тодорхойлох томоохон шийдвэрүүдийг гаргасан. АНУ-БНХАУ-ын худалдааны дайн илүү хурцаар өрнөх болов. Дэлхий дээрх хамгийн олон хүн шүтдэг католик шашны тэргүүн Францис хамба насан хутгийг олж, шинэ пап лам АНУ-аас тодорсон гээд өнгөрч буй 2025 он үйл явдал, ээдрээ нугацаа болон баяр гунигтай олон үйл явдлаар дүүрэн өрнжээ. Тэдгээрээс онцлох есийг тоймлон хүргэе.

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Доналд Трамп 47 дахь ерөнхийлөгч болон Цагаан ордонд эргэн ирэв. 2021-2024 онд ялагдлын дараах Капитолын ордонд болсон үймээн самуун, түүний мөрдөн шалгалтууд, дараалсан импичмэнтүүд, мөн сонгуулийн кампанит ажлын үеэр мэргэн буучийн сумнаас амьд үлдэж чадсан гээд олон сорилтыгг туулсан Трамп дахин Ерөнхийлөгчөөр сонгогдож, Америкийг дахин агуу болгохоо зарласан. Тиймээс ч тэрээр эргэн ирэлт гэхээс илүү эргэн засагласан гэвэл онохуйц шийдвэртэй алхмуудыг хийж шинэ бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлэв.
Тэрбээр 2025 оны нэгдүгээр сард тангараг өргөснөөр “America First” үзэл баримтлал бодлогын гол тулгуур болж, өмнөх засаг захиргааны олон шийдвэрийг хүчингүй болгосон захирамжуудыг эхний саруудад дараалан гаргав. Үүний зэрэгцээ төрийн аппаратын бүтцэд өөрчлөлт хийж, “үр ашиггүй” гэж үзсэн хөтөлбөрүүдийг танахаа ил тод зарласан нь түүний удирдлагын хурд, шийдэмгий байдлыг харуулсан. Трампын дотоод бодлогын хамгийн гол сэдэв цагаачлалын асуудал байлаа. Мексикийн буланг Америкийн булан болгоно гэдгээ эхний өдрөө мэдэгдсэн тэрээр хилийн хамгаалалтыг чангатгаж, үндэсний гвардыг дайчилж, хууль бус цагаачлалыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлсэн нь нийгэмд багагүй талцал дагуулав. Түүнийг дэмжигчдийн хувьд төрийн дэг журам сэргэж байна гэж үзсэн бол харин Ардчилсан намынхны хувьд хүний эрхийн эрсдэл дагуулсан, ардчиллын эсрэг үйл явдлууд хэмээн шүүмжилсээр байгаа.
Трампын явуулж буй бодлогоос татварын шинэ бодлого онцгой анхаарал татав. Дотоодын үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор, АНУ-ыг дахин агуу болгохын тулд татварын цоо шинэ нөхцөл танилцуулж, түүнийгээ дөрөвдүгээр сараас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. Ялангуяа Европын холбоо, Хятадад үйлдвэрлэл өндөр татвар, хатуу зохицуулалттай байгааг жишээ татан, АНУ-д үйлдвэрлэх нь илүү ашигтай байх ёстой гэсэн байр суурь баримталж байна. Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих бодлого нь өгөөжтэй байж болох ч нөгөөтэйгүүр олон улсын эдийн засгийн харилцаанд ээдрээтэй, хэлэлцээр хийх шаардлагатай нөхцөл байдлуудыг бий болгосон.
Гадаад бодлогын түвшинд Трамп НҮБ-ыг хурцаар шүүмжилж, АНУ-аас олгодог санхүүгийн дэмжлэгийг зогсоохоо мэдэгдсэн зэргээр эрс шийдэмгий шийдвэрүүдийг танилцуулсан юм. Товчоор дүгнэхэд, Трамп эргэн ирснээр төрийн бодлогыг эрс шинэчилж, татвар–эдийн засгийн чиг хандлагыг шинээр тодорхойлсон жил болов. Хэдийгээр дотоооддоо маргаан дагуулсан хэвээр байгаа ч дэлхийн эдийн засаг, улс төрд бодит нөлөө үзүүлсэн нь тодорхой юм.

2025 оны аравдугаар сарын 10-нд хоёр жил үргэлжилсэн Израиль Хамасын гал зогссоныг НҮБ-аас албан ёсоор тэмдэглэсэн бөгөөд ингэснээр хүмүүнлэгийн тусламжийн заалтууд хэрэгжиж эхлэв. Газын зурваст хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажиллагаанд олон улсын тусламжийн байгууллагууд онцгой анхаарал хандуулж байгаа боловч зарим саад бэрхшээл байсаар байгааг дурдахгүй байж болохгүй. Ялангуяа хүнс, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ ихээхэн шаардлагатай байсаар байна. Палестины эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллээс харахад 2025 оны аравдугаар сарын эхээр Газад 67 мянган хүн амиа алдсан гэж мэдээлсэн ч бодит тоо үүнээс өндөр байх магадлалтай. НҮБ-ын мэдээлснээр ойролцоогоор 1.6 сая хүн, (тэдгээрийн олонх нь Газын оршин суугчид) хүнс тэжээлийн огцом дутагдалд орсон хэвээр хэмээн анхааруулж байна.
Энэхүү мөргөлдөөнийг зогсооход АНУ тэргүүтэй Ойрхи Дорнодын орнууд улс төрийн яриа хэлэлцээрийг амжилттай хийснээр үр дүнд хүрсэн хэмээн үзэж буй. Гэхдээ хоёр талын нөхөл байдал бүрэн намжаагүй нь цаашид гал дахин сэргэх нөхцөл байдал руу хүргэх вий гэсэн эмзэглэл байсаар байна. Нөхцөл байдал цааш хэрхэн өрнөх талаар хэн ч хэлж мэдэхгүй олон улсын тоймчдын үзэж буйгаар гал зогссоноос хойшхи дараагийн илүү тайван нөхцөл рүү орох боломжтой хэмээн үзэж байна. Тухайлбал, хэлэлцээр явуулахад ихээхэн үүрэгтэй оролцсон Турк улсын хувьд гал зогссоны дараах илүү тайван нөхцөл байдалд итгэл төгс байгаагаа мэдэгдэж, 2026 оны эхний сард багтаж дараагийн хоёрдугаар шатанд орох төлөвтэй хэмээн мэдэгдээд байгаа.

2023 онд Газын зурваст дайн эхэлснээр энэ сөргөлдөөн 2024–2025 онд илүү хурцдаж, Ойрх Дорнодын тогтворгүй байдлын гол хүчин зүйл болов.Үүний нэг илрэл нь Иран Израилийн мөргөлдөөн болж байна. Израиль Ираныг бүс нутаг дахь зэвсэгт бүлэглэлүүдийг дэмжин, өөрийн аюулгүй байдалд байнгын заналхийлэл учруулж байна хэмээн үздэг бол Иран Израилийг Палестины асуудлын гол буруутан, АНУ-ын нөлөөг хэрэгжүүлэгч хэмээн тодорхойлдог.
Ираны цөмийн хэлэлцээр амжилтгүй болж Израиль Ираныг цөмийн хөтөлбөрөө зогсоохыг шаардаж, хоёр талын үл ойлголцол улам газар авч, харилцан дрон болон пуужингийн довтолгоо хийснээр бүс нутгийн төдийгүй дэлхийн хэмжээний мөргөлдөөн бий болох нөхцөл бүрдсэн юм. Хэдийгээр энэхүү мөргөлдөөн нь шууд утгаараа дайн бус боловч бүс нутагт онцгой нөлөөлж буй хямралын нэг гэдгийг тодотгох нь зүйтэй. АНУ Ираны цөмийн байгууламжуудыг бөмбөгдөж, агаарын хүчний тусгай ажиллагаа явуулав. АНУ-ын шахалтаар хоёр талын хооронд мөргөлдөөн намжиж, зогсоод байгаа ч байдал цааш хааш эргэх нь таамаглашгүй хэвээр байна. Талууд шууд дайн эхлүүлэхээс зайлсхийж байгаа ч өдөөн хатгалга, хариу цохилтууд тасраагүй. Цаашид энэхүү шуу бус мөргөлдөөн үргэлжилсээр байвал бүс нутгийн хэмжээнд томоохон дайн дэгдэх аюул бий. Нөгөө талаар олно улсын санаачилгуудын дагуу АНУ болон Европын орны зуучлалаар тогтвортой байдал бий болох нөхцөл бүрдэх ч боломжтой. Гэхдээ аль ч тохиолдолд Иран–Израилийн сөргөлдөөн ойрын жилүүдэд Ойрх Дорнодын аюулгүй байдлын гол сорилт хэвээр үлдэх төлөвтэй байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Трамп тангараг өргөсөн эхний өдрөө хэлсэн үгэндээ “Би энх тайвныг авчрагч байх болно” хэмээн онцолсон. Энэ үгээрээ тэрээр ажлаа эхэлсэн 100 хоногийн дотор Орос-Украины дайныг эцэслэнэ хэмээн мэдэгдсэн юм. Хэдийгээр 100 хоногийн дотор энэ дайны гал унтраагүй ч Орос Украины дайны нөхцөл байдалд эерэг уур амьсгал авчрах эхлэл Трампын санаачилгаар эхлээд байгаа. Украинд олгож буй Өрнөдийн санхүүжилт, тусламжийг эргэн харах, үүгээр дамжуулж Зеленский болон Путин харилцан улс төр, эдийн засаг болон батлан хамгаалах шахалт үзүүлэх алхмууд хийж эхлэв.

Тэрээр энэ хугацаанд В.Зеленский болон В.Путин нартай аль алинтай нь уулзаж, АНУ-ын санаачилсан Энхийн хэлэлцээрийг санал болгосон. Зөвхөн АНУ төдийгүй сүүлийн жилүүдэд НҮБ, Европын зарим улс орнууд, Турк, Хятад зэрэг тоглогчид энх тайвны зууч болох оролдлого хийж ирсэн ч бодит ахиц төдийлөн гарсангүй. Үүнд талуудын байр суурь зөрүүтэй, аюулгүй байдлын баталгаа, газар нутгийн асуудал тэр дундаа Украины алдагдсан газар нутгийг одоогийн байгаагаар хилийг шинэчлэн тогтоох зэрэг тохиролцоо хийгдээгүй нь энхийн хэлэлцээг удаашруулж буй юм. Мэдээж олон жил үргэлжилсэн дайны асуудлыг эцэс болгох тухай яриа хэлэлцээр өрнөж байгаагийн зэрэгцээ дайны хор хохирол, сэргээн засах зардал зэрэг тооцооллууд ч хийгдэж байна. Учир нь энэ дайн зөвхөн цэргийн бус, эдийн засаг, дэд бүтцийн асар их хохирол дагуулжээ. Олон улсын байгууллагуудын урьдчилсан үнэлгээгээр Украиныг бүрэн сэргээн босгоход хэдэн зуун тэрбум ам.доллар, цаашлаад нэг их наяд ам.долларт дөхөх хэмжээний зардал шаардагдах магадлалтай гэсэн тооцоо гарчээ. Олон тооны хот суурин, эрчим хүч, зам тээвэр, эмнэлэг, сургууль зэрэг суурь дэд бүтэц хамгийн их сүйдсэн нь ихээхэн тохирол дагуулж байна. Цаашид АНУ болон олон улсын хамтын нийгэмлэгийн оролцоо үргэлжилж, энхийн шийдэлд бодитоор хүрсэн ч дайны дараах сэргээн босголт нь санхүү, улс төр, аюулгүй байдлын томоохон сорилт хэвээр байна.

-АНУ-Хятадын худалдааны дайн өнгөрсөн онд үргэлжлэхдээ эдийн засгийн гэхээс илүү стратегийн сөргөлдөөнийг эхлүүллээ хэмээн олон улсын шинжээчид дүгнэж байна. Ерөнхийлөгч Д.Трамп ажлаа авсан даруйдаа харилцан татвар ногдуулж, дэлхийн улс орнуудаас авах татварын хэмжээг нэмэгдүүлэх, харилцан татварын бодлогоо танилцуулсан. Энэ бодлогын хүрээнд АНУ-ын худалдааны алдагдлыг бууруулах, Хятадаас орж ирж буй фентанилын урсгалыг таслан зогсоох, үүний тулд Хятадаас АНУ руу экспортолж буй бараа бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг нэмэх байр суурийг баримталсан нь хоёр улсын хооронд өрнөж буй худалдааны дайнд ч мөн сөргөөр нөлөөлж эхлэв. Хятад улс Америкийн барааны татварыг эсрэгцүүлэн нэмснээр хурцадмал байдал бий болоод байгаа. Тус улсын хувьд газрын ховор элемент болон ашигт малтмалын чухал түүхий эдийг АНУ руу нийлүүлэх хэмжээгээ эрс бууруулах, зогсоох хүртэл арга хэмжээ авах замаар худалдааны дайнд өөрийн давуу талаа ашиглаж эхлэв. АНУ хагас дамжуулагч, хиймэл оюун, өндөр технологийн экспортыг хязгаарлах бодлогоо улам чангаруулсан бол үүний хариуд Хятад дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, стратегийн түүхий эдийн нийлүүлэлтэд хяналт тогтоох замаар АНУ-д шахалт үзүүлэхийг зорьж байна. Ялангуяа АНУ-БНХАУ-ын худалдааны дайн идэвхжсэнээр дэлхийн нийлүүлэлтийн сүлжээ дахин зохион байгуулалтад орох нөхцөл бүрдсэн. Олон улсын компаниуд үйлдвэрлэлээ Зүүн өмнөд Ази, Энэтхэг зэрэг бүс рүү шилжүүлэх хандлага эрс нэмэгдэж, дэлхийн худалдааны өсөлт саарч, инфляц, үйлдвэрлэлийн зардалд сөргөөр нөлөөлсөн нь жижиг, дунд эдийн засагтай орнуудад ч мэдрэгдэх болов. Анх тариф, импорт-экспортын тэнцэлтэй холбоотойгоор эхэлсэн Худалдааны маргаан 2025 онд технологи, үндэсний аюулгүй байдал, геополитикийн өрсөлдөөн болон өргөжив. Одоогийн байдлаар хоёр тал харилцан буулт хийж хэлэлцээ хийснээр асуудал түр намжаад байгаа ч цаашид хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй байна.

Сүүлийн жилүүдэд хиймэл оюун (AI)-ы хөгжил урьд өмнө байгаагүй хурдтай ахиж, 2025 онд дэлхийн эдийн засаг, нийгэм, аюулгүй байдлын бодлогын гол сэдэв болсон билээ. Хиймэл оюуны хувьд хөгжлийн шинэ шат буюу өмнө байсан автоматжуулалтаас өгөгдөлд суурилсан, шийдвэр гаргагч, бүтээгч хиймэл оюуны хөгжилд шилжсэнийг 2025 онд албан ёсоор хүлээн зөвшөөрөв. Ингэж бүтээгч хиймэл оюун ухаан илүү хөгжсөнөөр технологийн салбарын бус, бүх салбарт гол “хөдөлгөгч хүч” болж байна. Гэвч хурдацтай хөгжиж байгаагийн хэрээр олон тооны шинэ сорилтыг бий болгож байна. Хөдөлмөрийн зах зээлд шахалт бий болж, зарим мэргэжил алга болох эрсдэл нэмэгдэв. Мөн deepfake, хуурамч мэдээлэл, хувийн мэдээллийн хамгаалалт, ёс зүйн асуудал хурцаар тавигдаж байна. Үүнтэй холбоотойгоор АНУ, Европын холбоо, Ази тивийн орнууд хйимэл оун ухааныг хэрхэн зохицуулах тухай эрх зүйн болон аюулгүй байдлын стандарт боловсруулах ажлыг эрчимжүүлж эхэллээ. Европын холбооноос хамгийн анхны бодит алхмыг хийж, “Европын холбооны хиймэл оюуныг зохицуулах хууль”-ийг анх удаа баталлаа. Тус хууль нь AI системийг бага, дунд, өндөр эрсдэлтэй гэж ангилж, хүний зан авирт хэт нөлөөлөх, хууль сахиулах салбарт хяналтгүй ашиглах зэрэг зарим төрлийн хэрэглээг хатуу хязгаарлаж чадсанаараа онцлогтой. Гэхдээ нөгөө талаар инновацийг боомилолгүйгээр, нийгмийн аюулгүй байдлыг хамгаалахыг зорьж буй анхны томоохон жишиг болно хэмээн хуулийг санаачлагчид онцлон тэмдэглэсэн. Харин АНУ-ын хувьд AI-ийн хөгжлийг дэмжих бодлого давамгайлж байгаа. Тэр утгаараа одоогоор нэгдсэн байдлаар зохицуулах хатуу хуулийг хараахан санаачлаагүй, ёс зүй, аюулгүй байдлын удирдамж, стандартаар дамжуулан хувийн хэвшлийн оролцоог зохицуулахыг зорьж буй хэмээн бодлого баригчид тодорхойлсон. Харин БНХАУ-ын хувьд хйимэл оюуны хөгжилд томоохон тоглогч гэдгээ харуулж ChatGPt-тэй өрсөлдөхүйц Deepseek-ийг 2025 онд танилцуулсан нь жинхэнэ тэсрэлт болов. Хятадын хувьд AI-г стратегийн салбар хэмээн үзэж, мэдээллийн аюулгүй байдал, төрийн хяналтыг чухалчилсан зохицуулалтыг хэрэгжүүлж байна. Товчхондоо бол ойрын жилүүдэд хиймэл оюуны хөгжил үсрэнгүй байх нь тодорхой учир дэлхий нийтээр AI-г бүрэн хориглох бус, хариуцлагатай ашиглах нь зүйтэй гэсэн агуулгад санал нэгдээд байна. Цаашид ил тод байдал, хүний оролцоо, ёс зүйн хяналтыг эрх зүйн үндсэн зарчим болгож, хүн төвтэй, аюулгүй замаар хөгжүүлэх нь хиймэл оюун уххааны ойрын ирээдүй байх нь.

Өнгөрч буй онд дэлхийн хэд хэдэн улс оронд улс төрийн тэмцэл нэгэн зэрэг өрнөсөн нь онцлох үйл явдлуудын нэг байлаа. Ялангуяа эдгээр улс төрийн, авлигын эсрэг тэмцлүүдэд улс төрд төдийлөн идэвх багатайд тооцогддог залуу үеийн төлөөлөл ихээр оролцсон юм. Хамгийн олон хүний анхаарлыг татаж, бусад улс орнуудын залуучуудад урам зориг өгсөн жагсаал Непалийн Катманду хотод болсон юм. Залуус эрх баригчдын шударга бус бодлого, нийгмийн тэгш бус байдалтай холбоотой эсэргүүцлийн жагсаал хийж, тэр байтугай төрийн өндөр албан тушаалтнуудыг элдэн хөөж, ташуурдан, зарим нь айсандаа онгоцонд зүүгдэн амь хэлтэрч байгаа дүр зураг сошиал орчинд багагүй тарсан. Эдгээрн ь хүч хэрэглэсэн гэхээс илүү авлига, бусармаг байдлыг удаан тэвчсэн ард иргэдийн тэвчээр туйлдаа хүрвэл хэрхэн муу муухайтай өөрсдиийнхөө аргаар ч болов тэмцэж чаддаггийн тод жишээ болсо юм. Энэхүү тэмцлийн дүнд Непалийн засгийн газар огцорсон. Үүнтэй ижил гэмээр үйл явдлууд Мадагаскар, Марокко, Кени, Парагуа болон Мексик улсуудад болж залуучуудын төлөөлөл олон жил алдаатай явсан, хээл хахуульд автагдсан төр засгийнхаа бодлогыг эсэргүүцсэн жагсаал цуглаан хийж, улс төрийн томоохон өөрчлөлтөд идэвхтэй оролцов. Энэ нь залуу үе олон жил тогтсон улс төрийн гажиг, бохир тогцолцоо, системийн алдааг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж жагссан томоохон үр дүнтэй ажлууд болж, эдгээр нь дэлхий дахин GenZ protest хөдөлгөөн гэх цоо шинэ хандлагыг бий болгов.
• Мадагаскарт болсон залуусын хөдөлгөөн нь ус, цахилгаан тасалдах, ядуурал зэрэг өдөр тутмын асуудлыг эсэргүүцсэн жагсаал болсны дараа олон хотод өрнөж, тус улсын ерөнхийлөгч албан тушаалаасаа огцорчээ.
• Марокко улсад болсон “GenZ 212” нэртэй залуусын жагсаал нь эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ сайжруулах шаардлагаар эхэлж, олон хотод өргөжиж, нийгмийн тэгж эрхин төлөө тэмцэл болсон юм. Харамсалтай нь энэхүү жагсаалд оролцсон олон хүнийг баривчилж, мөн хэд хэдэн хүн амиа алджээ.
• 2025 онд Перугийн нийслэл Лимад авлигын асуудлын эсрэг залуусын жагсаал өрнөж, улс төрд шинэ бодлогын яриа өрнүүлэхэд хүргэв.
• Кенид 2024 оноос эхэлсэн татварын өсөлт, авлига, цагдаагийн түрэмгийллийн эсрэг залуусын хөдөлгөөн үргэлжилж, томоохон уран бүтээлчид ч тус хөдөлгөөнд нэгдсэн байна.
• Тимор-Лестед залуус, оюутнууд парламентын үрэлгэн байдлыг шүүмжилж, жагсаал хийснээр тус улсын парламент өмнө гаргасан алдаатай шийдвэрээ хүчингүй болгожээ.
Энэ мэтээр дэлхийн олон улс оронд шинэ залуу үе нь өмнө бугшсан худал хуурмаг, буруу бүхэнтэй тэмцэж чадахаа харуулсан нь томоохон үр дүнд хүрээд байна. Манай улсад ч мөн өнгөрсөн тавдугаар сард болсон “Огцрох амархан” жагсаалдзалуучуд ихээр оролцож үзэл бодлоо илэрхийлэн жагссан нь олон улсын GenZ Protest-ийн нэг болон бичигджээ.

Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн анхааруулга бус бодит амьдралд өдөр тутам мэдрэгдэх аюул, гамшгийн эх үүсвэр болсныг баталсан олон байгалийн гамшиг өнгөрсөн онд тохиов. Дэлхийн олон бүс нутагт тохиолдсон хэт халалт, ган гачиг, үер, ой хээрийн түймэр нь байгалийн гамшиг санамсаргүй бус, харин уур амьсгалын өөрчлөлтийн шууд үр дагавар гэдгийг тодорхой харуулсан юм.
Мьянмар улсад 7.7, Афганистанд 6 магнитудын хүчтэй газар хөдлөлтүүд болж, Зүүн Өмнөд Азид далайн шуурга, үерийн улмаас тухайлбал Индонез, Филиппин болон Вьетнамд, мөн АНУ-ын Лос-Анжелест түймэр гарч, Карибын тэнгис, Номхон далайд хүчтэй хар салхи болсны улмаас их хэмжээний хохирол учрав.

Европ, Ази, Америк тивд агаарын хэм түүхэнд байгаагүй өндөр болж, хэт халалт хүний эрүүл мэнд, эрчим хүчний системд асар их дарамт үзүүлэв. Зарим оронд олон хоног үргэлжилсэн халалт ахмад настан, хүүхдийн эндэгдлийг нэмэгдүүлж, хотууд “дулааны арал” болж хувирсан. Үүний зэрэгцээ Өмнөд Ази, Африкийн зарим бүсэд хүчтэй бороо, үер болж, сая сая хүн орон гэрээ орхиход хүрсэн бол нөгөө талд нь ган гачиг газар тариалан, хүнсний аюулгүй байдалд ноцтой заналхийлэл учрууллаа. Байгалийн гамшгийн улмаас дэд бүтэц сүйдэж, даатгалын зардал өсөж, хөгжиж буй орнууд хамгийн их хохирол амсаж байна. Уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус, ядуурал, шилжилт хөдөлгөөн, аюулгүй байдлын асуудалтай шууд холбогдож эхэллээ.
НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтод хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, дэлхийн дулаарлыг тодорхой түвшинд тогтоон барих зорилт тавьсан ч төдийлөн ахиц гарахгүй хэвээр байна. Тиймээс ч НҮБ-аас уур амьсгалын өөрчлөлтийг бодитоор анхаарч, үүнтэй дасан зохицох бодлого хэрэгжүүлэхгүй бол байгалийн гамшиг илүү давтамжтай, илүү хүчтэй болох эрсдэлтэй. Иймээс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нь улс орон бүрийн дотоод асуудал бус, дэлхийн хамтын хариуцлага гэдгийг тодорхой анхааруулсаар байгаа юм.

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальж америк гаралтай пап IV Лео Ватиканы тэргүүн болов.
Манай улсад 2023 онд айлчилж байсан Францис пап амьдралынхаа сүүлийн хэдэн сарын турш уушгины багтраа болон бөөрний өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад Улаан өндөгний баяраар сүсэгтэн олонтойгоо сүүлчийн удаа мэндчилээд насан эцэслэсэн юм.
Ромын пап Францисын бүтэн нэрийг Жиорже Марио Бергаглио гэдэг байв. Тэрээр 1936 онд Аргентины нийслэл Буэнос Айрэс хотноо төрсөн, химийн техологич мэргэжилтэй, хүмүүнлэгийн ухаан, философийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалж байжээ.
1992 онд Буэнос-Айресийн хамбын туслахаар томилогдсоноор шашны замналаа эхлүүлж 1998 онд Буэнос-Айресын тэргүүн хамба болж, 2001 онд Кардинал цол хүртжээ. 2013 онд XVI Бенедикт пап эрүүл мэндийн шалтгаанаар суудлаасаа буусны дараа Францис 2014 онд Ватиканы тэргүүнээр сонгогдож, 266 дахь тэргүүн хамба, анхны Өмнөд америк гаралтай пап лам болсон юм. Тэрээр 12 жилийн турш католик шашны тэргүүн, оюун санааны оройд залрахдаа улс орон бүр эв найрамдалтай байж, байгаль дэлхийдээ ээлтэй амьдрах тухай зааж сургадаг байв. Мөн хүн төрөлхтөн эх дэлхийтэй харилцах харилцаагаа умартаж, нэг гэр болсон байгаль дэлхийгээ үл тоомсорлож байна гэж шүүмжилдэг байжээ. Харин түүнийг АНУ-аас гаралтай кардинал Роберт Фрэнсис Превост залгамжилж, Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн болов.

69 настай Роберт Францис Превост 267 дахь пап бөгөөд өөрийн шашны нэрийг Лео XIV хэмээн сонгожээ. Тэрээр анх удаа олон нийтэд хандан мэндчилэхдээ Францис хамбын гэгээн дурсгалыг хүндэтгэн залбирч, түүний үлдээсэн өв болох эв нэгдэлтэй байх тухай сургаалийг санаж байхыг уриалсан юм.
Олон жил Перуд ажиллаж амьдарсан тэрээр Латин Америкийн кардинал гэж тооцогддог ч пап ламаар тодорсон анхны америк хүн юм. Учир нь тэрээр 1955 онд Чикаго хотноо мэндэлжээ. Түүний аав нь испани, ээж нь франц-итали гаралтай бөгөөд тэрээр 1982 оноос шашны замыг эргэлт буцалтгүй сонгосон байна. Тэрээр Америк болон Перугийн давхар иргэншилтэй бөгөөд 10 гаруй жил Перуд орон нутгийн сүмийн пастор, багшаар ажиллажээ. Түүнийг төвийг сахисан, нийгмийн асуудалд илүү анхаарсан пап лам Францисийн бодлогыг ерөнхийд нь залгамжлах боловч зарим талаар өөрийн өнгө аясыг бий болгох төлөвтэй хэмээн шашин судлаачид дүгнэж буй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 24. ЛХАГВА ГАРАГ. № 243 (7740)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn