2023/12/14
2609.0 USD
-9c

Б.Дамдин-Очир

Холимог тогтолцооноос сонгогдсон “ус”-тай, “тос”-той УИХ

Шинэ бүхэн сонин байдаг. УИХ-ын 2024 оны сонгууль тийм л боллоо. Үндсэн хуулиар УИХ-ын сонгуулийн тогтолцоог өөрчилсөн. Бид 32 жилийн өмнөх Үндсэн хуулиар найман удаа 76 гишүүнтэй УИХ сонгосон. Энэ сонгуулиас эхлээд холимог системээр 126 гишүүнийг сонгодог тогтолцоотой болсон. Тэдний 78-ыг тойргоос, 48-ыг намын жагсаалтаас сонгоно.

Түүгээрээ анх удаа сонгууль явуулав. Анх удаа гэхэд энэ сонгууль алдаа эндэгдэл багатай л явагдчих шиг боллоо. Сонгуулийн дүн гараад 10 хоноход УИХ дотоод томилгоогоо хийгээд дууслаа.

Гол нь, уг сонгуульд улс төрийн олон нам, эсвэл өрсөлдөв. Сонгогчид санал хураалтад идэвхтэй оролцов. Үр дүнд нь ойрд байгаагүй олон нам УИХ-д суудалтай болов. МАН 68, АН 42, ХҮН нам найм, Үндэсний эвсэл дөрөв, ИЗНН дөрвөн суудал авлаа. Тэрийг дагаад нийгмийн олон төлөөлөл УИХ-ын гишүүн боллоо. “...Энэ УИХ-ын 80 хувь нь шинэ хүмүүс байна” гэсэн статистикийг улстөрчид ярьж байна. Тэр ч үнэний ортой бололтой. Сонин содон хүмүүс хэд хэдээрээ УИХ-д орж ирлээ.

Олонх болсон МАН-ын Удирдах зөвлөлөөс генсек Д.Амарбаясгалангаа УИХ-ын даргад нэр дэвшүүлсэн. Тэрээр ногоон гэрлээр нэр дэвшчихээгүй байгаа юм. Сая ХХААХҮ-ийн сайд болсон Ж.Энхбаяртай “өрсөлдөөд” намынх нь эрх бүхий байгууллага Д.Амарбаясгаланг сонгожээ. Д.Амарбаясгалангийн хувьд өмнөх Засгийн газрын ХЭГ-ын даргаар ажиллаж байсан. Мөн энэ сонгуульд УИХ-ын хоёрдугаар тойрогт нэр дэвшиж сонгогдсон юм. Тэрээр сүүлийн хэд хэдэн сонгуульд намынхаа арыг хариуцаж ажилласан. Анх удаа нэр дэвшсэн нь энэ. УИХ-ын 2024 оны долоодугаар сарын 2-ны чуулганаар түүнийг УИХ-ын даргаар сонгосон. Ингэхээр Д.Амарбаясгалан 126 гишүүнтэй УИХ-ын анхны дарга болж байгаа юм. Энэ томилгоотой холбоотойгоор хэдэн сэлгээ хийгдсэн. ЕТГ-ын дарга Я.Содбаатарыг МАН-ын генсек болгож, түүний оронд УИХ-ын дарга асан Г.Занданшатарыг томилов. Долоон жилийн өмнө дөө, Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдоход УИХ-ын даргаас буугаад жил болсон З.Энхболд түүний Тамгын даргаар томилогдож байсан. Төстэй л кэйс болов.

УИХ-ын дэд даргаар МАН-аас Х.Булгантуяа, АН-аас Б.Пүрэвдорж нар нэр дэвшиж сонгогдсон. Х.Булгантуяа бол МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагыг удирддаг. Өмнөх Засгийн газарт Боомтын сайд, бас ХНХ-ын сайдаар ажилласан. Тийм учраас намынхаа бодлого, бодит дэмжлэгээр УИХ-ын дэд даргаар сонгогдсон гэж болно.

Б.Пүрэвдорж бол АН-ын чанга дуутай гишүүдийн нэг. Сул хүн биш. Улс төрийн байр суурийн хувьд экс Ерөнхийлөгч рүү чиглэдэг талтай. Тэрээр УИХ-ын дэд дарга болсноор хүний эрхийн асуудалд онцгой анхаарах үүрэгтэй болсон. Тэр нь Т.Чимгээ, Б.Содномдаржаа нараас эхлэхээр байгаа. 

Үүнээс гадна УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар Л.Мөнхбаатар, АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэлийг сонгож, УИХ батламжилсан. Л.Мөнхбаатар гурав дахиа, О.Цогтгэрэл хоёр дахиа сонгогдож байгаа гишүүд юм. Дарга нь авиргүй, тавтиргүй бол унавал бүлэг нь чадамж сулардаг. Тиймээс намууд УИХ дахь бүлгийнхээ даргаар голдуу төв байр суурьтай, журмын нөхдийнхөө учрыг олчих чадалтай хүмүүст бүлгээ даатгаж ирсэн байдаг.

Мөн УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Баасандоржийг томилсон юм. Тэрээр УИХ-ын Тамгын газарт 2001-2018 оныг хүртэл ажилласан. Энэ хооронд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, УИХ-ын Тамгын газрын Хуулийн хэлтсийн шинжээч, ХЗБХ-ны референт, ХЗБХ-ны зөвлөх, ХЗБХ-ны ажлын албаны ахлах зөвлөх, 2013 оноос Хууль зүйн яамны Хууль зүйн нэгдсэн бодлогын газрын дарга, 2015 оноос эргээд УИХ-ын Тамгын газрын ХЗБХ-ны ажлын албаны ахлах зөвлөх, 2018 оноос УБЕГ-ын дарга, 2020 оноос ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, 2022 оноос МХЕГ-ын дарга, 2023 оноос ЗГХЭГ-ын дэд дарга бөгөөд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргаар ажиллаж байсан юм.

Түүнчлэн УИХ-ын 11 Байнгын хорооны даргыг сонгосон. ТББХ-ны даргаар Ж.Бат-Эрдэнэ, АБГББХ-ны даргаар Г.Тэмүүлэн, Төсвийн байнгын хорооны даргаар Ц.Даваасүрэн, ХЗБХ-ны даргаар Д.Цогтбаатар, Инновац цахим бодлогын байнгын хорооны даргаар Ж.Золжаргал, АҮББХ-ны даргаар С.Ганбаатар, БОХХААБХ-ны даргаар Б.Бейсен, БСШУСБХ-ны даргаар Ч.Ундрам, Ёс зүй, дэгийн байнгын хорооны даргаар Б.Баярбаатар, НББХ-ны даргаар Л.Энхнасан, ЭЗБХ-ны даргаар Р.Сэддорж сонгогдсон.

Эндээс харахад, Байнгын хорооны даргаар голдуу хоёроос дээш сонгогдсон гишүүдийг сонгожээ. Анх удаа сонгогдсон нь Ж.Золжаргал, Р.Сэддорж, Л.Энхнасан гурав байна.

Харин намын харьяаллаар нь авч үзвэл МАН-аас зургаа, АН-аас гурав, ХҮН намаас хоёр Байнгын хорооны дарга сонгогджээ.

Ерөнхийдөө, 2025 оны өдийг хүртэл УИХ-ыг эдгээр хүмүүс удирдахаар болж байгаа юм. Тэгээд ротац явагдаж тэднийг өөрчилнө.

Гэхдээ Байнгын хорооны дарга нар хэд ч өөрчлөгдсөн, энэ УИХ-ын “...Эхний ээлжид хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, үүрэг хариуцлагын зохистой түвшнийг баталгаажуулах, зах зээлийн шударга өрсөлдөөний орчныг бүрдүүлэх зэрэг асуудлаар ойрын хугацаанд  ажлын хэсэг байгуулж, зохих хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлэх болно”, “...Илүү мэргэжлийн бүтээлч, ил тод, нээлттэй, шинжлэх ухаанч хэлэлцүүлгийн үр дүнд цагаа олсон, бодитой, үр ашигтай бодлогыг дэвшүүлж, хяналт тавьж, дүгнэж чаддаг шинэ цагийн улс төрийн соёлын төлөө хамтран ажиллацгаана” гэсэн нь өөрчлөгдөхгүй байхад л болох юм.

Түүнчлэн энэ УИХ-ын нэг томоохон онцлог нь анх удаа 126 гишүүнтэй болсон. Сонгуулийн шинэ тогтолцооны энэ онцлогийн олз нь нийгмийн олон салбарын төлөөлөл УИХ-д орсон нь юм. Уг нь тэдний хэн нь хэн бэ гэдгийг монголчууд ерөнхийд нь мэднэ. Монголын онцлог энэ л дээ. Гэхдээ хууль тогтоох байгууллагад ажиллах чадамжийн хувьд дийлэнх нь “битүү морь” байгаа юм. Шинэ гишүүд дунд шинжлэх ухаан, уул уурхай, банк санхүү, эрүүл мэнд, боловсрол гээд бүхий л салбарын мэргэжилтнүүд байна. Гагцхүү тэднийг зөв ашиглаж, тэд ч УИХ-ын гишүүний үүргээ зөв гүйцэтгэх учиртай юм. Тэгээд ч энэ удаагийн УИХ-аас эхлээд “...Эрхэм гишүүн гэдэг дарга биш иргэдийн төлөөлөгч” гэдэг логик үйлчлээд эхэлсэн. Бид чинь өнгөрсөн найман УИХ-ын туршид “+76” сайд даргатай явж ирсэн улс шүү дээ. Урьд өмнөх УИХ-ууд голдуу улстөрчид, бизнесмэнүүд л сууж ирсэн түүхтэй. Одоо ингээд өөрчлөгджээ. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан анхдугаар чуулганыг хаахдаа “...УИХ-ын гишүүн гэдэг бол эрх мэдэл гэхээс илүүтэй төр улсынхаа эрх ашгийг дээдлэн, олон нийт, салбар салбарын дуу хоолой болж, монголчуудын амьдралд тулгамдаж байгаа болон шинэ тутам үүсэж буй асуудлуудын бодит шийдлийг олж, зохих хууль тогтоомжид тусгуулан ажиллах үндсэн чиг үүрэгтэй” гэсэн дээ. Үнэндээ, энэ тун чухал өөрчлөлт болсон юм. Тогтолцооны өөрчлөлтийг дагаад тоглоомын дүрэм асар өөрчлөгдсөн. УИХ-ын чуулганы хуралдааны дэгээс эхлээд урьдын юм ул болсныг эрхэм гишүүд анхдугаар чуулганаас ойлгосон байх. Өөрчлөлтийн сюрприз дуусаагүй. “...Та дарга биш иргэдийн төлөөлөгч шүү” гэдгийг мөн ч олон хууль эрх зүйн хэмжээ дамжаагаар ойлгуулна.

Гэхдээ эрхэм гишүүд 126 дотроосоо тодрох гэж үзэх нь тодорхой л доо. Нэг хэсэг нь эрүүл улс төр хийж, өөртөө легитим авах гэж үзнэ. Энэ жам ёсны асуудал. Бас анхнаасаа нөгөө л бүлэглэлийн төлөөлөл болж УИХ-д орсон хэсэг хүний нэр ус ч дуулдаад эхэлж байна. Удахгүй том том асуудлаар “горимын санал” гаргаж, хууль хүртэл санаачлах бололтой юм. Жишээ нь, “...Төрийн зарим инситуцын бүрэн эрхийн хугацааг сунгая” энэ тэр гээд л. Магадгүй, “...Өнгөрсөн гурван жилд цэг тавьж, өмнөх 30 жилээ үргэлжлүүлье” гэх агуулгатай хуулийн төслүүд бариад зогсож байх гишүүд шинэ хэдээс гарч ирж мэдэхээр л байна. Ер нь бол анхдугаар чуулганы үеэр Л.Оюун-Эрдэнийн хэлсэн “…Гаднаас харах, дотор ороод хийх хоёрт их ялгаа бий. Үнэхээр үнэн байя гэж хүсвэл, зургаан сар, нэг жил ажиллаад, дараа нь бодож буй зүйл чинь өөр байж таарвал өөр юм билээ гэж хэлээрэй. Олон асуудал өөр байдаг юм аа. Авлигын эсрэг шүүх байгуулах асуудал чуулганаар яригдаж байх үед, яг тэр орой сэтгүүлчийг хорьж байсан. Ерөнхий сайдын зөвлөхийг хорьж байхад Ерөнхий сайд нь өөрөө мэдэхгүй байх үе ч бий. Тийм ярьж байгаа шигээ л байвал сайн. Яваандаа худлаа байвал баригдана, манай улс цөөн хүн амтай. Биеийн хэлэмжээс уншигддаг. Өөрийг чинь үнэн байж чадах болов уу гэж хүлээж байгаа. Мэдээллийг дотроос нь авч, илүү үнэнээр олон нийтэд хүргэх боломж чамд бий” гэж нэгэн гишүүнд хэлсэн үг нэг бус хэд хэдэн хүнд хамаатай л сонсогдсон шүү. Улс төрийн хүрээнд тэгж яригдаж байна. Удахгүй энэ УИХ-ын гишүүд “ус”-тай, “тос”-тойгоороо ялгарна л даа, тун удахгүй. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 17. ЛХАГВА ГАРАГ. № 135, 136 (7379, 7380)