2023/12/14
2609.0 USD
-9c

Б.Дамдин-Очир

Хууль л амла!

Манайхан, мань мэт нь сонгууль болгоноор нэг л үгийг гүн гүнзгий ухаардаг. Сонгууль бүрийн дараа “…Хүний эрээн дотроо гэж яасан үнэн үг вэ” гэцгээдэг. 1992 оноос хойш УИХ-аа найман удаа сонгож байгууллаа. Ерөнхийдөө алдчихсан байдаг. Гээд засаж чаддаггүй. Сонгох хүнээ таньдаггүй. Аргалуулаад саналаа өгчихдөг. Нөгөөдүүл нь төрд гараад миний, чиний, бид бүгдийн бүхнийг хулгайлна. Ерөөсөө л, бид чинь тэдний 30 жилийн турш бузар булайгаа нууж дэвссэн “хивс” дээгүүр алхсаар өнөөг хүрсэн байна. Тийм учраас өнөөдөр ийм царайтай амьдарцгааж байгаа юм.

Одоо ес дэх УИХ-аа сонгох гэж байна. Өмнөхүүдээс өөрөө сонгоно. Баруун, зүүн, төв, говийн, тэгээд хотын гээд 13 том бүсээс 78 хүнийг УИХ-ын гишүүнээр сонгоно. Намын нэрээр 48 гишүүн гарч ирнэ.

Энэ сонгуульд нэр дэвшигчид 2024 оны зургадугаар сарын 10-наас сурталчилгаагаа эхлүүлэх ёстой. Гэвч нэр дэвших эрхээ намаасаа ч аваагүй байхдаа, бараг сарын өмнөөс “…Горилогч” нэрийн дор сурталчилгаа явчихлаа. Уншиж, харж, сонсож болох бүх сувгаар горилогчдын сурталчилгааг чихлээ. Ямар ч олон янзын ухаалаг ярилцлага, хөрөг уншив даа. Бас өнөөгийн нийгэм, улс төрийг өөд уруугүй шүүмжилсэн горилогч олныг харлаа. Хов ярьж, хор хутгаж байгаа нь ч олон байна. Ер нь бол буруу л өрсөлдөцгөөж байна. Өнөөгийн горилогчид маргааш нэр дэвшигч болоод “жинхэлбэл” бүр сүйд болж мэдэхээр л харагдав.

Нөгөөтэйгүүр, эндээс нэг зүйлийг ойлгов. Ойлгосон ч юм биш л дээ, харж авав. Яг үнэндээ “…УИХ-ын гишүүн болно” гээд байгаа хүмүүс өөрсдөө “…Хаана очиж, ямар ажил хийх гэж яваагаа ойлгож байгаа юм болов уу” гэж харагдав.

Учир нь ерөөсөө “…Дөрвөн жилд төчнөөн хууль санаачилна, тэгж засна” гэсэн ганц ч горилогч алга. “…Юу нь болоод юу нь болохгүй байна вэ” гэдгийг голтой ярьж байгаа горилогч ч ховор байна. Уг нь УИХ маш тодорхой байгууллага шүү дээ. Хууль тогтоох эрх мэдлийг ганцаараа хадгалдаг төрийн эрх барих дээд байгууллага гээд тунхаглачихсан. Гэтэл горилогчид сайд мэт, эсвэл компанийн захирал шиг амлалт, ажил хэрэг ярих юм. Яг үнэндээ УИХ-ын гишүүнд тэнд байгаа замыг, энд байгаа метрог барих асуудал юуны хамаа байх вэ дээ. УИХ-ын гишүүн хүн хууль санаачлах, хэлэлцүүлэх, батлалцана. Хууль бүрийн цаана амьдрал явдаг. “…Хуулийн цэг, таслал бүр нь амьтай” гэдэг. Тэгэхээр УИХ-ын тэндэх иргэд замтай болох, эндэх хотынхон метрогоор зорчих эрх зүйн орчныг л бий болгож өгөх ажлыг хийнэ. Өөрөөр хэлбэл, хэрэгжүүлэх субьект нь ч УИХ биш.

Үүнийг л яг өнөөдөр нам намынхаа даргыг царайчлан суугаа горилогчид ойлгоогүй байх шиг байна. Шинээр горилж байгаа хүмүүс байтугай хуучин хэд нь ч яг адилхан байна.

Гурав хоногийн дараа намуудын шийдвэр гарна. Тэр хүртэл амжуулаад хууль ярьчих гэлтэй биш. Нэг хэсэг нь “…Нэр дэвшихээр боллоо” гээд баярлана. Нэлээд нь гологдож, хасагдаад үлдэнэ.

Тэгэхээр намууд өөрсдөө нэр дэвшүүлэх хүмүүстээ “…Хов биш хууль ярь” гэж зөвлөмөөр юм шиг байна. Бас яагаад ч “цайрахгүй” хүмүүсээс татгалзах хэрэгтэй. Тэднийгээ нэр дэвшүүлбэл нам чинь нам унана.

Бод доо, сар гаруйхны дараа тодрох УИХ-ын 126 гишүүн Монгол Улсын хэтийг шийдэх хууль, эрх зүйн орчин дээр л ажиллах хүмүүс шүү дээ. Мөнгөтэй байна уу, баавартай байна уу, огт хамаагүй. Эдгээр нь УИХ-ын гишүүнд ямар ч хэрэггүй юм. Түүний оронд “…Одоо байгаа эрх зүйн орчныг яавал эдийн засаг сайжирч, нийгэм тогтвортой байх вэ”, “…Өмнөх УИХ-ууд ямар хуулийг орхигдуулж, цоорхой үлдээж ирсэн бэ”, ерөөсөө л “…монгол хүн Монгол орондоо яавал тавтай амьдрах вэ” гэдгийг л хуульчилж өгдөг ажил юм. Яагаад гэхээр, урьдны улстөрчдийн хийж бүтээсэн сайн үйл олон бий. Сайжруулах нь ч цөөнгүй байдаг. Муу нь бас байна. Ингэж ангилж ялгаад, дүгнэлт хийгээд засахыг нь засаж, өөрчлөхийг нь өөрчлөөд явах мэдлэгтэй, чадвартай хүн л УИХ-д хэрэгтэй. УИХ-д өрсөлдөхийн утга нь энэ. Товчхондоо, УИХ-ын гишүүний үлдээдэг өв нь хууль л байдаг.

Цаашлаад, намууд ч өөрсдөө хууль л амла. “…Сонгуулийн мөрийн хөтөлбөр” гээд гоё гоё нэртэй бүтээн байгуулалтууд амлаад хэрэггүй. “…Өмнөх найман сонгуулийн амлалтууд хэрэгжсэн бол өдийн Монгол Улс ямар болж, монгол хүн яаж амьдарч байгаа бол” гээд бодоход бас л эвгүй хариулт гарна даа. Сонгуулиас сонгуульд амлалтаа томруулж явсаар дампуурсны нотолгоо энэ шүү дээ.  Тиймээс дахиад хэлье, хууль л амла.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 17. БААСАН ГАРАГ. № 99 (7343)