Даатгалын баталгааны зах зээл Монгол Улсад 2024 онд албан ёсоор нэвтэрчээ. Энэ хугацаанд санхүүгийн зах зээл дэх “шинэхэн бүтээгдэхүүн” эрэлт, хэрэгцээтэй гэдгээ харуулсан тухай салбарынхан ярьж байна. Энэ сарын эхээр зохион байгуулагдсан "Даатгагчийн баталгаа – Итгэлцэл ба хөгжил" сэдэвт нэгдсэн хэлэлцүүлгийн үеэр зохион байгуулагчид баталгааны даатгалын өнөөгийн нөхцөл, хөгжилд тулгамдаж буй асуудал болон цаашдын боломжийг хэлэлцэж, тоон мэдээллийг дэлгэрэнгүй танилцуулсан юм.
2024 онд даатгалын баталгаанд хамрагдсан аж ахуйн нэгжийн тоо 310 байсан бол 2025 онд 1300 болж дөрөв дахин “томорсон”. Хэлэлцүүлгийн үеэр танилцуулснаар баталгааны зах зээлд барилгын салбар жин дарж орж ирсэн бол зам засвар, үйлчилгээний салбарууд зуузай холбон давхиж буй аж. Тодруулбал, барилгын салбар 73.9 хувь, үйлчилгээний салбар 7.5, зам засвар 6.9 хувь гэх мэтчилэн эрэмбэлэгдэнэ.
Эндээс харвал даатгалын баталгаа гэх шинэ бүтээгдэхүүн нийгэм, эдийн засагт шинэ боломж нээж буй. Үндсэндээ даатгалын баталгаа бол банкны баталгаатай төстэй санхүүгийн бүтээгдэхүүн. Гэхдээ тендерт оролцогч байгууллагуудад барьцаа хөрөнгө байршуулах шаардлагагүйгээр баталгаа олгодгоороо онцлог давуу талтай. Ингэснээр аж ахуйн нэгжүүдийн мөнгөн эх үүсвэр царцахгүй, үйл ажиллагаагаа тасалдуулахгүйгээр тендерт оролцох боломж бүрддэг байна.
“Мөнх даатгал” компанийн гүйцэтгэл М.Жалавдорж “Манай компани уг бүтээгдэхүүнийг нэвтрүүлээд хоёр жил болж байна. Энэ хугацаанд нийт 1600 орчим баталгаа гаргаж, 240 гаруй аж ахуйн нэгжид үйлчилгээ үзүүлсэн. Эрэлт хэрэгцээ өндөр, цаашид ч өсөх хандлагатай байна. Санхүүгийн зохицуулах хорооноос даатгагчийн олгох баталгааны дээд хэмжээг нэмэгдүүлснээр манай компани өмнөхөөсөө гурав дахин өндөр дүнтэй баталгаа гаргах боломжтой болсон. Ингэснээр харилцагчдын тоо нэмэгдэх, үйлчилгээний цар хүрээ тэлэх нөхцөл бүрдэж байгаа” гэв.
Энэ бол захиалагч болон гүйцэтгэгч талын хоорондын харилцааг зохицуулах санхүүгийн хэрэгсэл. Захиалагч талд итгэлцэл, хяналтын баталгаа бий болгож, гүйцэтгэгч талд мөнгөн хөрөнгийн дарамт үүсгэхгүйгээр ажлаа гүйцэтгэх боломж олгодог “шинэков”. Ялангуяа төрийн худалдан авах ажиллагаанд оролцож буй аж ахуйн нэгжүүдэд нэн эрэлттэй бүтээгдэхүүн ажээ.
Даатгалын баталгаа нь 2022 оны сүүлээр Даатгалын тухай хуульд орсон өөрчлөлтөөр бий болсон шинэ бүтээгдэхүүн хэдий ч өнгөрсөн оны байдлаар нийт 1299 байгууллагийн гүйцэтгэлд баталгаа гаргаж, долоон их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий ажил, үйлчилгээг даатгалын баталгаагаар хамгаалжээ.. Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц "2024 онд таван даатгалын компани жилдээ 22 тэрбум төгрөгийн баталгаа гаргаж байсан бол өнгөрсөн онд 10 компани нийт 611 тэрбум төгрөгийн баталгаа гаргалаа. Улсын болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ авах тухай хуулийн хүрээнд 1200 орчим компанид даатгалын баталгаа шийдвэрлэсэн" хэмээн тоон мэдээлэл өглөө. Тэрээр даатгалын баталгаа банкны баталгаатай харьцуулахад хурдан шуурхай бөгөөд зардал багатайг дурдан, ирээдүйд ипотекийн зээлийн урьдчилгаанд даатгалын баталгааг ашиглах боломжтой хэмээн онцолж байв. Манай улсад одоогоор даатгалын дөрвөн төрлийн баталгаа бий. Тодруулбал, тендерийн баталгаа, урьдчилгаа төлбөрийн баталгаа, гүйцэтгэлийн баталгаа, чанарын баталгаа.
Ялангуяа барилгын салбарт чанарын баталгааны эрэлт нэмэгдэж буй бол үүнд зөвлөх үйлчилгээ хавсаргаснаар гүйцэтгэлийн чанарыг баталгаажуулж, захиалагч талд байршуулсан хөрөнгийг суллах боломжийг бүрдүүлдэг байна. Харин эрх зүйн орчны тухайд 2022 онд холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт орсноор даатгалын байгууллагууд баталгаа гаргах боломж бүрджээ. Ингэснээр санхүүгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн бий болж, худалдааны санхүүжилтийн тогтолцоо илүү өрсөлдөөнтэй, хүртээмжтэй болсон тухай салбарынхан ярьж байна.
Даатгалын баталгаа нь зөвхөн санхүүгийн зах зээлийн “өмч” биш. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хөрөнгийн дарамтыг бууруулах, бизнесийн эргэлтийг нэмэгдүүлэх, төрийн худалдан авах ажиллагаанд чанартай, чадварлаг компаниудыг өрсөлдөх боломжтой болгох, санхүүгийн зах зээлийн өрсөлдөөнийг нэмэгдүүлэх зэргээр нийгмийн бүхий л салбарт хүртээлтэй байж олон талын эерэг үр нөлөөг бий болгож байгааг хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байв. Өөрөөр хэлбэл, итгэлцэлд суурилсан энэхүү санхүүгийн шинэ хэрэгсэл нь цаашид нийгэм, эдийн засгийн тогтвортой өсөлтөд бодит хувь нэмэр оруулах хүлээлттэй байгаа юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн “Тендерийн үйл ажиллагааг ил тод, үр ашигтай болгоход даатгалын баталгааны ач холбогдлыг онцлон "Тендерт оролцохдоо өөрийн гэх хамаг байдгаа банкны барьцаанд тавьдаг. Олон улсын нийтлэг жишгээр банкны барьцаа баталгаанаас илүү үр дүнтэй баталгаа нь даатгалын баталгаа болдог. Манайд даатгалын тогтолцоог маш муу ашигладаг. Тиймээс саад бэрхшээлийг хөнгөвчлөх нэг арга нь даатгалын баталгааг зөвшөөрөх" хэмээн тодотгосон юм. Түүний хэлснээр, хуульд нэмэлт өөрчлөлт оруулж даатгалын баталгааг тендерийн хуулиар хүлээн зөвшөөрснөөр хувийн хэвшил, иргэдийн санхүүгийн дарамт буурч, банкны салбартай өрсөлдөхүйц хямд өртөгтэй үйлчилгээ нэвтрэх боломжийг бүрдүүлжээ.
Энэ талаар "Ард даатгал" компанийн гүйцэтгэх захирал Н.Эрдэнэтулга “Даатгалын зах зээлд 2.3 их наяд төгрөгийн баталгааг гаргах боломж байгаа тул компаниуд дотоод эх үүсвэрээ нэмэгдүүлэх, давхар даатгалын зохицуулалтыг бий болгох, олон улсын туршлага нутагшуулах зэрэг гурван чиглэлээр ажиллах шаардлагатай. 2024 онд 310 аж ахуйн нэгжид баталгаа гаргасан бол өнгөрсөн онд 1300 орчим байгууллагад баталгаа гаргасан нь бизнесийн орчныг дэмжих үр ашигтай жишээ болсон” тухай хэлж байлаа.
Тэгэхээр бизнесийнхэн санхүүгийн эх үүсвэрээ шийдвэрлэхэд тулгардаг бэрхшээлээ даатгалын баталгаагаар “орлуулан” ашиглаж болох нь. Барьцаа хөрөнгийн дутагдалтай асуудалд даатгал гарч ирснээр үйл ажиллагааг нэлээд хөнгөвчилсөн гэдгийг хэрэглэгчид онцолж байна.
Салбарынхан баталгааны зах зээлийн эрэлтийг хангахын тулд эрх зүйн орчныг цаашид боловсронгуй болгох, андеррайтер, шинжээч зэрэг хүний нөөцийг сургах, даатгалын мэдээллийн нэгдсэн сан байгуулах, давхар даатгалын зохицуулалтыг хөгжүүлэх зэрэг зорилтуудыг дэвшүүлж байна. Түүнчлэн гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын байгууллагуудтай хамтран стандарт, аргачлал нутагшуулах шаардлагатайг хэлэлцүүлгийн үеэр илэрхийлэв. Ийнхүү даатгалын баталгаа нь богино хугацаанд зах зээлийн томоохон бүтээгдэхүүн болж, төрийн худалдан авалт болон бизнесийн төсөл хэрэгжүүлэгчдийн санхүүгийн дарамтыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэж эхэлжээ. Аж ахуйн нэгжүүд банкны барьцаа хөрөнгийн хязгаарлалтаас ангижирч, эргэлтийн хөрөнгөө чөлөөтэй ашиглах боломж нэмэгдэж буйг хэлэлцүүлэгт оролцогчид онцолсон.
Тэгвэл даатгагчид баталгааг гишүүдийн хамтын удирдлагын бүтэцээр хэрэгжүүлж буй. 2024 онд даатгалын таван компани 337 баталгаа гаргасан бөгөөд 22.3 тэрбум төгрөг зарцуулжээ. Харин 2025 онд 10 компани 611.8 тэрбумыг 1299 баталгаанд гаргасан байна.
Даатгагчийн баталгааны тогтолцоо нь жижиг, дунд үйлдвэрлэл болон олон төрлийн төсөлд оролцогчдод санхүүгийн баталгаа олгож, эрсдлийг бууруулах замаар хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэхэд чухал үүрэгтэй. Мөн баталгааны төрлүүдийн дүн, хураамжийн харьцаа тогтвортой байгаа нь зах зээлд зөв зохистой тарифтай бүтээгдэхүүнүүд тогтворжиж байгааг харж болох юм. Цаашид эрх зүйн орчныг боловсронгуй болгож, мэдээллийн сан, хүний нөөц, дэд бүтцийг хөгжүүлснээр даатгагчийн баталгааны систем эдийн засгийн хөгжлийг илүү үр дүнтэй дэмжих боломжтой гэдгийг салбарынхан тодотгож байлаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 27. БААСАН ГАРАГ. № 37 (7779)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn