Бичигч бивээр түүнийг танина гэж хэлэхэд хэн нэгэнд андуу санагдаж мэднэ. Сэтгүүлч гэдэг үзэг нэгтэн болохоор бид цөөнгүй жил хамт ажиллаж байсан юм. Бас нэг аймгийн гэдгээр бүр өөр. Гэхдээ л дутуухан мэдэж байснаа саяхан ухаардаг юм.
Цэрэнтулгын Түмэнбаяр гэх эрхмийг "Зууны мэдээ" сонин “Амьдралын тойрог” буландаа урив.
Тиймийн учир эхлээд энэ зохиолч эмэгтэй хэн бэ? гэдэгт хариулт өгөхийг хичээвэй. Ц.Түмэнбаяр тун даруухан “амьтан” Уг нь хийсэн бүтээлийг нь бодоход заримтай жишимгүй. За тэгээд Д.Нацагдорж, С.Буяннэмэхийн нэрэмжит шагналт болон Монголын Зохиолчдын Эвлэлийн нэрэмжит шагнал хүртчихсэн. Нэмээд хэлбэл шилдэг бүтээлийн “Алтан-Өд” шагналын эзэн гэх тодотгол бас бий.
1985 онд Радиогийн зөөлөн дуут хэмээгдэж байсан Бямбажавын Энхтуяатай “Хараацайн жигүүр” номоо “дамжлан” яруу найрагчдын жагсаалд хөл тавин орж ирсэн юм гэдэг. Түүнээс хойш яруу найргийн гурав, хүүрнэл зохиолын таван ном хэвлүүлжээ. Зөвхөн энэ биш тайз дэлгэцийн төрөлд ч өөрийгөө олонтаа сорьсон нэгэн. Уншигч олон Ж.Түмэнбаярыг яагаад сайн мэддэг вэ? гэвэл түүхэн сэдэвтэй тууж өгүүллэгээр нь “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадамд айргийн тавд багтаж байснаар нь гайгүй зохиолч гэж таних болж.
“Утгын чимэг” наадамд нэгэн үе тасралтгүй оролцохдоо арван удаа айргийн тавд “давхисан” Басхүү дөрвөн удаа дэд байрын шагнал авч байв.
Түүнийг богино өгүүллэгийн мастер гэх нь ч бий. Энэ тухай ярихад Ц.Түмэнбаяр “Би уран зохиолын салбарт өөрийн гэсэн байр суурьтай яваа юм байна гэж ойлгосон доо л” гэж хэлнэ лээ.
Цаашлаад “Мэргэнд буусан чоно”, “Мэлмийн гүнд”, “Дөргөнэ хатны алтан зоос” өгүүллэгийн түүвэр зэрэг олон номоороо уншигчдынхаа мэлмийг мялаасан юм билээ.
Тэр манай сонины “Амьдралын тойрог” булан зочноор ирэхдээ “Мөнх тэнгэрийн хөх сүлд” шинэ түүхэн романаа бариад ирж. Нэрийг нь алтан үсгээр бичсэн томоохон ном байна.
Өмнө нь бичсэн өгүүллэг, туужуудын олонх нь түүхийн сэдвийг хөндсөнийг дээр хэлсэн. Тэгвэл энэ шинэ роман нь тэр чигээрээ Юань гүрний үеийн түүхэн бичээс юм.
Тогоонтөмөр хааны үед Хөхтөмөр гэж онцгой жанжин байсан гэдгийг Түмэнбаяр зохиолч олон жилийн өмнө мэдсэн судалсан байдаг.
Эхлээд Хөхтөмөр гэдэг түүхэн хүний тухай “Хөхтөмөр жанжин” нэртэй дуу ч бүтээж дуулуулсан. Бас “Талын хөх чоно” гэдэг дуу нь радиогоор сонсогчдод хүрснээс гадна түүхэн хоёр жүжгийн гол чимэг болжээ.
Зохиолч өөрөө энэ тухай ярихдаа: -Эхлээд Хөхтөмөрийн тухай өгүүллэг бичье гэж зорьсон. Өгүүллэг маань тууж болсон. Тэгэхээр Хөхтөмөр гэдэг хүний амьдрал дэндүү өргөн хүрээтэй учир явсаар роман болсон юм гэлээ.
Романы гол агуулга нь Юань гүрний доройтлын үеийн тухай баримтуудыг өгүүлнэ. Юань гүрэн ямар түүхэн зам туулсан юм бэ? Төр нь ямар байв. Тэр төрд гадны болоод дотоодын тухайлбал, Хан үндэстний нөлөө хэр байв гэдгийг гаргахыг хичээсэн юм билээ.
Энэ тухайгаа ярихдаа зохиолч маань: Би түүхч биш. Гэхдээ романд гарч байгаа түүхэн хүмүүс ихэнх нь. монголчууд байсан. Тэгээд ч тэдний үзэл бодол монголыг монголоороо авч үлдэх зорилготой байж. Романы гол баатар Хөхтөмөрийн амьдралын сүүлийн жилүүдэд Умард Юань улсыг тунхаглаж, Тогоонтөмөр хааны хүү Аюушридарыг хаан ширээнд залах, түүнийг хамгаалах, өнөөгийн Монгол нутаг, их эзэнт гүрний голомтоо Мин гүрнээс хамгаалан үлдэхэд зориулагдсан байдаг. Түүний амь насаа үл хайрлан чин шударгаар зүтгэж ирсний хүчинд бидний Монгол улс бие даан тогтох үндэс болжээ. Хэрэв тэр үед Мин гүрэнд энэ нутгаа алдчихсан бол бид өнөөгийн өвөрмонголтой адил болох байсныг романаас ойлгох болно.
Энэ романд Хөхтөмөрийг Хятадын эртний түүхэнд Ли овогтон гэж бичиж байсныг залруулж жинхэнэ Монгол хүн гэдгийг гаргасан байгаа. Сүүлд археологийн судалгаагаар түүнийг монгол хүн гэдгийг бүрэн баталсан юм шүү дээ.
Аюушридари, Хөхтөмөр нар Хархорумд ирж сууршин Юань нь улстай элчээр харилцаж байхдаа тухайн үеийн ээдрээтэй асуудлыг олонтаа хэлэлцэн шийдвэрлэсэн байдаг. Романыг маань уншсан хүн тэр бүхнийг лавтай ойлгох биз гэлээ.
Ер нь эл романд гарч байгаа үйл явдал нь түүхийн нэлээд гүн рүү орсон болохоор уйдаахгүй, хойшлох тусмаа сонирхолтой болж байв.
х х х
Ц.Түмэнбаярын бичгийн хүн болох сонирхол бүр багаасаа л эхэлжээ. Дунд сургуулийн 6-7 дугаар ангид байхдаа л түүхийн сэдэвт шохоорхож Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол”, Р.Чойномын “Азийн Монгол” шүлгүүдийг байнга цүнхэлж явдаг сурагч байснаа дурсах дуртай.
Хөх Монголын Хөх туг гэдэг номыг олж авсан нь аз нь байв.
Сүүлд Холбооны техникум төгсөх үедээ түүхэн ном зохиолоос бүр салахгүй байх болж. Тиймээс монгол бичгээ сурах нь эрхэм гэсэн бодолтойгоор Архивын газар ажиллажээ. Ёстой л “хүссэн юм хүзүүгээр гэгч”-ээр монгол бичиг, кирил хоёрыг гарчиглаж түүвэрлэдэг албанд тохогдов. Гэхдээ олон сайхан бичгийн хүмүүстэй ойр дотно ажиллаж байв.
Богдын ордны тал бичээч явсан Цэрэнлхам гэдэг эмэгтэйг дагалдан эртний бичиг уншиж сурсан гэж хэлнэ лээ. Уран зохиолд шимтсэн үе нь зохиолч Ц.Цэдэнжав гуайн удирдаж байсан Ажилчны районы утга зохиолын дугуйлангаас эхтэй. Улмаар Зохиолчдын хорооны дэргэд байгуулагдсан яруу найргийн танхимд шилэгдсэн залуусын нэг гэгдэж хоёр жил суралцав. Энэ үеэс уран зохиолд шамдаж “Толгодын шивнээ” гэдэг түүврээ Л.Нарангэрэл, Даваахүү нартай хамтран гаргасан нь эмэгтэй зохиолчдын эгнээг тэлэв. Бас “Удган” гэдэг өгүүллэгийн анхны түүврээрээ уншигчидтайгаа танил болж эхлэв.
Дараа нь “Мэргэнд буусан чоно”, “Согоо суман” “Дөргөнэ хатны алтан зоос” зэрэг тууж, өгүүллэгийн номоо хэвлүүлээд амжив. Олж уншсан түүхэн сэдэв бүхэн нь зохиол болсоор байлаа. Жүжиг ч цөөнгүй бичиж тайзнаа тоглуулж. Хүннүгийн түүхээс сэдэвтэй “Мэргэнд буусан чоно” бүжгэн жүжиг, драмын гэвэл Мөрөөдлийн үзэг гэдэг өгүүллэгээ жүжиг болгон тоглуулж. Ажлын хувьд “Дэлхийн Монголчууд” сэтгүүл, “Ил товчоо” сонинд сурвалжлагч, хариуцлагатай нарийн бичгийн дарга байв. Энэ үедээ зохиол бүтээлээ сонин хэвлэлд бараг завсарлагагүйгээр гаргаж байлаа. “Ардын эрх”, “Засгийн газрын мэдээ” сонины дагуул сонинуудад бүтээлээ гаргаж байлаа. Дараа нь Монголын зохиолчдын хорооны хэвлэл “Утга зохиол урлаг” сонин, “Цог” сэтгүүлд цөөнгүй жил ажилласан нь зохиол бүтээлийн галаа улам өрдөх үүд нь цэлмэсэн юм гэдэг. Энэ үедээ зөвхөн өөрөө бичиж туурвих төдийгүй Монголын зохиолчдын бүтээлийг гадаадын уншигчдад хүргэхэд нэлээд чармайжээ. Унгарт гэхэд Монголын 30-аад зохиолчийн хоёр боть бүтээлийг францад 21 монгол зохиолчийн шилмэл өгүүллэг хэвлүүлэхэд тодорхой гар бие оролцсон байдаг. Бас монгол өгүүллэгүүд ОХУ-д хэвлүүлэхэд оролцжээ.
Ц.Түмэнбаяр зүгээр л бичсэн хийсэн бүхнээ тоолоод суусангүй ээ. Нэг удаа Д.Нацагдоржийн номын сангийн ажилтан Түвшинтогтох хэлж байна гэнэ. -Таны зохиол бүтээл дунд судалгааны ном олон юм байна шүү дээ гэснээр каталоги шүүж үзэхэд үнэхээр тийм байв. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын тэгш ойн номоос эхлээд Дундговь аймгийн 70 жилийн ойгоор гаргасан толь бичиг тус аймгийн зохиолч 250 хүний бүтээлийг багтаасан гурван ботийг их зохиолч Долгорын Нямаа гуайтай хамтарч хийжээ.
Тэгвэл Өндөршил сумынхаа 100 жилийн ойд зориулж бас нэг том номыг голдуу архивын баримт түшиглэн бүтээсэн аж. Энэ номд 1924 оноос эхлээд өнөөгийн нутаг дэвсгэр дээрээ ажиллаж, амьдарч байгаа шил нутгийнхны эрт эдүгээгийн байдал, амьдрал сүрэг малаа өсгөсөн ололт, амжилтыг бүрэн багтаасан юм билээ.
Энэ мэтээр суурь судалгааны зөндөө юм бий гэх. Тэр бүхнийг тоочих нь илүүц биз.
х х х
Харин Түмэнбаяр гэдэг эмэгтэй зохиолч өнөөг хүртэл уул овоо шиг арвин бүтээлтэй яваа нь сайн эцэг эх, хань бүлийнх нь өгөөж гэж бас хэлэх нь зүйтэй болов уу.
Аав Алтангэрэл нь эхний үед лам явсан тал талын авьяас чадвартай нэгэн. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд нутаг орондоо нэртэй эмч явсан, жолооч хүн байж.
Ижий Ц.Цэрэнтулга нь ажилчин. Ах Лувсанбалдан нутаг усандаа ч улсдаа нэртэй аварга малчин байсан юм билээ. Түмэнбаярын хань нь жирийн холбоочин. Тэр хоёр Радио релейны станцад ажиллаж байхдаа гэр бүл болсон байж. Басхүү Ц.Түмэнбаярынхаа бүтээх ажил, зохиол бүтээлийг их дэмждэг нэгэн байсан ажээ. Ц.Түмэнбаярын ярианаас үүдээд дахиад л уран бүтээлийн тухай яриа өрнөхөөс өөр аргагүй юм. Их зохиолч Б.Ринченийн Модун Шаньюгийн тухай “Их нүүдэл” хэмээх роман бий. Түүний араас хоёр дахь бүтээл нь Ц.Түмэнбаярынх байв.
Тэгвэл Ц.Түмэнбаярын бүтээлийн нэг чиг зорилго урьд нь буюу дутуу бичигдсэн түүхийн үнэнийг ил гаргахад чиглэгддэг гэвэл онох юм шиг.
Дээр Хөхтөмөрийг монгол хүн болохыг баталсан тухай дурдсан бий. Түүх хамгийн ээдрээтэй байдаг болохоор засаж залруулах юм их. Үүнд Ц.Түмэнбаяр ямагт санаа зовж ханддаг хүн.
Даангүй Монголын түүхийн ээдрээтэй үеийг 1907-1925 он гэдэг.
Монгол оронд манжийн төр, хэмжээгүй эрхт Богд хаант Монгол улс, Автономитын үе, гамин Бароны үе, Ардын засагт хаант Монгол улс, БНМАУ гэсэн хэд хэдэн төр ээлжилсэн, Д.Намдагийн хэлснээр “Цаг төрийн үймээн”-т жилүүд байжээ.
Ц.Түмэнбаяр лав 100 өгүүллэг бичсэн гэдэг юм. Мөн 50-60-аад шүлэг бичиж, тэднээс нь дуу болсон нь цөөнгүй. “Аз дутсан сугалаа” хэмээх дуу олонд түгсэн дуу. Тэр дууг нэг үе хүн бүхэн аялах янзтай л байж. Анхны клиптэй дуу бас минийх юм шүү дээ гэж Ц.Түмэнбаяр хэлнэ лээ.
Радиод түүний олон өгүүллэг, тууж зохиомжлогдсон байдаг юм. Нэг мэдэхнээ түүний хүрээгүй соёлын нэг салбар нь гэрэл зураг байв. Тэгээд зураг авч эхэллээ. 20 мянга орчим зураг авснаа тоолж үзэв. Голдуу зохиолчдын зураг. Энэ тухай зохиолч маань өөрөө ярихдаа
-Хулангийн тоосонд илжиг жороолно гэдэг юм болж, Түмэнбаяр зураг авсаар. 20 мянгаад зурагтай болжээ. Мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч бас Монголын зохиолчдын их хурлын өмнө “Мөнх тэнгэрийн хөх илд” романыхаа нээлтийн үеэр ерэн зурагтай гэрэл зургийн үзэсгэлэн гаргаад амжсан байх юм.
Яриад л байх нь ээ, Түмэнбаярт би тэрнийг л амжуулж чадсангүй гэх юм бараг үлдсэнгүй гэж болох юм шиг. “Цаана нь юу байгааг мэдэхгүй бол хашаа бүү дав” гэсэн сургаал үг бий. Тэгвэл зохиолч, сэтгүүлч нөхөр маань хүсэл мөрөөдлийнхөө өндөр дээр гарчихаад басхүү “би одоо юу хийх вэ” гэдгээ алхах бүртээ бодсоор л бүтээсээр явна. Ц.Түмэнбаярын тухай нэгээхэн бодохлоор энэ хүн чинь хэдийний хүн юм болоо гэсэн хачин санаа төрөх юм. Гэтэл түүний түүхэн сэдэвтэй бүтээлийг үзэхээр “энэ дэлхийн уул, ус өндийж байх тэр үеийн юм болов уу” гэсэн хачин санаа сэтгэл хөндөгдөх юм.
Хүн амьдралынхаа эрчис дунд хийж бүтээхийн төлөө жаргаж бас зовж он цагийг элээдэг байх юм.
Цаг хугацааг зөвхөн хөдөлмөрч хүмүүс л эзэгнэдэг гэдэг. Тэгвэл амьдралынх олон өнгөтэй бүхнийг зүрхнийхээ цохилтоор хэмжиж хийж бүтээж яваа нэгэн бол Цэрэнтулгын Түмэнбаяр аж. Түүнтэй ярилцаж суухуйд сэтгэлийнх нь ертөнц рүү өнгийх агшинд хуучин юмс шинэ болж, хэзээ ч мартаж боломгүй нандин дурсамжууд нь сэргэж байх шиг санагдав. Түмэнбаяр зохиолчид байгаа нэг нандин чанар бол өөрийн хүсэл тэмүүлэлд хөтлөгдөн хийж бүтээхийн зэрэгцээ улам боловсрохын төлөө хүсэл тэмүүлэл нь бусдаас онцгой юм даа. Түүний нэг жишээ нь Олон улсын эрдэм шинжилгээний хурлуудад түүх судалгааны чиглэлээр олон өгүүлэл бичиж, олон улсын мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлүүлжээ. Тиймээс Ц.Түмэнбаяр зохиолчоос суралцаарай гэж залууст захимаар санагдсан даа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 16. ДАВАА ГАРАГ. № 48 (7790)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn