Л.НОМИНГЭРЭЛ

Орон орны онцлогийг илэрхийлсэн гар урлал, хоол амттан алагласан өдөрлөг ч гэмээр үзэсгэлэн ч гэмээр өвөрмөц арга хэмжээ жил бүрийн намар болдог. Манай улсад үйл ажиллагаа явуулдаг гадаад орны дипломат төлөөлөгчдийн газрынхны тэсэн ядан хүлээдэг, эх орноо сурталчлан таниулдаг энэхүү арга хэмжээг ГХЯ-ны дэргэдэх Эмэгтэйчүүдийн дипломат клубээс жил бүр зохион байгуулсаар өдгөө 24 дэх намраа угтжээ. Уламжлал болсон “Сайн санааны үйлс” олон улсын өдөрлөг өнгөрсөн ням гарагт Улаанбаатар зочид буудлын Их танхимд болж өнгөрөв. 24 дэх удаагийн олон улсын хандивын өдөрлөгт Европын Холбоо, Япон, Энэтхэг, БНСУ, Лаос, ОХУ зэрэг орны Элчин сайдын яамд, Тайландын Өргөмжит консулын газрын төлөөлөгчид оролцсоноос гадна эмэгтэй манлайлагчтай үндэсний бизнесүүд, жижиг дунд үйлдвэрлэгчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид зэрэг 60 орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа танилцуулав.