А.ЦЭЭСҮРЭН

 

“Амьтны ертөнц” буланг Биологийн хүрээлэнгийн” Хөхтөн амьтны экологийн лаборатори”-ийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Энхбилэгтэй хамтран бэлтгэв.

 

ГАЗАР, УСНЫ АМЬДРАЛД ЗОХИЦСОН АМЬТАН

Үен дэлхийн Умард хүйтэн бүсээс, халуун орны ой хүртэл байгалийн аль ч бүсэд нутагладаг газрын амьтан юм. Монгол оронд Хэнтий, Хангай, Хөвгөлийн орчим Монгол Алтайн баруун хойд хэсэгт тархсан байдаг. Манай орны ой мод, хад асгатай газар ихэвчлэн амьдардаг. Үен модонд авирч, усанд сайн сэлдэг. Газар, усны амьдралд ихээр зо­хиц­сон амьтан юм. Голдуу мэрэгч амьтны нүхэнд нуугдаж, хоргодно. Хадны ангалд  орогнох нь ч бий.

 

ТЭД БҮЛЭЭРЭЭ АМЬДАРДАГГҮЙ

Тэд бүлээрээ амь­дар­даггүй. Үр төлийг нь бүсрэг /сөдгий / гэж нэрлэдэг. Нас бие гүйцэхээр эрэгчин, эмэгчин үен гэнэ. Эрэгчин 217-350 гр, эмэгчин нь 122-120 гр жинтэй. Есдүгээр сарын сүүлчээр үржилд орж, зургаан сар хээлээ тээсний дараа хоёроос 12 бүсрэг төрүүлнэ. Бүсрэг төрөхдөө  гөлөг шиг нүд нь аниатай төрдөг аж. Тэрээр 15-20 хоногийн дараа нүдээ нээнэ. Хоёр нас хүрээд үржилд орно.

 

МЭРЭГЧ АМЬТНЫ АНГУУЧ

Өглөө, өдөр, орой ид­шээ хайдаг боловч ихэвч­лэн шөнөөр агнадаг байна. Гол хүнс нь хулгана, зурам, огдой, жирх, зэрэг жижиг мэрэгчдээр хоол­лоно. Мөн жижиг шувуу, загас, хоёр нутагтныг зооглох нь бий. Үр жимсгэнэ, хушийн самар ч иддэг. Тэрээр амьтан барьж идэхдээ их чадамгай ажээ.

 

ҮР ТОГТСОН ӨНДГӨН ЭС ХЭСЭГ ХУГАЦААНД ТАЙВАН БАЙДАГ

 

Үр тогтсон өндгөн эс нь хэсэг хугацаанд хөг­жихгүй тайван байдаг нь сонирхолтой. Эмэгчин үен гурван сартайдаа, эрэгчин үен арай хожуу бэлгийн үйл ажиллагаа нь болов­сордог ажээ. Сөдгий нь хоёр сар орчим эхийгээ хөхдөг. Зулзага нь өсч, томроход 40 гаруй хоног болдог.

 

БЭЛЧЭЭР СҮЙТГЭГЧДЭЭС ХАМГААЛДАГ

Монголд цөөн агнадаг үслэг ан юм. Үен нь ан агнуурын хувьд ашигтай амьтан биш. Бэлчээрийн өвс, ургамал хороодог жи­жиг мэрэгчдийн тоо тол­гойг хязгаарладаг тустай. Гэвч үений хорогдох бол­сон нэг шалтгаан нь хоол хүнс болох үлийн цагаан оготно, жирх, огдойг ихээр устгаснаас тоо толгой нь эрс цөөрчээ.

 

БИЕ БИЕДЭЭ ИСГЭРЧ ДОХИО ӨГДӨГ

Түүнд гэнэтийн аюул учрахад бутанд авирч, хол харайж, усанд сэлдэг болохоор амиа хамгаалж чадна. Бие биедээ исгэрч байгаа юм шиг авиагаар дохио өгч сэрэмжлүүлнэ. Усанд сайн сэлж, хурдан гүйдэг шалмаг амьтан учраас аюул тохиолдлоо ч өөрийнхөө амийг аваад л гарчихдаг.

 

ТЭД ИХ ОЛУУЛАА

Үен  олон төрөл байдаг. Модны, Солонго, Цагаахан, Хотны, Өм­хий, Усны үен гэж бий. Эдгээр нь амьдарч буй бүс нутгаа­саа хамаараад өөрийн онц­логтой. Уулын үен гэхэд хавар, намарт үс нь гууждаг. Өвлийн улиралд өнгө нь шаргал, хэвлий­гээрээ цайвар зүстэй бол­дог. Өвөл нь шар өнгөтэй байснаа зун саарал зүстэй болчихдог. Гэхдээ бүх төр­лийн үенгийн сүүлний үзүүр хар өнгөтэй байдаг.