Т.САЙХАН

Улс төрийн нам, эвслүүд өнгөрсөн шөнө 00:00 цагт багтаан 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодрууллаа. Энэ удаагийн сонгуульд 23 нам, хоёр эвсэл өрсөлдөхөөр Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлж, мөрийн хөтөлбөрөө баталгаажуулсан юм. УИХ-ын сонгууль нь холимог тогтолцоогоор зохион байгуулагдах тул намын нэрсийн жагсаалтаар 48, тойрогт 78 хүнийг тус бүр нэр дэвшүүллээ. Тэгвэл энэ удаагийн сонгуульд нам, эвслийн дарга нар тойрогт өрсөлдөх үү жагсаалтад бичигдэх үү гэдэг асуудал анхаарал татаж байсан юм.    Тэгвэл өчигдөр хамгийн түрүүнд ХҮН-ын дарга Т.Доржханд нарынхаа жагсаалтыг тэргүүлж оролцохоо мэдэгдсэн билээ. 

Тэрээр  "Би Хан-Уул дүүргээс УИХ-д сонгогдсон. Энэ удаа намын даргын хувьд жагсаалтаар нэр дэвшиж, орон нутгаар явж намын гишүүдээ танилцуулна. Намын дарга, цаашлаад Ерөнхий сайд аль нэг тойргийн төлөөлөл бус Монгол Улсын төлөөлөл байх ёстой. Тиймээс бусад намын дарга нар болох Л.Оюун-Эрдэнэ, Л.Гантөмөр нар аль нэг тойргийг төлөөлж болохгүй" гэлээ. 

Түүний араас  "Үндэсний эсвэл"-ийн жагсаалтыг мөн эвслийн тэргүүн  Н.Номтойбаяр тэргүүлэхээ мэдэгдэв.  Тэрээр өмнө нь МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ХҮН-ын дарга Т.Доржханд нар нэг тойрогт өрсөлдөнө гэвэл би бэлэн  хэмээн мэдэгдэж байв.  Харин нэр дэвшилтийн өмнө нжагсаалтад  УИХ-ын гишүүн асан А.Ундраа, Монголын либериал ардчилсан намын дарга асан Д.Пүрэвдаваа нартай хамт багтаж буйгаа мэдэгдэв. Тус эвслээс жагсаалтаар 30, тойрогт 46, нийт 76 нэр дэвшигч өрсөлдүүлэхээр болжээ.

АН-ын дарга Л.Гантөмөрийн хувьд мөн л намын жагсаалтыг тэргүүлж оролцохоо мэдэгдээд байна. Харин эрх баригч намын дарга Л.Оюун-Эрдэнэ тойрогт нэр дэвшиж өрсөлдөхөөр болжээ.  УИХ-ын сонгуулийн зургадугаар тойрог буюу зүүн бүсэд нэр дэвшигчдээ тэргүүлж оролцоно.  Тус аймагт  МАН-аас УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, П.Анужин,  Ерөнхийлөгчийн дүү  У. Отгонбаяр, Л.Соронзонболд, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, ХХААХҮ-ийн дэд сайд  Х.Ганхүлэг нар намын даргатайгаа нэр тойрогт өрсөлдөхөөр байна. 

Эх сурвалж:www.polit.mn