Д.ДАМБАДАРЖАА

Сэтгүүлч, яруу найрагч

/Босго үг/

...Бидний өвөг дээдэс жилийн газрыг сараар, сарын газрыг цагаар товч­лон “нисдэг” гуурст хурдан морьдын тухай ярьсаар... Адуунд минь алтан цээж­тэй, мөнгөн бөгстэй унага төрлөө. Сайн морь эзнээ эрж ирдэг. Хүрэх газарт нь хүргэж, хүний хэлээр ярь­даг гэхчлэн ярилцаж үлгэр домгоо туурвисан түүхтэй... Тийм ээ, морь үгүйгээр Монголчууд бидний буурал түүх бүдгэрэх бөлгөө. Дэл­тэй морьдынхоо дэлэн дээр дэрвэсэн Тэмүүжин, төв Азийн Бурхан Халдун, Онон-Балжийн Дэлүүн Бол­догоос мордож дэл­хийн талыг дагуулсан түүх­тэй билээ. Түүнийг Өүлэн эхтэй нь адилхан бүү­вэй­лэх мэт бөмбөрсөн найман шарга морьд, тэдний уд­мын хүлгүүд, хөлөг баат­руудын унаа болж тоосоо босгож явсаар дэлхий там­галж, туурайн мөрөө мөн­хөлсөн. Энэ монгол морь­дын тамгалсан газар шо­рооноо дэлхийн гурван түм гаруй хүн амтай 30 гаруй улс оршин байгааг түүхчид бичдэг. Бид тэдний дунд давхиж явнам.

 

НАЙМАН ШАРГЫН УДАМТ ХҮЛГҮҮД

Тэмүүжин арав хүрээ­гүй насандаа ааваасаа өн­чирч Өүлэн эх өнчин хэдэн дүү найман шарга морьтой үлдсэн түүхтэйг монгол­чууд төдийгүй дэл­хий мэд­дэг болжээ. Тэгвэл энэ шарга морьдын уусан ус, унаган нутаг хаана байдаг вэ. Энэ тухай тодруулахыг хичээн бодож явдаг сана­лаа уралдуулъя гэж Мон­голын үндэсний “бренд” морьдынхоо замаар явсан тэмдэглэлээ дэлгэюү.

Тэмүүжний төрсөн тоо­нот нутаг Дэлүүн Бол­догоос зүүн хойно Сант­хаан гэдэг овоо тахилгат уул тодрон байдаг. Энэ хайрх­ныг тойрон Агац-Балжийн голууд мяралзаж, Онон мөрөн мишээн урсдаг. Най­ман шарга морьд энд унаган насандаа унгалдан янцгааж байсан гэнэм. Агац-Балж-Онон голууд Тэмүүжний төрж өсөхөөс эхлээд Хамаг Монголыг нэгтгэх хүртэлх бүх түүхтэй холбоотой. 1206 онд Онон мөрний эхэнд эсгий туур­гатны нэгдсэн улс хурал­даж, есөн хөлт цагаан тугаа мандуулаад Тэмүүжинд Чингис хаан-Далай хаан гэсэн цол олгосон тухай Монголын түүхийн тул­гуур боть “Нууц товчоо”-нд гардаг. Үүнийг мушгиж, муруйл­гах зам мөр хаана, хэнд ч байхгүй. Их засаг хуулийн дээр тэнгэр, Чин­гис хоёр л байлаа... Дээр өгүүлсэн Сантхаан овоо­ноос хол гэхэд 20 км хү­рэхгүй га­зарт Онон мөрний урсгалд боогдон, уурласан барс шиг улаа­ран, үрчийж ха­рагддаг асгат хадыг Агац-Балж-Ононгийн бу­риад баавай нар Дадлын­хан “Дэгэн Жигэн” гэдэ.г. Энэ хад олон зуун жилийн олом таслаж хорвоогийн нар салхинд элэгдсэн ч гэсэн этгээд холын түүх хүүрнэх мэт Онон мөрний догшин үерт алгадуулсаар барзгар хүрэн царайлж байдаг. Дэгэн жигний ту­хай эрдэмтэн мэргэд бодол саналаа уралдуулан ярьж бичсээр...

1189 оны тахиа жилийн зун Тэмүүжин хамаг Мон­голоо нэгтгэн төвхнүүлэх санаа бодлын үүднээс, ах дүү мэт анд явсан Жа­мухтай эв эе эвдэрч улмаар дайтсан тухай Нууц тов­чоонд өгүүлдэг. Энд алтан туурт адууны хулгай аюул дагуулдаг. Хулгай хар мөр­тэй ч гэдэг. Жамухын дүү адуу гулсуулах санаархлаас болж Тэмүүжиний дайчдад алагддаг. Үүнээс үүдэлтэй Тэмүүжин Жамух хоёр дайтсайн тухай “Да­лан­балжуудын тулалдаан” гэж бичигдсэн нь түүхэнд бай­гаа. Энэ тулалдааны үеэр Тэмүүжин түр ухарч Онон мөрний Зээрэн хавцалд шурган оров гэсэн нь дээр өгүүлсэн Дэгэн Жигэн гэж би бодном. Түүхийн тэр үеэс улбаалж ирсэн өвгө­дийн үгээр бол хазаар эмээлтэй мянга түмэн хү­лэг морьд хад мэт хантай­раастай, хайрцаг мэт ту­шаастай эзэн баатруудаа ирэхийг хүлээж энд зогсож байсан гэж баавай нар ярилцдаг байлаа. Энэ до­мог мэт түүх үнэн гэж бод­ном. Дайсан этгээдийн замд түүнийг унагах тамын нүх байдаг гэлцдэг. Жаму­хыг амьдаар нь барьж ирэ­хэд Чингис: Чи Чонос ов­гийн залуу дайчдаас минь 70 тогоонд буцалган алж байсан бузар хэргээ мэддэг биз дээ гээд цус гаргалгүй боомилдог. Энэ бол нүгэлт­ний замд нүхэн там байд­гийг нотлох мэт санагдана. Ийм гашуун түүхийг энд дурсахын учир юу байваа гэвэл адуу хулгайлсан хүн арван тамтай гэдгийг са­нуулах гэсэнд оршино.

Амьд “алт” мэт са­нагддаг монгол морьдын­хоо туулсан замын түүхээс тодруулъя. Дэлхийг дон­солгож явсан өвгөдийн маань хүлэг мориороо хүрье гэсэн газраа хүрч, бөөр нь алаг бөмбөрцгийн 12 сая хавтгай дөрвөлжин газар нутаг эзлэн захирч явсан нь Төв Америк, Ка­над, Мексик гээд Амери­кийн нутаг дэвсгэрээс ч том газар байжээ. Персийн түүхч Ата Малик Жүвэйн тал дүүрэн багшрах Чин­ги­сийн морьт цэргийн довтло­ход хөх тэнгэрийг шөнийн харанхуй нөмрөх шиг бол­дог байжээ гэсэн бол Иби-Аль Атирт Лалынхан Чин­гисийн морьт цэргийн дай­ралтаас айж, энэ дайрал­тыг үзэхээс өмнө үхсэн минь дээр байлаа гэж зал­бирдаг. Энэ морьт дайчдын довтолгооныг тэнгэр бурх­ны цааз гэж үздэг байжээ гэж бичсэн. Марко Поло, Чингисийн цэргүүд 10 хо­ног хоол идэхгүй байлдаж чаддаг. Морьдынхоо цус­наас ханаж уугаад ааруул, борцоор хооллож явдаг гэ­сэн нь бий. Британийн нэрт эрдэмтэн Эдварт Гриб­бон Чингис болон түүний залгамжлагчдын гарт ер­төнц доргиж султанууд сэнтийгээ орхин чичирч, хаант улсууд мөхөж байлаа гэжээ. Үүнийг тодруулан түүхийн хуудас эргүүлэхэд 1219 оны туулай жил Чин­гисийн морьт цэргийн дай­чид Хорезмыг эзлэхээр довтлоход 40 түмэн цэрэг­тэй Султан хаан бардамнан таахалзаж, бидний том биетэй тэгээд хурдан араб морьдтой цэргүүдийн дэр­гэд туулай шиг жижигхэн морьдтой монголчууд яаж гүйцэж байлдаж чадхав. Аму-даряа мөрнийг яагаад ч туулж гарч ирж чадахгүй гэсэн. Тэгтэл Монголын морьт дайчид замд тааралд­сан уул давааг тоосруулан давж ус мөрнийг цалгиул­саар хүрч очиход айж зугт­сан Султаан Каспийн тэн­гисийн жижиг арал руу үйж амьсгаа хураасан ту­хай түүхэнд бичдэг. Энэ бол монгол морьдын түү­хэнд үлдээсэн  тод мөр... Чингис хаан “Тэмүүжин” манай “төмөр” морин цэр­гийн довтолгооныг хаах хүч хаана ч байхгүй гэж морьт дайчдаа зоригжуулдаг бай­жээ. Мөн морьдоо өөрийн амь шигээ хайрлаж явахыг дайчин баатрууддаа са­нуулж, мунхаг нэгэн мо­риныхоо толгой руу цохи­вол цаазлах тухай Их засаг хуульдаа тусгаж байв. Тийм ээ. Чингис хааны байлдан дагуулсан түүхийг морьгүйгээр бодож төсөө­лөхийн ч аргагүй юм.  Най­ман шаргын унаган нутаг Хэнтий аймгийн Баян-Дадал сумын буурал түүх­тэй Сантхаан уулсын хор­мойд эр хоёр загал төрсөн гэсэн яриа домог болон үргэлжилдэг.

АМГАЛАН ТӨРИЙН АЖНАЙ ШАРГА

Үе дамжсан домогт өвөг дээдсийнхээ унаж явсан найман шарга морьдынхоо удам судраас ярихын зэрэг­цээ одоо цагийн хурдан хүлгүүдийнхээ талаар омог­шин ярих оргилуун хүсэл монгол хүн бүхэнд байгаа. Адуутай айл бүхэн азаргаараа бахархдаг. Азар­гаа шүтэж, азаргаараа овог­лон манай “Хонгор азаргатай адуу”, “Шарга азаргатай адуу” гэхчлэн ярьж хөөрөлддөг. Азарга адуугаа хамгаалж араатан чонотой тэмцэлдэнэ гээд яриад бичээд байвал их цаас, цаг зарцуулах бөлгөө. Дэлхийд ганцхан “Эрийн гурван наадмаараа” мон­гол­чууд бид бахархдаг. Эцэг өвгөдөөсөө өвлөсөн энэ наадмын  маань түүх намтар ч бас сонин. 1899 он халхын Түшээтхан, Сэ­цэн­хан, Сайн ноён, Засагтхан аймгууд цуглаж Богд гэ­гээнтнээ бат оршил өргөх том наадам хийхэд анх удаа адууны хаан азаргануудаа уралдуулсан түүхтэй. Энэ наадамд 160 гаруй азарга уралдахад Сэцэнханы хээр аазрга түрүүлж Хар дэл бэйс Пүрэвжавын халиун аман хүзүүджээ. Үүнээс хойш жил жилийн наад­маар зургаан насны морь­дынхоо эхэнд азаргаа урал­дуулдаг уламжлал тогтсон юм. Энэ наадмуудад хам­гийн олон түрүүлсэн азарга Өвөрхангай аймгийн Хайр­хандулаан сумын уугуул Эрдэнэбатын Эрдэнэ­чу­луу­ны уяж, уяа сойлгыг нь тааруулж хурдлуулдаг Дунд­говь аймгийн Өлзийт сумын уугуул, “Мон-Уран” компанийн захирал Б.Наранхүүгийн шарга азарга зургаан удаа тү­рүүлж Амгалан төрийн аж­най шарга цол хүртсэн түүхтэй. Ажнай шарга анх 2000 онд шүдлэн насандаа улсад түрүүлж Архангай аймагт болсон “Тамирын хурд” наадамд давхар уяа­тай дахин түрүүлж гараагаа эхэлснээс хойш улс бү­сийн чанартай томоохон уралдаануудад 12 түрүү­лээд дөрөв айрагдсан аж­най хүлэг юм.

Мөн-Уран компанийн ерөнхий захирал Б.Наран­хүү 2011 оны өлзий учрал тохиосон билэгт сайн өдөр өөрийн төрсөн голомт нутаг Дундговь аймгийнхаа төвд амгалан төрийн ажнай шарга азаргаа Ази тивийг гийгүүлдэг алтан нар шиг гялалзаж явах үед нь хө­шөөнд хувилан мөнхжүүл­сэн нь хүлэг морьдоо дээ­дэлдэг Монгол түмнээ баярлууллаа.

Нэгэн үед дэлхийг дон­солгон “доргиож” явсан Тэмүүжин Чингис хийгээд хөлөг баатруу­дынх нь унаа болж явсан найман шаргын удамт морьд ардынхаа цэн­гэл наадамд алтан тоо­соо өр­гөж алдар цолоо дуу­дуулж явсан. Тэдгээрийн дотор амгалан төрийн аж­най шарга шиг улс бүсийн наадмуудад 12 түрүүлсэн хүлэг үгүй билээ. Улсын наадамд дөрөв түрүүлж, гурав айрагдсан Төв айм­гийн Баян сумын уяач Ший­тэрийн зээрд азарга засаг төрийн “Зандан ши­рээ” цол хүртэж байсан бол Төв аймгийн Баян­жар­га­лан сумын Даваацэрэн­гийн хүрэн халзан азарга олон удаа түрүү, айрагт хурдалж  Мөнх төрийн “Мөнгөн шаргай” цол, Төв аймгийн Баянцагааны Мөн­хийн Данзаннямын хүрэн азарга улсад гурав түрүүлж “Ажнай хүрэн” цол хүртсэний дээр Хэн­тий аймгийн Дэлгэрхаан су­мын уяач Сүрэнхорын хээр азарга дааган цагаасаа аймаг, сумуудын наадамд түрүүлсээр 1990 онд Мон­голын их хөлгөн судар “Нууц товчоо” зохиолын 750 жилийн ойд зориулсан анхны даншиг наадамд түрүүлж “Түмэн эх” гэдэг хүндтэй цол хүртсэн түүх­тэй. Дэлхийг шуугиулдаг дэлтэй сум гэлтэй азарга­нууд дэнж хотолзуулан нааддаг монгол түмнийхээ наадамд хурдалсаар, хур­сан түмэн наадамчдаа баясгасаар...

ОНОНГИЙН ХЭЭР

... Тийм ээ. Ононгийн хээр гэдэг нэрээр олон түмний дунд алдаршсан Монгол Улсын тод манлай уяач Д.Ононгийн хээр морь одтой сайхан уралддаг морь­дын нэгэн байлаа. Орлой угшилтай, Сүхбаа­тар аймгийн Уулбаян су­маас гаралтай энэ морь төрийн их баяр наадамд түрүүлж гараагаа эхэлсэн хээр морь монгол орны дөрвөн зүг, найман зовхист болсон том наадмуудад 14 түрүүлж эзэн уяачаа баяр­луулсаар. Алтан-Овооны төрийн их тахилгын их наадамд Зүүн бүсийн том уралдаанд оролцож тоосоо өргөсөөр 2004 онд унаган нутагтаа ясаа тавьж газар шороондоо шингэсэн юм.

ТҮҮХ ӨГҮҮЛСЭЭР

...Ажнай хурдан азарга морьныхоо түүхийг бид “Дэлхийн түүх” намтраас харж судалсаар байна. Тэмүүжин-Чингис түүний хүү Өгөөдэй хааны үеэс үндэс сууриа тавьсан Мон­голын морин өртөө “Дэлхийн шуудан” холбоо­ны хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэснийг түүхчид бич­жээ. Морин дээгүүр довтолгон явуул гэж бич­сэн монгол өвгөдийн “өд­тэй” бичиг яаралтай хүргэх ёстой захианы дугтуйн дөрвөн буланд морины туурай зураад “довтолго” гэж бичдэг байсан нь XIII зууны үеийн захидал ха­рилцааны дэг журам ёсыг хатуу анхааруулдаг байсны баримт болон өргөжсөөр XIX зууныг хүртэл уламж­лагдаж ир­сэн гэж судлаачид үздэг.