М.АНГАР
“Монгол шуудан” компани “Лондон-2012” зуны олимпийн XXX наадамд зориулсан шуудангийн маркийг бүтээснээ зарлалаа. Олон улсын олимпийн хорооноос марк бүтээх тусгай зөвшөөрлийг тус компанид өгсөн юм. Тиймээс хоёр нэрийн марк гарсан нь энэ. Уг марк дээр Лондон хотын алдартай барилгууд, тээврийн хэрэгсэл, алсыг харагч, спортын зарим төрлүүд, Лондонгийн олимпийн наадмын лого зэргийг дүрсэлжээ. Зураач Ч.Бат-Эрдэнэ, дизайнер Б.Дамдинбазар нар урласан энэхүү маркийг Лондон хотноо болох олон улсын маркийн үзэсгэлэнд байрлуулахаас гадна Олон улсын олимпийн хорооны болон Монголын үндэсний олимпийн хорооны музейд хадгалах юм. “Монгол шуудан” ТӨХК хамгийн анх 1964 оны олимпийн наадамд зориулж марк урлаж байжээ. Түүнээс хойш 12 зуны олимпийн наадмын маркийг бүтээсэн байна.