Б.ЗАЯА
Америкийн “LAMB OF GOD” хэмээх хүнд метал рок хамтлагийн дуучин Рэнди Блайт шоронд монгол хэл сурч байгаа гэнэ. Тэрээр өмгөөлөгчдөө хамт хоригдож буй нэгэн монгол хүн түүнд төрөлх хэлээ зааж байгаа талаар ярьсан аж.
Рэнди Блайтыг 2010 онд Чехийн Праг хотод болсон тус хамтлагийн тоглолтын үеэр нэгэн үзэгчийг тайзнаас түлхэн унагасан хэрэгт буруутган өнгөрсөн зургадугаар сарын 27-нд баривчилжээ. Тайзнаас унасан хүн нь тархиндаа хүнд гэмтэл авч, 14 хоногийн дараа нас барсан тул Рэнди Блайтыг түүний үхэлд буруутгаж байгаа юм байна. Харин тоглолтоос болж хүн амиа алдсаныг Рэнди саяхан мэджээ. Рэнди Блайт одоо Праг хотын Панкрац хэмээх шоронд хоригдож байгаа аж. Өмгөөлөгч нь түүнийг шоронд аажмаар дасан зохицохыг хичээж байгаа хэмээжээ. Гэвч Рэнди Блайт ийм зүйлд хутгалдсандаа одоо ч итгэж чадахгүй байгаа аж. Хэрэв Прагийн шүүх түүнийг амиа алдсан эрийн үхэлд буруутай гэж үзвэл 10 жил шоронд хорих ял оноох юм байна.