Орчуулсан Р.ГЭГЭЭ

Кино урлагт амьдаараа домог болчихсон эрчүүд тэмээн тоотой байдаг. 1970-1980-аад онд бүсгүйчүүдийн зүрхний гижиг болж, хатагтай нарыг “намба алдуулж”, нэг шөнийн сая ам.доллар хүртэл амлуулж явсан эр бол Роберт Редфорд. Ингээд эдүгээ 76 насны босго давчихаад залуу хүн шиг харайлгаж яваа Редфордын сүүлд өгсөн нэгэн ярилцлагыг хүргэе.

-Редфорд, та саяхан өгсөн нэгэн ярилцлагадаа кино урлагийн домог байхаас залхаж байна гэж хэлсэн. Үнэхээр дуртай ажлаа орхиод, амар жимэр суумаар байна гэж үү?

-Бурхан өршөөг! Би ийм огт бодоогүй. Амьс­галж байгаа цагтаа ажил­лаж л байх болно. Гэхдээ “Редфорд-домог” гэсэн холбоо үг сонсохоор бүр байж ядаад байдаг юм. Домогт үлдчихвий гэж айхдаа ноднин “Бохир мөнгө” хэмээх кино хүр­тэл найрууллаа. Ирээдүйд ч энэ мэтээр жижиг заль хэрэглэж, амьд яваагаа, арай домгийн шарласан хуудаст орчихоогүйгээ мэдрүүлэх болно. Саяхан би Лондонд явж байтал 50 эргэм насны эрэгтэй, эмэгтэй хоёр намайг харснаа гэнэт эргээд явчихлаа. Би араас нь түргэн алхаад яриаг нь чагнасан чинь “Үгүй ээ, би галзуураагүй ээ. Тэр яг мөн байна аа” гэж эмэгтэй нь хэлж байна. Тэгсэн эрэгтэй нь “Үгүй ээ, би түүнийг үхчихсэн гэж 10 гаруй жилийн өмнө сониноос уншсан шүү дээ. Одоо хуучны кино үзэж суудгаа боль, галзуурах нь байна шүү дээ” гэж хариу шивнэдэг байгаа.

-Тэгээд та тэр хоёр өөрийгөө амьд алхаж явааг хэлээгүй юм уу?

-Яалаа гэж хэлэх вэ дээ. Сүнс болж хүмүүсийг айлгаад яахав дээ /инээв/. Гэхдээ тэр сониныг нь олоод уншчих юмсан гэж их хүссэн шүү. Өвөө минь намайг жүжигчин болгох их дургүй байж билээ. “Чи гадна гяланцаг, дотроо паланцаг болсон хүн болох гээ юу?” гэж загнана. Би зураг зурах дуртай байлаа. Гэтэл аав өөртөө “Чи ядуу зураач болох юм уу? Тэгээд наад зургийг чинь идэж болдоггүй гэдгийг мэдэх үү?” гэж байнга үглэдэг байж билээ.

-За, та тэгвэл домог гэдэг үгэнд их эмзэг ханд­даг юм байна. Тэгвэл 70-80-аад оны секс бэлгэ тэмдэг гэдэг өргөмжлө­лийг хэрхэн хүлээн авдаг вэ?

-Өө, 76-тайдаа ч гэсэн энэ титмийг зүүхээс татгалзахгүй шүү. Тэгээд одоо залуу байхаас минь ч олон бүсгүй намайг анхаарч, эргүүлдэг болсон шүү дээ.

-Тэгвэл та шүтэн бишрэгч бүсгүйчүүдээсээ завхай гэмээр санал хүлээн авч байсан уу?

-Их олон шүү. Нэг хатагтай бүр нэг шөнө хамт байхыг хүсч, сая ам.доллар амлаж билээ. Тэр над руу сая ам.дол­ларын чек явуулаад, уул­зах газраа биччихсэн байж билээ. Би уучлал хүсээд татгалзсан хариугаа илгээ­сэн. Гэтэл хатагтай бүр даварч, татгалзвал жү­жигч­ний амьдралыг минь үгүй хийнэ гэж заналхийл­сэн. Бурхан минь ашгүй тэгж байснаа таг бол­сон доо. Бүсгүйчүүдээс гадна эрчүүд бас их санал тавина. Одоо цагт бол бүр хэцүү байх аа, жүжигчид яаж амьд яваад байдаг юм. Том Круз, Брэд Питт хоёрыг бол шүтэн бишрэгчид нь байнга элдээстэй шүү дээ. Жаахан анхаарал алдвал тэд тасдаад л хаячихна. 1960 хэдэн онд билүү дээ, би санаандгүй явж байгаад анагаахын оюутан охидод танигдчихдаг юм. Тэгсэн тэд “Би танл хайртай” гэж орилоод л дайрчихсан. Би өөрөө хэчнээн хичээгээд гудамжинд нам даруулж, бүр амьсгал авах тэнхэлгүй болж билээ. Тэгсэн ашгүй таксины жолооч хэдэн бүсгүйг татаж салгаж өгснөөр арай гэж босч ирсэн. Тэгэхэд би төдийлөн нэрд гараагүй л залуу жүжигчин байж. Тэгээд бас 1960-аад онд шүү дээ. Одоо бол алах байх аа.

-Та харьцангуй залуу­даа буюу 22 настайдаа гэрлэсэн. Гэлээ ч 27 жи­лийн турш хамтдаа амьд­раад салчихсан. Юунаас болсон хэрэг вэ?

-Лола бол миний хувьд зөвхөн эхнэр биш сэтгэ­лийн минь гол хүн байлаа. Зовлон шаналал, баяр баяс­галанг бид хамтдаа туулсан. Хоёрхон сартай хүүгээ алдчихаад хамтдаа уйлаад сууж байснаа би сайн санадаг. Мөн Нью-Йоркт харш авчихаад тэв­рэлдэн хашгирч байснаа инээмсэглэн дурсдаг. Хамтдаа үнэхээр сайхан байсан ч амьдрал бол амьдрал л юм билээ. Гэнэт л өөрчлөгдөөд ирсэн. Би алдар нэрийнхээ золиос болж, үргэлж хардалт, мөрдөлт, бухимдал дор явах болсон тул яваандаа залхсан хэрэг.

-Та Лолагаас салчи­хаад “Дахиад гэрлэхгүй” гэж зарласан ч гурван жилийн дараа хуримаа хийчихэж билээ...

-Одоо юу ч гэж бичиж болно л доо, гэхдээ би гэрлэхгүй гэж хэлээгүй юмаа. Сибилла бол онцгой хүн. Тэр над дээр 20 жилийн өмнө ирсэн. Бид хоёр Хамбургийн даруухан ресторанд гэрлэсэн.

-Хүүхдүүдтэйгээ ямар­хуу харилцаатай байдаг вэ?

-Холдвол санаад л байдаг юм. Миний хүү Дэвид зохиолч болсон. Бага охин Эми жүжигчин, найруулагч. Гэхдээ миний хувьд хамгийн том жаргал бол миний ач, зээ нар. Би тавын таван ач зээтэй хүн шүү. Зарим нь намайг бүр “Дэлхийн хамгийн хөөр­хөн өвөө” гэж өргөмжил­дөг.

-Ален Делоныг бас хамгийн хөөрхөн өвөө гэдэг юм билээ шүү дээ?

-Өө, бас тийм үү? Тэр залууг бүр мартчихаж. Түүнд ач зээ байдаг эсэхийг мэдэхгүй юм. Уг нь бид чинь нэг үеийн эрчүүд. За яахав, “Хамгийн хөөрхөн өвөө” өргөмжлөлийг тэр авбал аваг дээ. Би аман хүзүүнд нь бичигдэе.