Д.ЖАВХЛАН

Монголын топ спортын төрөлд багтах буудлагынхан Лондоны олимпийн галын шугамд хоёр тамирчинтай оролцсон билээ. Дөрөв дэх олимпдоо сум тавьж буй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар гавьяат тамирчин О.Гүндэгмааг Бээжингийн олимпийн алтан медалийг атгаад алдахад олон хүн харамссан. О.Гүндэгмаа юунаас болж алтан медалийн тавцангаас халтирах болов гэдэг бодох л асуудлын нэг. Тэрээр Бээжингийн олимпийн өмнөх тэмцээнүүдэд амжилттай оролцож спортын мэргэжилтнүү­дийн анхаарлыг татаж чадсан билээ. О.Гүндэгмаа гавьяат форум сайтай Бээжингийн олимпийн галын шугамд финалын шат хүртэл төвөггүй хүрсэн юм. Гэвч бэлэгний бууны ид шидээр авах ёстой алтан медалиа урд хөршийн тамирчинд зүүлгэчихсэн. Хүндээ биш буундаа байсныг манай буудлагынхан мэдэхийн дээдээр мэдэж байгаа.

Учир нь олимпийн өмнө түүнд Германы Вольтер фирм 25 метрийн зайд буудах “SSPЕ” загварын электрон гохтой, мөнгөлөг өнгийн спорт, 10 метрт буудах алтлаг өнгийн хийн гар буунууд бэлэглэсэн юм. “Вольтер” фирмийн төлөөлөгчид “Хийн гар бууг бэлэглэх үеэрээ зөвхөн О.Гүндэг­маад зориулж хийсэн” гэдгээ мэдэгдэж байлаа.

О.Гүндэгмаа гавьяат маань “Вольтер” фирмтэй олон жилийн гэрээ байгуулчихсан учраас энэ олимпийн сонголт нь ч гацдаг “Вольтер” фирмийн гар буу байв. Лондоны олимпод О.Гүндэгмаагийн хувьд бэлтгэл сайн байсан учир алтан медаль уу, мөнгөн медаль уу хэмээн дасгалжуулагч нь ярьж байсан. Гэтэл түүний буу дахин гацаж хагас шигшээгээс хэтрээгүй. Тэрээр олимпийн дараа сэтгүүлчдэд хэлэхдээ “Та нар хараа биз дээ. Ямар тайлбар хэрэгтэй юм” хэмээн зандрангуй аашилж байсныг монголчууд бүгд харсан.

Заавал гацдаг буугаар буудах алба байсан уу гэж асуух хүн цөөнгүй байгаа. Гэвч зардал ихтэй энэ спортыг Монголын төр засаг харж үзэхгүй байгаагаас тамирчид нь амжилтаа олон сая төгрөгийн гэрээнд аргамжуулахаас өөр аргагүй болгосон биз. Үнэхээр л олимпийн алтан медаль авахыг хүсвэл тамирчдынхаа ахуй хангамж, бэлтгэл сургуулилтын болон тэмцээний зардал мөнгийг шийдэж өгдөг болмоор юм даа.