Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга, доктор Б.Одсүрэнг урьж, ярилцлаа.

 

“Монгол Улс усны нөөц багатай орны тоонд багтдаг”

Блиц:

♦ 1991-2001 онд Говь-Алтай аймгийн Бигэр сумын 10 жилийн сургууль

♦ 2001-2005 онд ШУТИС-ийг Химийн технологич, инженер мэргэжлээр  төгссөн

♦ 2005-2006 онд ШУТИС-д Химийн технологич, инженер мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан

♦ 2009-2011 онд Недарланд Улсын ЮНЕСКО-гийн Усны боловсролын хүрээлэнд усны загварчлалын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан

♦ 2014-2016 онд Японы Цукубагийн Их сургуулийн Хүрээлэн буй орчны сургуульд усны чиглэлээр докторын зэрэг хамгаалсан.

♦ 2005 оноос эхлэн ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнд судлаач, эрдэмтэн, нарийн бичгийн даргаар ажиллаж байна.

-Дэлхийн усны өдрийг “Өөрчлөлтийг хурдасгая” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүллээ.  Усаа хэмнэх, хамгаалах асуудлыг хүн бүхэн өөрөөсөө  эхлүүлье гэсэн санаатайгаар энэ жил ийм уриа дэвшүүлсэн болов уу.

Монгол Улсын хувьд усны өдөрт багагүй анхаардаг.  Гэхдээ энэ жил урьд өмнөх жилүүдээс илүү төр засгийн хэмжээнд өндөр ач холбогдол өгч, үр дүнтэй өнгөрүүллээ. Ерөнхийлөгчийн ивээл дор “Цэнхэр алт” чуулганыг зохион байгуулж, устай холбоотой бүхий л байгууллага, эрдэмтэн судлаачид асуудлаа хэлэлцсэн.  Дэлхийн хэмжээнд  ч гэсэн олон улс орон усаа хайрлаж хамгаалах тал дээр анхаарлаа хандуулж,  зарим анхаарал татсан шийдвэрүүдийг гаргаж байна.  1990-ээд оноос хойш зогсонги байсан томоохон усны чуулганыг Нью-Йорк хотноо зохион байгуулж байна.

 Монгол Улсын хувьд усны нөөц багатай орны тоонд багтдаг. Газар нутгийн хэмжээ том, усны нөөц маань харилцан адилгүй энд тэнд тархсан байдалтай байдаг.  Ийм онцлогтой улс орны хувьд усаа хомсдож, бохирдохоос хамгаалах хэрэгтэй. Энэ бол Монгол Улсын иргэн бүрийн үүрэг.  Зөвхөн төр засаг, судалгаа хийдэг байгууллагууд, ТББ-уудын ажил биш юм. Тэгэхээр иргэд маань өглөө босоод, гараа,  шүдээ угаахаас эхлээд усаа хэмнэх шаардлагатай. Ус гэдэг тухайн улс орны стратегийн тэргүүлэгч түүхий эд гэдгийг дэлхийн нийтээр зарлаад хүлээн зөвшөөрчихлөө.  Усгүйгээр хүн төрөлхтөн бараг нэг өдөр ч амьдарч чадахгүй шүү дээ.  Үүнийг нэг үеэ бодоход иргэд маань ухамсарлаж байгаа нь сайшаалтай. Цаашид бид усандаа хандах хандлагаа илүү сайжруулах хэрэгтэй гэдгийг байгаль дэлхий маань ч анхааруулсаар байна.

 

“Усаа хайрлаж, хамгаалах хууль, эрх зүйн орчин бүрдсэн ч хэрэгжилт сул байна”

 

-Монголчууд эрт дээр үеэс усанд хайр гамтай хандаж ирсэн ард түмэн.  Сүүтэй шанага дүрэхээс цээрлэдэг, булгийн эх газарт чанга ярьдаггүй ийм л байлаа бидний өвөг дээдэс. Ингээд зах зээлийн нийгэмд шилжих үед усны асуудал орхигдсон нь ч үнэн. Хариуцсан яам, тамгын газар нь татан буугдаж, судалгаа шинжилгээний ажлууд ч зогссон.  Иргэд маань ч нийгмийн шилжилтийн үед усны асуудлыг анзаарах сөхөөгүй байв.   Ингээд 2000-аад оны үеэс иргэдийн нийгмийн идэвхи нэлээд сэргэсэн. Гэхдээ нэг сонин хандлага гарч ирсэн.  “Хар ус” нэр өгч, “Хар ус харамладаггүй”  гэсэн хайнга, хайрлах сэтгэлгүй бас нэг үе явж ирсэн. Иргэд маань ус гэдэг зүйл шавхагдашгүй гээд ойлгочихсон.    Гол ус руугаа хувцас, машинаа угаах асуудал гаарсан.  Харин сүүлийн үед  бидний усаа хайрлаж хамгаалах уламжлалт хандлага сэргэж иргэд маань усандаа хайр гамтай хандаж эхэлж байгаад судлаачийн хувьд баярладаг.   Төр засаг, судалгааны байгууллагууд маань ч усаа хайрлаж, гамнах чиглэлээр нэлээд дуугарч, сургалт, сурталчилгаа нөлөөллийн ажлууд хийж байна. Хууль, эрх зүйн орчин ч нэлээд сайжирлаа.   Тухайлбал, Монгол Улсын хэмжээнд 29 сав газрын захиргаа байгуулсан.  Сав газрын нэгдсэн менежментийн төлөвлөгөө баталсан. Гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий  хамгаалалтын газарт мөрдөж ажиллах дэглэм гээд хууль эрх зүйн орчин нэлээд сайн бүрдсэн.  Одоо хэрэгжилтийг сайжруулах тал дээр анхаарах хэрэгтэй. Мөн устай холбоотой хуулиуд маань бусад хуулиудтай давхцах, зөрчилдөх асуудал гардаг.  Тухайлбал, голоос тавин метрын зайд аливаа үйл ажиллагаа явуулж болохгүй гээд заачихсан байхад өөр уул уурхайтай  холбоотой ч юм уу хууль эрх зүйн баримт дээр энэ асуудлыг тусгаагүй байх.  Иймэрхүү хуулийн “цоорхой” гэмээр асуудлууд бий.  Үүнийг цэгцлэх хэрэгтэй.

 

“Хойноосоо урагшлах тусам  эрдэс, хатуулгийн хэмжээ нэмэгддэг”

 

-Би усны чанараар мэргэшиж судладаг. Их сургуулиа төгсөөд л ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнд ажиллаж эхэлсэн. 17 жил усны чанартай холбоотой судалгаа шинжилгээ хийж байна.  Хамгийн сүүлд манай ШУА, Хот суурины ус хангамж ариутгал, татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах хороотой хамтран монгол орны нийслэл, бүх аймаг сум, суурин газрын ундны усны чанарын судалгаа хийлээ. Судалгааг 2019 оноос эхэлсэн. 88 үзүүлэлтээр ундны усанд шинжилгээ хийж, мэдээллийг эмхэтгэн, улсын хэмжээнд сан үүсгэлээ. Энэ бол маш өндөр ач холбогдолтой судалгааны ажил болсон.  Миний бие судлаачийн хувьд голлон ажилласан. 

Монгол Улсын гадаргын ус хангайн бүсэд зонхилж байна.  Харин говийн бүс рүү газрын гүний ус хэрэглэж байна.  Хур тунадасын хувьд ч хангайд сайн унадаг. Харин говьд төдийлөн хангалттай хэмжээнд ордоггүй. Үүнээс шалтгаалаад хангай, говьд усны чанар харилцан адилгүй өөр.  Судалгаагаар Монгол Улсын усны чанар хойноосоо урагшлах тусмаа  эрдэс, хатуулгийн хэмжээ нэмэгдэж байна. Энэ нь гол мөрний сүлжээний нягтрал, орж байгаа хур тунадасны хэмжээ, газрын хотгор гүдгэрийн байдал, усанд агуулагдаж байгаа чулуулагтай холбоотой. Гадаргын болон газрын доорх ус хоорондоо харилцан хамааралтай, нэг нь нөгөөгөө тэжээж байдаг.  Гэтэл говьд гадаргын ус байхгүй,  хур тунадас бага унадаг, гүний ус тэжээмжгүй байгаа учраас говийн чиглэлд усны асуудал анхаарал татаж байна. Тэнд усны нөөц чанар муу байгаагаас гадна манай томоохон эрдэс баялгууд төвлөрдөг.  Бид баялагаа ашигламаар байдаг, гэтэл усны асуудалтай нүүр тулж байна.  Хэд хэдэн томоохон төслүүд хэрэгжихээр яригдаж байгаа юм билээ.  Орхон, Хэрлэн, голоос ус татах,  “Хөх морь” төсөл бас яригдаж байгаа.

 

“Улаанбаатар орчмын ундны усанд фторын агууламж бага”

 

-Монгол Улс ундны усны тодорхой стандарттай.  Энэ стандарттай харьцуулж үзвэл, Говь-Алтай аймаг орчмын ундны ус магни, ион өндөртэй. Сүхбаатар, Хэнтийн урд хэсэг, Дорнод орчимд фтор өндөртэй ундны ус хэрэглэж байна.  Сүхбаатар аймаг руу жоншны ордтой учраас түүнийгээ дагаад усны бүтэц өөрчлөгдөж байна гэсэн үг.  Харин хангайн бүс, Улаанбаатар орчимд ундны усанд фторын агууламж стандартаас бага байна. Газар нутгаас хамаарч ундны усны найрлага, чанар харилцан адилгүй.  Энэ нь цаашлаад тухайн бүс нутагт ажиллаж амьдарч байгаа хүний эрүүл мэндэд ч тодорхой хэмжээнд нөлөөлдөг.  Тухайлбал, фтор өндөртэй усыг байнга, удаан хугацаанд хэрэглэвэл хүний ясанд, тэр дундаа хамгийн эхлээд шүдэнд нөлөөлж эхэлдэг.   Фтор стандарт хэмжээнээс бага байсан ч мөн л нөлөөлнө. Дээрх судалгаагаар Улаанбаатар орчимд ундны усанд фторын агууламж стандартаас бага гарсан.  Энэ нь ч мөн иргэдийн шүдний өвчлөлд тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа. Түүнчлэн хатуулаг ихтэй устай газар олон бий.  Хатуулаг ихтэй ус нь шугам хоолойд ашиглахаар тухайн хоолойн түүхий эдийн  насжилтыг багасгадаг. Хувцсаа угаахаар хөөсөрдөггүй, өнгө ордоггүй. Энэ нь эдийн засгийн хувьд ч хохиролтой байна. Хатуу ус хэрэглэх нь бөөр чулуужих бас нэг шалтгаан болдог. Тэгэхээр усны стандарт бус байдал нь хүний эрүүл мэндээс гадна эд материал эдийн засгийн хувьд ч сөрөг нөлөө үзүүлж байна.  

 

“Стандартын шаардлага хангахгүй байгаа усаа цэвэршүүлж, ард иргэддээ түгээх хэрэгтэй”

 

-ДЭМБ-аас гаргасан ундны усны стандарт гэж бий.   Мөн улс орон бүр өөр өөрсдийн ундны усны стандартыг баталж, түүнийгээ дагаж мөрдөж байна.  Дэлхийн томоохон гүрнүүдийн хувьд стандартаа маш сайн хэрэгжүүлж, ард иргэдээ нэг цоргоноос ундны усаар хангаж чаддаг. Стандартын шаардлага хангахгүй байгаа усаа цэвэршүүлж, ард иргэддээ түгээдэг. Манай улсын хувьд ч зарим аймаг, сумдаар цэвэршүүлэх технологи суурилуулаад эхэлсэн.  Биднийг судалгаа хийгээд явж байхад Сүхбаатар аймгийн Халзан суманд гэхэд цэвэршүүлэгч байрлуулсан, стандартад нийцсэн ундны усаа хэрэглэж байна.   Зарим газар нь цэвэршүүлэгч байрлуулсан ч тэр нь ажиллахгүй,  шүүхгүй тохиолдол ч байсан. Тэгэхээр ШУА, Хот суурины ус хангамж ариутгал, татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах хороотой хамтран хийсэн дээрх судалгаан дээр үндэслээд нэгдүгээрт, стандартад нийцэхгүй байгаа ундны устай газруудын ундны усны чанарыг сайжруулах хэрэгтэй. Сүүлийн үеийн технологиудыг нэвтрүүлэх шаардлагатай байна. Мөн тухайн газрууддаа тогтмол мониторинг хийж, хяналт тавьж ажиллах шаардлагатай. Ийм асуудлуудыг эхний ээлжинд судлаачийн зүгээс дэвшүүлж хэрэгжүүлмээр байна.

 

“Улс орнууд усны асуудал дээр тодорхой алхмууд хийсэн.  Бид ч...”

 

-Нийслэлчүүдийн хувьд ундны усаа Туул голын татам дагуу байрлуулсан худгуудаас татаж байгаа.   Усны чанар хяналтыг  Ус сувгийн удирдах газар хариуцан ажилладаг. Нийслэлийн ундны ус фторын агууламж жаахан бага заадаг ч байгалиасаа стандартад нийцсэн цэнгэг, зөөлөн чанартай ус хэрэглэж байна. Энэ талаараа бид азтай хүмүүс.  Тэгэхээр цаашид стратегийн гол түүхий эд болсон усаа хайрлах, хойч үедээ бохирдолгүй ус үлдээхийн төлөө одооноос ажиллах шаардлагатай байна. Саарал усны хэрэглээний талаар бид маш олон жил ярьж байгаа ч хэрэгжүүлж чадахгүй байна.  Манайх шиг цэнгэг усаараа машинаа угааж, 00-доо татдаг улс байхгүй. Би өмнө нь Недарланд, Япон улсад суралцаж байлаа.   Нэлээд устай газрууд. Недарланд бол усан дээрх хот, усан доорх инженерийн барилга байгууламжаар дэлхийд алдартай.  Харин Японы хувьд далайгаар хүрээлэгдсэн, хар салхи дэгдэх зэрэг асуудал байдаг ч тэд ундны усаа маш гайхамшигтайгаар шийдэж чадсан.   Далайн усаа шүүж ундандаа хэрэглэж байна.  Мөн саарал усны технологиор ямар ч усыг ундны усны хэмжээнд цэвэршүүлж чадаж байна.  Энэ мэтчилэн дэлхийн улс орнууд усны асуудал дээрээ хөгжил дэвшилтэй алхмууд хийж байхад бид ч хөдлөх хэрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 27. ДАВАА ГАРАГ. № 61 (7046)