Говь-Алтайчууд малын түүхий эд боловсруулах үйлдвэртэй болно

0
хуваалцах
95
үзсэн

П.АМГАЛАНБАЯР

 

Монголын баруун өмнөд хэсэгт орших нийслэл хотоос 1000 гаруй км   зайд алслагдсан Говь-Алтай аймагт малчдын зөвлөгөөн боллоо. Говь-Алтай аймаг нь 58 мянган хүн амтай бөгөөд үүний найман мянга  гаруй нь малчин өрх байна. Зөвлөгөөнд аймгийн удирдах ажилтнууд болон 18 сумын 88 багаас 3000 орчим малчин цуглаж нутгийнхаа ирээдүйн хөгжил, гарц шийдлийн талаар  санал  бодлоо хуваалцсан юм. 

"Алтайн хөгжлийн шийдэл гарц"  малчдын зөвлөгөөн нь Монголд анх удаа зохион байгуулагдаж буй өргөн цар хүрээг хамарсан  малчдын уулзалт гэдгээрээ онцлог байв.

 

300 ямааны ноолуурыг есөн сая бус 49  сая төгрөгөөр үнэлэх боломжтой 

 

Энэхүү чуулга уулзалт нь "Малын эзэн үйлдвэрийн эзэн болж чинээлэг сайхан амьдаръя" уриан дор болж өндөрлөсөн юм. Чуулга уулзалтын үеэр тус аймгийн засаг дарга О.Амгаланбаатар малын гаралтай  түүхий эдийг анхан болон дахин боловсруулах үйлдвэрийг байгуулах. Мөн эдийн засгийн  үр ашгийг  нэмэгдүүлж, малчдын орлогыг дэмжих  гэсэн сэдвийн хүрээнд иргэдтэйгээ санал бодлоо хуваалцсан юм.

Сүүлийн үед  малын түүхий эд үнэгүйдэх нь малчдын шийдэх тулгамдсан асуудлын нэг болжээ. Үүнийг хэрхэн шийдвэрлэх тухай олон талын саналыг уулзалтын үеэр хөндөж байв. Ингэхдээ хоршоо, нэгдэлжих хөдөлгөөний сайн тал дээр тулгуурлаж,  малчид үзэл бодлоороо нэгдэж малын түүхий эдийг боловсруулах  үйлдвэр, компани нутагтаа  байгуулах нь тэнд цугласан гурван мянган малчдыг нэгэн дээвэр дор цуглуулсан зорилго юм. Малын түүхий эдийг боловсруулах үйлдвэр барихдаа эдийн засгийн асуудлаа малчид хамтран шийдэж, өөрсдөө компаниас хувьцаа эзэмшин, үнэгүйдэж жалганд хаягдаж буй малын түүхий эдийг орлогын эх үүсвэрээ болгох боломжтойг аймгийн засаг дарга О.Амгаланбаатар  онцоллоо. Ямааны ноолуурыг гар дээрээс худалдаалахгүйгээр малчид өөрсдөө боловсруулах нь эдийн засгийн ямар ашиг, үр өгөөжтэй талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Тэрбээр "Говь-Алтай аймаг дунджаар 1.8 сая ямаанаас 700 гаруй тонн ноолуур самнаж 90-110 мянган төгрөгөөр зарж байна. Ноолуурыг боловсруулж буюу угаахад манай аймгийн ноолуур 68-70 хувийн гарцтай байдаг. Энэ нь нэг кг ноолуур угаахад ойролцоогоор 700 грамм болно гэсэн үг. Үүний зах зээлийн үнэ нь 160.000. Харин ноолуурын нэг шугам 100 мянган ам.доллар буюу 350 орчим сая төгрөг байдаг. Харин нэг самнадаг машин 10 мянган ам.доллар. Цаашлаад энэ шатны боловсруулалтыг  өөрсдөө хийснээр цамцаар жишээ татахад  нэг кг ноолуур  468.000 төгрөг  болох боломж байгаа юм. Жишээлбэл, 300 ямаатай өрх 105  гаруй кг ноолуур самнах боломжтой.   Уг ноолуураа зах зээлийн үнэ буюу  90 мянган төгрөгөөр худалдвал есөн сая төгрөг болно. Харин  малчид өөрсдөө боловсруулалтад оруулж  угаавал  16 сая төгрөг, самнавал  22 сая, утсаа ээрвэл 24 сая, цаашлаад бэлэн бүтээгдэхүүн болговол 49 сая төгрөг болох боломжтой. Харин  хонины үнэ дунджаар 150 мянган төгрөг байдаг.  Жижиглэж зарвал 200, шулаад зарвал  215 мянган төгрөг болох боломжтой" гэлээ.

 

"Дотоодын нийт бүтээгдэхүүний  54.3 хувийг хөдөө аж ахуйн салбар эзэлдэг"

 

Харин тус аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Т.Сүхбаатар "Говь-Алтай аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний  54.3 хувийг хөдөө аж ахуйн салбар дангаараа эзэлдэг. Цаашид хөдөө аж ахуйн салбар болон мал аж ахуйн салбараас үйлдвэрлэж байгаа түүхий эд, арьс шир, ноос ноолуурын үнэ өртгийг хэрхэн нэмэгдүүлж, нутгийнхаа онцлогийг хэрхэн  бий болгох вэ. Малчиддаа нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүнийг хэрхэн хүргэх вэ гэдэгт энэ зөвлөгөөний гол зорилго оршиж байгаа" гэв.

Говь-Алтай аймгийн хөдөө аж ахуйн салбараас гарч байгаа нийт бүтээгдэхүүний дийлэнх хувийг  ямааны ноолуур эзэлдэг байна.  Энэ тухайд "Ямааны ноолуур Говь-Алтай аймгийн хэмжээнд  сүүлийн хоёр жилийн статистик тоог авч үзэхэд  90-110 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Энэ нь ноолуурын үнэ өсөж байгаа мэт боловч бараа  бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа учраас  дагаад ноолуурын худалдан авах чадвар буурч байна. Тиймээс төрийн оролцоо зохион байгуулалт гэхээс илүү малчид орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэх, компани, хоршоо, нөхөрлөлийн зохион байгуулалтад орж цаашаа  эцсийн бүтээгдэхүүн хийтэл хөдөлмөр, хөрөнгө мөнгөө хоршиж ажиллах тал дээр  малчдын санаа бодлыг сонслоо.  Малчид сумандаа очоод дахиад хэлэлцүүлэг зохион байгуулж,  цаашдаа хоршиж түншлэн ажиллахын тулд аймагтаа, сумандаа түүхий эд боловсруулах үйлдвэртэй болох нь зөв гэсэн шийдэлд хүрвэл бид энэ ажлыг төр засаг, аймгийн хэмжээнд бодлогын түвшинд хэлэлцэх юм. Ингэснээр  малын түүхий эдийг боловсруулах үйлдвэрийг 2-3 жилийн  хугацаанд ашиглалтад оруулах зорилгод нэгдэж  уг малчдын зөвлөгөөнийг зохион байгуулж байна" гэдгийг хэлж байв.  Тус хэлэлцүүлгийн үеэр зөвлөгөөнд оролцож буй малчдын санал бодлыг  сонссон юм.

 

Б.Мулч: Одоогийн нийгэмд мал маллахад хот хөдөөгийн ялгаа байхгүй

Говь-Алтай аймгийн  хошой аварга малчдын нэг Халиун сумын ахмад малчин Б.Мулч 1000 гаруй  тоо мал маллаж буй. Тэрбээр “Аймгийнхаа хөгжлийн гарц, шийдлийн талаар ярилцахаар  цуглацгаасан нь сайн хэрэг.  Малчид өөрсдөө үйлдвэрийн эзэн болж ажиллана гэдэг  зөв санаачлага юм. Хөдөө орон нутагт залуу малчид дутагдалтай байна. Залуу малчдаа өвөг дээдсийнхээ мал маллах арга, өв соёлыг уламжлаад яваасай гэж боддог. Одоогийн нийгэм мал маллахад хот, хөдөөгийн ялгаа байхгүй  болжээ. Хэрэв  малчид үйлдвэртэй болвол залуу малчдаа татах нэг хөшүүрэг болно” гэв.

 

Б.Соёлмаа: Малчид түүхий эдээ өөрсдөө үйлдвэрлэх боломжтой

Малын түүхийн эд үнэгүйдэж байгаа үед ач холбогдолтой ихтэй малчдын зөвлөгөөн болж буйг Говь-Алтай аймгийн Улсын сайн малчин, аймгийн аварга саальчин Б.Соёлмаа хэлж байсан юм. Тэрбээр “Малаас гарч буй түүхий эд үнэгүйдэж бусад зүйлийн  үнэ нэмэгдэж байна. Сүү, мах, арьс шир гээд бүх түүхий эд нь малчдад бий. Тиймээс үүнийгээ үнэгүйдүүлж орхих биш зөв ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулах нь малчдад дэмжлэг болж буй том хөшүүрэг юм. Малчид түүхий эдээ өөрсдөө үйлдвэрлэх боломжтой гэж харж байна. Тиймээс малчид хоршиж, хамтраад ажиллах хэрэгтэй. Манай гэр бүлийн тухайд голдуу ингэний саалиар үзэсгэлэн худалдаанд оролцдог учраас   ингэний сүүг боловсруулбал зүгээр юм болов уу гэж  харж байна. Сүү бол  малдчын гол түүхий эдийн нэг. Бид уламжлалт аргаараа олон төрлийн бүтээгдэхүүн хийдэг” гэлээ.

 

Залуу малчин Э.Нямдаваа: Арьс ширний үйлдвэр барих хэрэгтэй

Говь-Алтай аймгийн Дарви сумын Эгц нуур багийн залуу малчны төлөөлөл Э.Нямдаваа “Малын үнийг тогтворжуулах хэрэгтэй. Өнөөдөр нэг мал нэг шуудай гурилны үнэд хүрэхгүй байна. Мөн залуу малчдыг дэмжих тал дээр анхаарч ажиллахыг хүсэж байна. Малчид нийлж  малын түүхий эдээ боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг дэмжиж байна. Мөн эхний ээлжинд арьс ширний үйлдвэр баривал зүгээр юм болов уу. Миний хувьд мөн багаа төлөөлж үйлдвэрийн ажлын  хэсгийн 88 хүний  бүрэлдэхүүнд багтаж ажиллахаар болсон” гэсэн юм.

 

Малдчын 99 хувь нь үйлдвэртэй болохыг дэмжив

 

"Алтайн хөгжлийн шийдэл гарц"  малчдын зөвлөгөөний үеэр малчдаас  хэд хэдэн судалгаа авсан юм. Судалгааны эхний дүнгээр бусад малчидтай хамтран  аймагтаа мал аж ахуйн  бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр байгуулахыг малчдын 99 хувь нь дэмжив. Харин мал аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрээс сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрийг 43 хувь, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрийг  дэмжиж байгаа 58 хувь, арьс ширний  үйлдвэрийг дэмжиж  буй 72.38, ноос ноолуурын үйлдвэрийн дэмжиж зөвлөгөөнд оролцсон малчдын 77  хувь нь санал өгсөн юм. Харин ямар хэлбэрээр хувь нийлүүлж оролцох вэ гэсэн судалгаанд бусад  хэлбэрэээр  14 хувь, бэлэн мөнгөөр  17 хувь, малаар хувьцаа эзэмших хүсэлтэй 43 хувь, арьс шир ноос ноолуураар хөрөнгө оруулахыг 52 хувь нь дэмжсэн байна.  Зөвлөгөөнд оролцсон малчдын  90 гаруй хувь мал болон,  малын гаралтай бүтээгдэхүүнээ өгөөд хувь эзэмших хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Энэ үеэр аймгийн засаг дарга О.Амгаланбаатараас түншлэл бүхий хэлбэрээр малын түүхий эдийг  боловсруулах үйлдвэр байгуулах нь ямар ач холбогдолтой. Цаашлаад  ажиллах хүчийг хэрхэн хангах вэ гэсэн зарим асуултад санал бодлыг нь хуваалцлаа.

 

О.Амгаланбаатар: Малын түүхий эдийн үйлдвэр байгуулах нь хөдөө аж ахуйн салбарт томоохон өөрчлөлт болно

-Манай улсад хэд хэдэн малчдын хоршоо үйл ажиллагаа явуулж байгаа  ч малчиддаа үйлчилж,  хөгжүүлэх тал дээр ямар ч санаачилга  гаргаж ажиллахгүй байна. Зөвхөн ноос ноолуур, сүүний урамшуулал  гэсэн  байдлаар дэмждэг. Малчид нэгдэж, түншилж орон нутагтаа хувьцаат компани байгуулж малын түүхий эдээ боловсруулах нь Монголын хөдөө аж ахуйн салбарт эргэлт, хувьсгал,  өөрчлөлт болох юм.  Зөвлөгөөнд оролцсон малчид 99 хувийн саналтайгаар үйлдвэртэй болохыг дэмжлээ. Малчид маань хурдан ажил болгоё, дайвар бүтээгдэхүүний үйлдвэрээс эхэлье гэсэн саналыг хэлж байна.  Нэг малчин өрх 50-100 малаар нийлээд ажлаа эхлүүлэхийг  малчдын 40-50 хувь нь дэмжиж байгаагаа илэрхийллээ. Гэхдээ тооцоо судалгааг сайн гаргах хэрэгтэй. Эхний ээлжинд аль үйлдвэрээ баривал  бидэнд ямар ашиг авчирч, ногдол ашиг хэзээ ирэх  вэ гэсэн тооцоо судалгаагаа эрдэмтдийн багтай гаргана.  Малчид маань малаа өсгөхийн тулд  ямар их хөлс хөдөлмөр, хичээл зүтгэл гаргадаг билээ. Тиймээс алхам бүртээ няхуур хандах  хэрэгтэй.

Сум бүрийн бүх багаас нэг  хүний төлөөлөл бүхий 88 хүний  ажлын хэсгийг байгуулсан. Мөн ажиллах хүчний хувьд  манай аймгийн нийт 8000 гаруй мянган малчны 10 гаруй мянган залуус байна. Тиймээс бидний хувьд нэгдэж нийлэх санаачилга байхад бусад нь ямар ч  саадгүй явах боломжтой. Уг үйлдвэр баригдсанаар бэлчээрийн  даац, ажлын байр, малчдын орлогыг цогцоор шийдэх алхам болох юм. Үйлдвэр явуулахад тулгардаг асуудлын нэг бол хаврын цагт түүхий эдийн хомсдол. Жишээлбэл, ноос ноолуурын үйлдвэрийн хувьд хавар түүхий эдээ худалдаж авах эх үүсвэр нь хүндрэлтэй байдаг бол үйлдвэрийн эздэд түүхий эд нь өөрсдөдөө байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газар, УИХ энэхүү санал санаачлагыг дэмжинэ гэдэгт  огт эргэлзэхгүй байгаа. Бусад аймаг  мөн  орон нутагтаа ажил хэрэг болговол Засгийн газраас явуулж байгаа үйлдвэржилтийн бодлого ажлын байр нэмэгдүүлэх, нийслэлийн хүн амын төвлөрөл, иргэд ажлын байраа дагаад орон нутаг руу шилжих  гэсэн асуудал шийдэгдэх боломжтой гэж харж байна.

 

"Казахстан улсаас хамтарч ажиллах санал ирүүлсэн"

 

3000 малчин чуулсан танхимд  мөн тус аймгийн брэнд бүтээгдэхүүн болох  төрөл бүрийн цагаан идээ, эмийн ургамлыг дэлгэсэн байлаа. Энэ нь  малчид гар доорх малын түүхий эдээ хэрхэн өргөн цар хүрээтэй үйлдвэр болгон  зах зээлд нийлүүлэх боломжтойг танилцуулж буй гэдгийг холбогдох албаныхан хэлж байсан юм. Малын сүүгээр 11 нэр төрлийн бүтээгдэхүүнийг боловсруулан зах зээлд гаргаж буй нэгэн бол  Говь-Алтай аймгийн иргэн "Энх таян" компанийн захирал Р.Санжжав юм. Тэрбээр 2013 онд анх чипсэн ааруулыг санаачилж брэнд болгосон.  Дараагаар нь дундаа шоколадтай чипсэн ааруул, жимстэй  үрлэн ааруул хийж эхэлжээ. Үүнээс хойш тасралтгүй 10 гаруй жил  энэ салбарт ажиллаж 16 хүнийг ажлын байраар хангаад байна. Тус компанийн онцлог нь  ааруулдаа ямар нэгэн өнгө оруулагч бодис ашиглахгүйгээр  хармаг, зэрлэг чацаргана, нэрс  гэсэн байгалийн жимсийг орцондоо ашигладаг аж. Түүнчлэн Казахстан улс руу бүтээгдэхүүнийхээ дээжийг явуулахад хүмүүс их сонирхсоноос гадна хамтарч ажиллах санал ирүүлсэн байна. Тиймээс удахгүй Казахстан улсыг зорих гэж буйгаа хэлж байсан юм. Тус компанийн хувьд үйлдвэрлэл хэчнээн удаа явж байсан ч эрүүл эко бүтээгдэхүүн хийх зорилго тавин ажилладаг аж. Мөн бүтээгдэхүүнийхээ сав баглаа боодлыг Улаанбаатар хотоос авдаг байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 23. ЛХАГВА ГАРАГ. № 228, 229 (6960, 6961)