Б.ДОЛЖИНЖАВ

Швед улс өнгөрсөн оны арваннэгдүгээр сард түүхэндээ анх удаа эмэгтэй ерөнхий сайдтай болж, дэлхийн эмэгтэй удирдагчдын тоо нэгээр нэмэгдсэн байдаг. Тиймээс энэ удаагийн “Амжилтын түүх” буландаа бид Шведийн анхны эмэгтэй ерөнхий сайд Магдалена Андерссоныг онцолж, түүний улс төрийн замнал, удирдах арга барил хийгээд боловсролын талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.

Улс төрийн замнал

Улс төрч, эдийн засагч, Шведийн анхны эмэгтэй Ерөнхий сайд  Эва Магдалена Андерссон 1967 оны нэгдүгээр сарын 23-нд төржээ. Өнгөрсөн оноос Социал Демократ намын даргаар ажиллаж эхэлсэн Андерссон намынхаа Залуучуудын холбоонд 1983 онд элсэж байв.

Ийн 1996-2006 онд Ерөнхий сайдаар ажиллаж байсан Горан Перссоны Засгийн газарт зөвлөх, төлөвлөлтийн захирал, Социал Демократ намын даргаар ажиллаж байсан Мона Сахлины зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай.

Ийм арвин туршлагатай түүнийг Стефан Лёфвен Засгийн газрынхаа Сангийн сайдаар 2014 онд томилсон байдаг. Энэ хугацаандаа маш сайн ажилласан учир Стефан Лёфвеныг өнгөрсөн оны наймдугаар сард огцрох тухайгаа зарлахад олон хүн Андерссоныг дараагийн Ерөнхий сайд болно хэмээн таамаглаж байв.

Энэ таамаглалын дараахан Магдалена Андерссон Социал Демократ намынхаа дарга болсон билээ. Намын дарга болоод удаагүй байхдаа буюу 2021 оны арваннэгдүгээр сарын 30-нд Шведийн анхны эмэгтэй Ерөнхий сайд болж улсынхаа улс төрийн түүхэнд шинэ салхи сэвэлжүүлж байлаа.

Хувийн амьдрал, боловсрол

Андерссон айлын ганц хүүхэд. Аав нь Уппсалагийн их сургуулийн тооцоолон бодох чиглэлийн лектор, ээж нь багш. Сэхээтэн айлын ганц охин Андерссон хүүхэд байхдаа усанд сэлэлтийн дээд зэрэглэлийн тамирчин байжээ. Үүнээс гадна онц сурлагатан сурагч байж.

Тэрбээр Стокгольмын Эдийн засгийн сургуульд эдийн засагч мэргэжлээр магистрын зэргээ хамгаалсан. Тус сургуульдаа доктороор суралцсан ч төгсөөгүй. Учир нь доктороор суралцах хугацаандаа Харвардын их сургуульд суралцахаар явсан байна.

Удирдагч, манлайлагч эмэгтэй

Мөн Андерссон Олон улсын валютын сангийн Захирлуудын зөвлөлийн бодлогын анхан шатны зөвлөх хорооны даргаар гурван жилийн хугацаанд ажилласан. Энэ албыг хашсан арав гаруй жилийн дараах анхны Европ, тэр дундаа эмэгтэй хүн болж байлаа.

Гэвч тэрбээр хэдхэн хоногийн өмнө болсон Шведийн бүх нийтийн сонгуулиар нам нь олонх болж чадаагүй учир огцрох хүсэлтээ өгөөд байна. Гэхдээ Андерссон одоогоор Шилжилтийн Засгийн газрын ерөнхий сайд хэвээрээ байгаа юм.

Эх сурвалж:www.polit.mn