Б.БАЯРЖАВХЛАН

Монголчууд бид түүхийн амаргүй цаг хугацааг туулж өнөөгийн энх цагтай золгожээ. Их хэлмэгдүүлэлтийн үе буюу 1937 он бол Монголын олон сүм хийд, үүх түүх, эрдэмтэн, мэргэдийг устгасан харамсал дагуулах он цаг. Тэгвэл энэ үед өөрийн хар амийг бодолгүйгээр өргөсөн тангарагтаа үнэнч байж, тахилчийн албыг нэр төртэйгөөр авч үлдсэн эрхэм хүндэт хүн бол Д.Данзанравжаагийн зургаа дахь үеийн тахилч Г.Түдэв юм.

Дорнын их соён гэгээрүүлэгч Д.Данзанравжаа эрдэм, оюуны агуу үйл хэргээ өөртэйгөө хамт төгсгөл болгохыг хүссэнгүй. Тиймээс өөрийн хамгийн отгон шавь Балчинчойжоогоо өөрийн бүх өвийг авч явах тахилч болгон тангараг өргүүлсэн байна. Д.Данзанравжаагаас отгон шавь Балчинчойжоо нь “Өөрөөсөө хойш тахилч болох хүнийг яаж би таних билээ” гэхэд “Чам дээр байгаа тал саран тэмдэг үеийн үе дэх тахилчийн тэмдэг болог” гэсэн байдаг. Ар нурууных нь голд байрлах атгын чинээ саран тэмдэгтэй холбогдсон Балчинчойжоогийн удмынхан Тахилч хэмээх үйл хэргээ үл тасалж, үнэнчээр зүтгэж өнөөдрийг хүржээ. Тодруулбал, Балчинчойжоо нь хутагт Д.Данзанравжаагаас хойш түүний эд зүйлсийг бунхан хэлбэрээр хамгаалан авч үлдэж хүү Ган-Очиртоо өгч Ган-Очироос Наряад, Наряагаас Онгоод, Онгоо нь хүү Гомбод, Гомбо нь хүү Түдэвт, Түдэвээс зээ хүү Алтангэрэлд, Алтангэрэлээс хүү Алтан-Очирт гэсээр хүүгээс хүүд өвлөгдөн иржээ.  Энэ бол Говийн догшин ноён хутагт Д.Данзанравжаагийн эд хэрэгслийг бүрэн бүтэн байлгах тангараг өргөсөн тахилчдын удам юм. Тэгвэл "Зууны мэдээ" сонин энэ удаагийн "Удмын бахархал" буландаа тахилч Г.Түдэв, З.Алтангэрэл, А.Алтан"Очир нарыг онцоллоо.Найм дахь үеийн тахилч А.Алтан-Очир өвөг дээдсийнхээ тухай юу гэж дурсан ярьсныг сийрүүлэн хүргэе.

 

Өвөөгийн дурсамж

Г.Түдэв эхнэр Сэржмядаг, хүргэн Зундуй, охин Дүгэрсүрэн нарын хамт. Г.Түдэвийн өвөр дээр суугаа хүү бол долоо дахь үеийн тахилч Алтангэрэл юм.

Гомбын Түдэвийн талаар мэдэх хүмүүс цөөхөн. Түүнийг малчин байсан талаар л тухайн үеийн хүмүүс мэддэг байж. Мөн тахилчийн тухай тахилчид л мэдэх нууц зүйлс гэж байдаг байна. Түүнийг задруулахгүй байх хатуу тангарагтай байдаг ажээ. Тиймээс А.Алтан-Очир өвөөгийнхөө тухай зарим зүйлсийг нууц  хэвээр үлдээсэн юм.

Гомбын Түдэв 1912 онд  дөрвөн хүүхэдтэй айлын гурав дахь хүү болон мэндэлжээ. Түүний аав Гомбо нь Д.Данзанравжаагийн тав дах үеийн тахилч байжээ. Г.Түдэвийн хувьд ар нуруундаа алга дарамхан газар тал саран тэмдэгтэй тахилчийн удмыг залгах хүү болон мэндэлсэн нь энэ билээ. Тахилчийг таван нас хүртэл эрхлүүлж түүнээс хойш 25 нас хүртэл тахилчийн эрдэм буюу Тавдугаар ноён хутагт Д.Данзанравжаагийн эд хэрэгслийг хэрхэн авч явах талаар заадаг байна. Мөн шуналын сэтгэлгүй, сэтгэлийн хаттай нэгэн болгон хүмүүжүүлж 25 насандаа тахилчийг бүрэн гэгээрдэг гэж үздэг байжээ.

1937 оны их хэлмэгдүүлэлт Г.Түдэвийг тойрсонгүй. Тэрээр дөнгөж 25 нас хүрч шинэхэн тахилчийн албыг авсан үе байв. Тиймээс Г.Түдэвийн хувьд илүү хариуцлагатай байх цаг үетэй нүүр тулав. Энэ талаар яруу найрагч Г.Мэнд-Ооёо “Гэгээнтэн” романдаа ийнхүү дүрсэлсэн байдаг.

-Захан дээрээ олон алтан шоргоолж тэмдэгтэй, дэрэвгэр ногоон малгайтай, ташаандаа нагаанбуу зүүсэн хоёр дарга ирээд хамаг том лам нарыг минь ачаад явчихлаа. Хамарын хийд аль дээр үеэс эхлээд Япон улстай холбоотой газар. Лам нар нь тэдний тагнуул байсан нь илэрсэн юм гэнэ лээ гэх яриа хүртэл гарчээ. Дээрээ толгойгүй болсон ядуу, дунд лам нар хөдөө гарлаа гэлцэн эхнэр хүүхэд авч таргийн хэдэн ямаатай болж алга болсоор сүм хийд эзгүйрч шарилж ургаад, сангийн бойпер нь шувуу үүрлээд, алтан бурхадынх нь толгой дээр жунгаагийн сангас овоорлоо. Даварсан улаан хошуут жунгаа нар сүм хийдийн бурхадын нүдийг ухах нь ээ... Нэг өдөр дүнгэнэсэн дуутай чийчаан хийдийн гадаа хашаанд орж ирж зогслоо. Шарилын сүмийн тахилч гэх 25 настай шалдан банди бий л үргээд нисчихсэнгүй үлдлээ. Цагаан сүмтэйгээ тангаргаар уяатайн эрхээр тэр шүү дээ...” хэмээн “Гэгээнтэн” романд бичжээ.

Энэ тухай А.Алтан-Очир“ Өвөө маань намайг төрдөг жил бурхан болсон. Тиймээс би өвөөгийнхөө тухай сайн мэдэхгүй. Харин зохиолч Г.Мэнд-Ооёо аавыг маань амьд байхад аавтай хамт бараг хоёр сар гаруй хугацаанд хамт байж өвөөгийн тухай мэдсэн зүйлсээ “Гэгээнтэн” роман болгон гаргасан. Өвөөгийн минь тухай “Гэгээнтэн романд бичсэн зүйл бол үнэн” гэв.  Ингээд тахилч Г.Түдэв Хамарын хийдийг устгахаар ирсэн цэргүүдийг унтсан хойгуур хулгайгаар 64 авдар эд хэрэгслийг зөөж газар дор нууж авч үлдсэн байна.  Тэр тухай Алтан-Очир “Гэгээний нандинууд бол бидний аминаас үнэтэй гэсэн” эцэг өвгөдийн захиастай холбоотойгоос гадна зургаан үеийн турш нандигнаж ирсэн зүйл нь өөрийнх нь үед үгүй болохыг харж чадахгүй учраас ийм үйлдэл хийсэн” гэж аав маань хэлдэг байсан” гэв. Тухайн үед бусад сүм хийдийг хоёр хоногийн дотор л устгаж байсан бол Хамарын хийдийг хоёр сар гаруй хугацаанд  ямар ч ул мөргүй болтол устгасан байна. Г.Түдэв 64 авдар хутагтын эд хэрэгслийг өөрийн сайн мэдэх газруудад хэсэгчлэн нууж өөрөө малчин болсон байна. Гэвч тэрээр жил бүрийн хавар малын эрэлд явлаа гэж удаан хугацаагаар гэртээ ирдэггүй байж. Эхнэр нь түүнийг энэ явдлыг “Түдэв минь насны эцэст хээр үхэв” гэдэг байж. Хамарын хийдийг устгаснаас хойш 22 жилийн дараа түүний гурав дахь охиноос долоо дахь үеийн тахилч Алтангэрэл төрсөн байна. Тиймээс тэрээр зээ хүүгээ өөр дээрээ авч тахилчийн эрдэмд сургажээ. Ингээд 1984 онд түүний зээ хүү З.Алтангэрэл 25 нас хүрч тахилчийн ажлаа өвлүүлэн өгсөн байна. Энэ үед Г.Түдэвийн эхнэр түүнтэй 47 жил ханилсныхаа дараа удам дамжсан тахилч гэдгийг нь мэдсэн гэдэг. Мөн 1500 гаруй авдар болохоор зүйл байснаас 64 авдыг авч нуусан байна. Ингээд Г.Түдэв сайн цаг ирэхийг үзээд 1990 онд тэнгэрт дэвшсэн байна. Харин хийд байгуулагдахыг үзэж чадаагүй гэдэг.

 

Аавын хөрөг

 

Хэний ч үл мэдэх улаан шороо бүхий тал газарт өнөөдрийн дэлхийн энергийн төв буюу Хамрын хийдийг эргэн сэргээсэн хүн бол Зундуйн Алтангэрэл билээ. Тэрээр ухамсарт амьдралынхаа бүхий л хугацааг түүх соёлын дурсгалыг хамгаалах, хадгалах, сурталчлах сэргээн бүтээхэд зориулан ажилласан байна. Мөн Д.Данзанравжаагийн олон арван жил хадгалагдаж ирсэн 2000 гаруй нэгж өвийн зүйлийг анх удаа дэлгэж музей байгуулснаар Монголын шашин, соёлын хосгүй үнэт цогц дурсгалыг олны хүртээл болгосон юм. Тодруулбал, дэлхийн энергийн томоохон төв байсан энэ газар 1937 оны их хэлмэгдүүлэлтээс хойш 50 гаруй жилийн дараа хэнд ч үл анзаарагдах газар болж хувирчээ. Энгийн нэгэн газар биш гэдгийг зөвхөн Г.Түдэв, З.Алтангэрэл нар л мэднэ. Тиймээс сайн цаг ирэхийг хүлээж тахилчид хутагтын эд хэрэгслээ хадгалж, дараагийн тахилчаа бэлтгэсээр арай гэж 1990 онтой золгов. Гэвч тийм ч амар байсангүй. Ардчилал гарч сүм хийд сэргэж эхэлсэн ч ойлгох хүмүүс ховор болсон байв. З.Алтангэрэл Хамарын хийдийг байгуулах, сэргээх саналыг аймгийнхаа Засаг даргад санал болгож өөрт өвлөгдөн ирсэн зүйлийн талаар ярьсан боловч итгэсэнгүй. Тэрээр шантралгүй тухайн хийдийг мэдэх хүмүүс болон Хутагтын эд хэрэгслээс эхнээс нь гаргаж нутгийн удирдлагуудад итгүүлж 1990 онд Хамарын хийдийг, 1991 онд Данзанравжаагийн музейг байгуулсан байна. Энэ тухай түүний хүү А.Алтан-Очир “Тухайн үед шашин соёлын ойлголт байгаагүй гэхэд болно. Тиймээс төр засгийн зүгээс үл итгэх, дэмжихгүй байх зэрэг саад бэрхшээл их байсан гэдэг. Хутагтын үе дамжсан өвийн зүйлсийг гаргаж дэлгэх гэж байгаагаа аав маань уйгагүй ярьж, учирлан тайлбарлаж байж ойлгуулсан гэдэг” гэв.

Хамарын хийдийг байгуулах Засаг даргын тамгын газрын зөвшөөрөл гарснаар З.Алтангэрэл нэг найзын хамт Хамарын хийдийн туурин дээр өөрийн боломжоороо тоосго авч шавраа зуурч анхны хоёр сүмийг барьсан байна. Мөн хүмүүс түүхээ мэдэхээ байчихсан ийм үе байсан учраас хүмүүсээс хандив харах, туслахыг хүлээх боломжгүй байжээ. Хүн амьтан ойлгодоггүй энэ л хэцүү цагт гэр бүлээ умартан тахилчийн тангаргаа биелүүлэхээр зүтгэсэн нь энэ юм. А.Алтангэрэл УБИС-ыг Хөдөлмөрийн багш мэргэжлээр төгссөн. Тэрээр гурван хүүхэдтэй. Хоёр охин нэг хүүтэй. Түүний бага хүү нь найм дах үеийн тахилч А.Алтан-Очир юм. А.Алтан-Очир “Аав маань бага байхад намайг ямар ч буруу хэрэг хийсэн загнадаггүй байсан. Тэр болгонд эгч нар маань аавд уурлана. Алтан-очирт юм хэлсэнгүй гэж. Харин аав маань наадах чинь хожим зовох юм. Яахав гэдэг байсан. Одоо бодоход энэ  нь тахилчийн ажлыг хэлсэн байжээ л гэж боддог” гэв. З.Алтангэрэл Хамарын хийдийг байгуулснаас хойш Дөш хэмээх ламыг авчирч хамба болгосон байна. Харин өөрөө Хамарын хийдээ сурталчлан таниулах, бүтээн байгуулалтын ажлыг түлхүү хийж байсан байна. Улмаар хүмүүст  бага зэрэг танигдаж, мэддэг болсноор цаашдын ажилд нь дэмтэй болж Хамарын хийдийг сэргээх ажил эрчимжсэн байна. А.Алтангэрэл өнөөдрийн Хамарын хийдийг бүтээхэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн юм.

 

Хутагтын үлдсэн эд хэрэгслийг цаг нь болохоор гаргана

Говийн догшин ноён хутагтыг найм дахь үеийн тахилч А.Алтан-Очиртой ярилцлаа.

 

-Та ямар мэргэжилтэй вэ? 

-Дунд сургуулиа Сайншанддаа дүүргээд Хөх хотод Олон улсын харилцааны мэргэжлээр төгссөн. Одоо тахилчийн ажлаа хийж байна.

 -Залуу хүний хувьд тахилчаас өөр ажил хийх, шантрах бодол төрж байв уу?

-Мэдээж төрөлгүй яахав. Хүн болгон л хийх гэсэн зүйл нь бүтэлгүйтэх болгонд шантардаг байх гэж бодож байна. Харин энэ сэтгэлийн дотооддоо яаж дарах мөн гэр бүлийн асуудлыг тахилчийн ажлаас тусад нь байлгах, ахуйн зүйлийг хутагтын эд зүйлээс ялгах зэргийг тахилч бэлтгэх явцад заадаг. Тиймээс сэтгэлээ захирч сурсан.

-Цаг үеэ дагаад таны тахилч болох үе өвөө, аав хоёрынхоос ялгаатай гэсэн  . Энэ талаар тодруулахгүй юу?

-Би өвөөгийнхөө талаар төдийлөн бүх зүйлийг нь мэддэггүй. Өвөөгийн тухай яриач гэвэл аавын надад ярьж өгч  байсныг л хэлнэ. Маш хатуу цээр үгийг алддаггүй. Үг цөөнтэй. Ихэмсэг хүн байсан гэдэг. Мөн хэлсэн үгийг нь мартах юм бол зодох энүүхэнд хүн байсан гэж аав маань ярьдаг байсан. Аав болон миний тахилчаар бэлтгэгдэх асар их ялгаатай байсан. Тухайлбал, тахилчийн хадгалах эд хэрэгсэл нуугдмал байдалтай байсан. Миний хувьд бол бүх зүйл нээлттэй цаг үед эд хэрэгслийг хайрлан хамгаалж байна.

-Одоо дэлгэгдээгүй хутагтын эд хэрэгсэл байгаа юу. Байгаа бол хэзээ гаргах вэ?

-Байгаа. Бүх зүйлийг гаргах цаг хугацаа гэж бий. Цаг нь болохоор гаргана.

-Дараагийн үеийн тахилч төрсөн үү?

-Төрсөн. Гэхдээ одоохондоо энэ нууц хэвээр үлдсэн нь дээр байх.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 19. ДАВАА ГАРАГ. № 180 (6912)