Байгаль дэлхийгээ шүтэж амьдарсан эрхэм

0
хуваалцах
1648
үзсэн

Т.БАТСАЙХАН

“Хүн байгаль дэлхийтэйгээ хүйн холбоотой” гэж үнэн ажээ.  Ялангуяа хүний төрж өссөн нутаг гэдэг тухайн хүний нэг насных нь амьдралын зам мөр, хувь заяатай ямагт хамт оршсоор байдаг бололтой.  Энэ бодлыг минь “Амьдралын тойрог” булангийн зочин С.Доржсүрэн гуай хөглөж, хөөргөж орхисон юм. Нутаг усныхаа тухай ярихад түүний нүүрэнд гэгээ татаж, хэзээ мөдгүй нутагт нь очсон мэт гайхалтайгаар дүрсэлнэ. “Буга-Өндөр, Булнайн нуруу, Баянзүрх, Урандөш гээд өндөр сайхан сүрлэг хайрханууд дунд Тагийн нуруу гэж үргэлжилсэн баялаг сайхан нутаг бий. Би тэнд төрж өссөн. Завхан бол жаргалын орон гэдгийн нэг хэсэг нь миний нутаг.  Миний төрсөн газрын уул нуруудаас Отгонтэнгэр хайрхан хөхөрч, дүнхийж харагддаг.  Тагийн нуруу ан амьтан араатан гөрөөс, нуур, ус булаг шандтай, жимс жимсгэнэ бялхсан, ганга өвс, хар модны үнэр ханхалсан хүн ардад өгөөж буянаа хайрласан нутаг даа” гээд онгирч ярих нь нэг л сайхан.  Тийм л нутагт өссөн хүү  С.Доржсүрэн 16 настайдаа Улаанбаатар хотод ирж,  гутлын үйлдвэрээс ажлын гараагаа эхэлжээ.

 

Тэр намын хорооны дарга, Аж үйлдвэрийн комбинатын ерөнхий эдийн засагч, “Эрдэнэт хивс” үйлдвэрийн санхүү эрхэлсэн нэгдүгээр орлогч дарга бүр 120 мянгатын оршин  суугч болохдоо ч байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, арчилж ургуулахаа мартаагүй гэж бодохоор бүр ч сайхан юм.  Тийм ч учраас би нийтлэлээ “Байгаль дэлхийгээ шүтэж амьдарсан эрхэм” хэмээн гарчиглаж, С.Доржсүрэн гуайн амьдралын тойргийн гэрэл гэгээ, эрч хүч,  хүч хөдөлмөр, аз жаргал, баяр гуниг цацарсан хэсгүүдийг сийрүүлье. 

 

ЭХЛЭЛ БУЮУ ЭНЭ ЖИЛИЙН НААДМЫН ТУХАЙ

 

С.Доржсүрэнгийнх хэмээх өрх айл Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо, 120 мянгатад амьдарч байна.  Тэрбээр биднийг “Энэ жилийн наадам ёстой сайхан боллоо” гэсээр  баяр хөөр дүүрэн угтав.  Наадмын талаар яриулахгүй л бол бидний яриа нэг л нийлдэггүй, цаашаа ч жигдрэхгүй шинжтэй шүү.  Тэрбээр “Хөгшин бид хоёр баяр наадмаа гэрээсээ үзлээ. Наадмын нээлт, урлагийн тоглолт ямар сайхан болов оо.  Н.Наранбаатар мундаг найруулсан байна билээ.  Б.Орхонбаяр, О.Хангай хоёр өмнө нь дөрвөн удаа таарч барилдсан байдаг юм.  Гуравт нь Б.Орхонбаяр давсан.   Энэ жил ч хоёр бөх маань янзын хиймортой байлаа” гэв.  Бас тэрбээр “Та нар нэг зүйлийг анзаарсан болов уу” л гэж байна.  “Юу билээ” хэмээн лавлан асуухад “Соёолон морины уралдаанд Ховд аймгийн унаган адуу түрүүлж, Сэлэнгийн хурдан буян аман хүзүүдсэн байдаг. Монгол бөхийн барилдаанд ч тэр агуулга давхацлаа.   Соёолон насны морь гэдэг тэр жилийнхээ бүхий насны морьдын уралдааны толь байдаг шүү дээ”  гэв. Тэр агуулгыг би лав анзаарч үзээгүй л байв.  Баяр наадмын тухай яриулаад байвал тэрбээр нарийн нандин шигтгээ,  дурсамжууд олныг ярих нь илт байв.  Гэхдээ бид түүний хүүхэд нас, нутаг ус, аав ээж, амьдралых нь тухай яриулахаар зорьж ирсэн билээ. С.Доржсүрэн гуайн гэрт Монголын радиогийн нэвтрүүлгүүд эгшиглэх нь содон ажээ.  

 

ХЭЗЭЭ Ч МАРТДАГГҮЙ НУТГИЙН МИНЬ ҮНЭР

 

С.Доржсүрэн 1947 онд Завхан аймгийн Нөмрөг суманд төржээ. Буга-Өндөр, Булнайн нуруу, Баянзүрх, Урандөш гээд өндөр сайхан сүрлэг хайрханууд дунд Тагийн нуруу гэж үргэлжилсэн баялаг сайхан газар төрж өссөн ажээ.  Нутаг усандаа тэмүүлэн очих дуртай нэгэн. Тэрбээр энэ тухайгаа “Солонготын даваа даваад харахад нутаг минь тосоод авна, нутаг үнэртдэг гэх үү дээ.  Хар модны давирхай, бохь, шилмүүс, ганга өвс, нэрс, үхрийн нүд, улаалзганын үнэр гэдэг янзын сайхан. Тэр бол миний нутгийн үнэр юм даа. Ядарч, ядарч нутгийн бараа харж, үнэрийг нь авах төдийд л бүх төрлийн ядаргаа тайлагддаг” хэмээн ярихдаа нүд нь сэргэх гэж жигтэйхэн. Ийм л сайхан газар оронд төрж, өсч өндийлөө гэсээр жаахан бодлогоширох ажээ. Түүний аав Б.Сандуйжав, ээж  А.Норовцамба нар нь  малчин хүмүүс.  Есөн хүүхэдтэй айлын найм дахь нь Доржсүрэн гуай. Тэднийх 100 гаруй бог, 40 орчим бод,  гурван тэмээтэй айл байж. Тэрбээр 3,4 настайгаасаа л хурга ишиг хариулж, мал аж ахуйтай танилцсан хүн.  Ингээд 16 нас хүртлээ нэг ч сургуульд суулгүй  малын дэргэд өсчээ. Харин их сургууль төгссөн ах нь нэг удаа аав ээж хоёрыгоо хот үзүүлнэ хэмээн дуудсан нь С.Доржсүрэнгийн амьдралд өөрчлөлт хийх боломж авчирсан гэхэд болно.   Аав ээж хоёр нь Улаанбаатар хотод ирээд эргэн нутагтаа очоод “Миний хүү бичиг үсэг, тоо сурмаар байна.  Хүүгээ амьдралаас хоцроосон аав ээж хоёрынх нь буруу. Тийм болохоор хэдэн малаа нэгдэлд өгөөд хүүгээ ахыг нь бараадуулаад хот явуулъя” гэжээ. Тэр л үеэс бие дааж, хүн хүнээс асууж явсаар бичиг үсэг, тоо сурсан гэдэг. Тэрбээр энэ тухайгаа “Ах маань тухайн үед Д.Сүхбаатарын зурагтай “Жанжин ташуур” гэдэг ном өгсөн.  Тэрийг нь бариад л малынхаа бэлчээр дээр өнждөг байлаа. “Ба бэ” гэж уншсаар бараг цээжиллээ.  Тэгж бичиг үсэг сурсан даа.  Түүнээс би нэгдүгээр ангид ч сураагүй юм шүү дээ” гэв.  Аав ээж хоёрынх нь Улаанбаатар хотоос тээж очсон бодол ийнхүү түүнийг дараагийн амьдралд нь хөтөлсөн юм. 

 

АНХНЫ ЦАЛИНГААРАА ТЭМЭЭ АВЧ ААВ ЭЭЖДЭЭ ЯВУУЛЖЭЭ

 

Ингээд удалгүй тэдний ажиллаж байсан нэгдлээс С.Доржсүрэнг Улаанбаатар явуулж мал аж ахуйн техникумд сургахаар болжээ.   Ингэж 16 настай хүү, Улаанбаатар хоттой анх танилцаж байв. Эхний жилүүдэд гэрээ их санасан гэдэг.  Тэрбээр “Хот газар гэдэг хүн зон нь үерийн ус шиг л санагдаж байж билээ.  Би ирээд техникумдоо бүртгүүлсэн ч сураагүй юм. Манай авга ах тухайн үеийн Савхин гутлын үйлдвэрт ажиллаж байсан.  Тэднийд очсон чинь “Чи мөнгө гэдэг юм мэдэх үү л гэж байна” мэдэхгүй л гэлээ. Тэгсэн “Ажил хийж мөнгө ол. Ах чинь дээд боловсрол эзэмшсэн.  Айлаас нэг нь ажилчин байхад зүгээр гэж  ярьж байна. Тэгээд намайг Савхин гутлын үйлдвэртээ дагуулж, очиж ажилд оруулж байсан.  Гэрэл чийдэн анивчаад л, машин техник түжигнээд, янз бүрийн тос ханхалсан тийм л дотно, сонин газар байсан даа” гэв. Тэрбээр гутлын үйлдвэрт анх  гуталд өсгий хадаж эхэлжээ.  Хөдөө гадаа хар бор хийж өссөн нь түүний давуу тал болж,  тэнд ядах юмгүй ажилдаа дасжээ.  Эхлээд өдөрт 50 хос гутлын өсгий хаддаг байсан бол сүүлдээ 150 хосыг хаддаг болж.  Ингээд анхны цалин гээд 300 гаруй төгрөг авсан нь түүний хувьд мөнгө гэдэг зүйлтэй анх танилцаж буй явдал байв.  Тэрбээр энэ тухайгаа “Цалингаа аваад баярлаж байснаа одоо ч тодхон санадаг.  Хөдөө байхдаа 10 төгрөг л атгаж байсан хүн 300 төгрөг барихаар яах учраа олдоггүй юм билээ.  Тэгээд атгаж явсаар авга ахдаа авчирч өглөө. Тэгсэн ах маань “Аав ээждээ явуул, тэднийгээ баярлуул” гэдэг юм байна.  Тэгээд нөгөө мөнгөө яаж явуулахаа мэдэхгүй зах гарсан.  Ганган улаан тэмээнүүд ганхаж байна шүү.  Тэгээд нэг шар тэмээ 300 төгрөг гэхээр нь түүнийг аваад замын жинчинд өгөөд гэр лүүгээ явуулж билээ” гэв.   Ажилдаа сайн, элдэв зангүй, гав шав хийсэн хөдөөний хүүд үйлдвэрийнхэн нь тун чиг сайн.   Ингээд Савхин гутлын үйлдвэртээ зургаан жил ажиллаж оройн сургуульд ч сурсан.   Дунд  ангийн боловсрол эзэмшихийн зэрэгцээ Чехээс ирсэн мэргэжилтнүүдийг дагаж хэл уснаас эхлээд нэлээд их зүйл сурсан даа хэмээв. 

 

ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ, ЕРӨНХИЙ САЙД Ж.БАТМӨНХӨӨР ҮНЭЛҮҮЛЖ БАЙВ

 

Түүний амьдралд их олон боломж гарч ирж байсан.  Заримыг нь атгаж, заримыг нь алдаж ч байсан.  Угаасаа хүний амьдралын жам тийм л хойно.   С.Доржсүрэн гуайг дунд сургуулиа төгссөний дараахан үйлдвэрээс нь Чех улсад гутлын инженерийн дээд сургуульд явуулахаар болов.  Тэгэхэд тэрбээр 24 нас хүрсэн байж, эхнэртэйгээ танилцаж, анхны үр нь гэдсэнд нь олдсон  байсан үе.  Тэр ч явахаар шийдчихсэн бүх зүйл нь жин тан.  Гэтэл аав нь хөдөөнөөс ирж таараад түүнийг дуудаж нэгэн зүйл хэлсэн гэдэг. “Миний хүү өөрийн итгэл зүтгэлээр сайн сайхан явж байгаа хүн. Гэхдээ аав нь нэг л зүйл хэлье.  Чи  Чех руу зургаан жил явна. Бэр охинд маань хань болох хүн байхгүй. Та хоёрын хойчийн амьдралыг аав нь хэлж мэдэхгүй байна. Чи явахгүйгээр дотоодын дээд сургуульд орж болохгүй юм уу” гэжээ. Чех рүү явах бүх бэлтгэл  нь хангагдсан байсан ч аавынх  хэлсэн тэр үг бодлоос нь гарахаа больж.  Тэгээд маргааш нь Төв хорооны Жадамбаа даргад очоод “Эхнэр маань хөл хүнд учраас би явж чадахгүй нь.  Дотоодын их дээд сургуульд орчихмоор байна” гээд хэлээд тавьчихаж. Гэтэл Жадамбаа дарга “Гэр бүлээ бодолгүй яах вэ. Чамайг Эдийн засгийн дээдэд оруулъя” гэжээ.  Ингээд Чех руу биш Эдийн засгийн дээд сургуульд төлөвлөгч эдийн засагч мэргэжлээр суралцаж  эхэлсэн түүхтэй юм билээ. 1966 онд их сургуулиа төгсөхөд  Аж үйлдвэрийн комбинатад хуваарилж, улс түүнд нэгэн ажлыг даатгасан гэдэг. Тэрбээр “Намайг төгсөхтэй зэрэгцээд үйлдвэрүүдэд цоо шинэ зохион байгуулалтын ажил хийгдэж байлаа.  Тэр нь Эдийн засгийн туслан зөвлөх орнуудын үйлдвэрийн төлөлтийг туршиж нэвтрүүлэх сайд нарын зөвлөлийн тушаал гарсан байсан.  Тэр туршилтыг үйлдвэрүүдэд нутагшуулах ажлыг би гардаж хийсэн дээ.  Тухайн үед  үйлдвэрүүдийн бүх эдийн засагч нарыг нэгтгэж, төлөвлөгөөний туршилтуудыг амжилттай нэвтрүүлсэн байдаг юм.  Үйлдвэрийн үйл ажиллагааны толь болсон үзэсгэлэнг зохион байгуулж,  тухайн үеийн Ерөнхий сайд Ж.Батмөнх даргаас сайн үнэлгээ авч явлаа” хэмээв. 

 

ХЯЛГАНАТАД ӨНГӨРҮҮЛСЭН ОН ЖИЛҮҮД

 

Ингээд Үйлдвэр комбинатад ирээд хүлээж авсан анхны ажлаа дүгнүүлчихээд хэдхэн хоногийн дараа жаахан амсхийгээд сууж байтал Хотын намын хорооноос дууджээ.  Нарийн бичгийн дарга нь “Өөрийг тань Москва хотын коммунист намын дээд сургуульд явуулахаар болсон” гэж.  С.Доржсүрэн гуай шууд л  “Би чадахгүй” гээд хэлсэн гэдэг. Тэгсэн намын Төв хорооноос тэгвэл дотооддоо намын дээд сургуульд сургая гээд тэнд хоёр жил суралцсан байна.  Тэрбээр энэ тухайгаа “Намын дээд сургуулиас би маш их зүйл сурсан, ёстой гайхамшигтай багш нартай байсан. Зохиолч Э.Оюун гуайн дүү Э.Базаржав гэж мундаг багш байлаа. Үйл хөдлөл бүр нь үлгэр дуурайл болсон хүн. Бидэн рүү хараад ярьж байгаа ч том самбар дээр шууд бичээд байна.  Тэр багшийн хичээл дээр амьсгаа ч чанга авмааргүй, тийм мундаг хүн байж билээ.  Мөн Цэдэнжав, Отгон гээд тэр үеийн багш нараа магтахгүй байх аргагүй юм даа” гэв. Тухайн сургуулийг  гурван хүүхэд улаан дипломтой онц төгссөний нэг нь манай нийтлэлийн баатар байсан юм. Ингээд удалгүй түүнийг Хялганатын намын хорооны даргаар томилсон. Эрдэнэт хот байгуулагдаж ид бүтээн байгуулалт өрнөж байсан тэр цаг үед С.Доржсүрэн гуай даргаар очиж, тэнд хамаг залуу насаа өнгөрүүлсэн ажээ.  Хялганатад хичээн хайртай гэдэг нь яриаг нь сонсоход л мэдрэгдэнэ. Тэрбээр “Хялганат их онцлогтой газар. Эрдэнэтээс 104 км зайтай, Сэлэнгэ мөрний хөвөөн дээр, нарсан ойн дунд байдаг газар. Тэнд би намын хорооны даргаар очоод мод үржүүлгийн талбай байгуулж байлаа. Жилд 280-300 мкв мод бэлддэг. 40 хүнтэй найман бригад, ОХУ-ын баг хоногийн 24 цагаар ажиллана.  Бүтээн байгуулалтад  оролцож ажлыг ёстой хийх шиг болсон.  Миний амьдралын бужигнасан зургаан жил тэнд өнгөрсөн юм. Хүн, машин техник, автозамын хүчээр бид уулнаас асар их хэмжээний мод түүхий эд бэлтгэнэ. Бидний бэлддэг түүхий эдээр Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг байгуулсан.  Эрдэнэт хотын суурийг мөн тавьсан даа. Би тэр  он жилүүдэд бүтээн байгуулалтад оролцож явсан хувь тохиолдоо их баярладаг” хэмээв. 

 

ГЭР БҮЛЭЭРЭЭ “ЭРДЭНЭТ” ХИВСНИЙ ҮЙЛДВЭРТ АЖИЛЛАСАН 17 ЖИЛ

Түүний гэр  бүлийн хүн Шанхайд хивсний чиглэлийн мэргэжил эзэмшсэн ажээ. Улаанбаатар хивсний үйлдвэр, Эрдэнэтийн хивсний үйлдвэрийн анхдагч мэргэжилтэн. Эрдэнэт хот, Хялганат руу С.Доржсүрэн гуайг томилсон нь ч тухайн үеийн боловсон хүчний бодлого байсан байж болох юм.  Ингээд 1982 онд хивсний үйлдвэр дөнгөж байгуулагдахад тэд Хялганатаас шилжин ажилласан байдаг.  Тэрбээр анх ерөнхий эдийн засагчаар ажиллаж байгаад эдийн засаг эрхэлсэн нэгдүгээр орлогч дарга болсон.  С.Доржсүрэн гуай “Тэр үед “Эрдэнэт” үйлдвэрт 2500 хүн ажиллаж, эхнэр маань ерөнхийд нь зааж, чиглүүлж ажилласан. Ингэж ажиллахдаа жилд 1.5 сая кв.метр хивс үйлдвэрлэдэг байлаа. Энгийнээр тайлбарлахад, энэ нь Эрдэнэт хотоос Баян-Өлгий аймаг хүртэл яваад буцаад Улаанбаатар хүртэл явах тийм их хэмжээний хивс үйлдвэрлэдэг байсан.    Хивсэн бүтээгдэхүүнийхээ 99 хувийг экспортлоно.  Тэр үеийн ОХУ, Герман, Хятад, Вьетнам зэрэг Ази Европын орны хэрэглэгчид манай хивсийг их сайн худалдан авдаг байсан юм шүү дээ” гэв.   С.Доржсүрэн гуайн гэр бүл 1982-2000 он хүртэл 17 жил “Эрдэнэт хивс” үйлдвэрт ажиллаад тэтгэвэртээ гарцгаажээ. 

 

ХАН-УУЛЫН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГ АВАРЧ ҮЛДЭВ

 

Тэтгэвэрт гарсныхаа  дараахан С.Доржсүрэн гуай Улаанбаатар хотод Валютын бирж гэж байгуулагдахад орлогч даргаар нь хоёр жил ажилласан. Ингээд үндсэндээ гавьяаны амралтдаа гарчээ.  Нас жаахан хэвийсэн ч түүний хийж бүтээе гэсэн сэтгэл бөхсөнгүй.  Байгаль орчны төлөөх ажлаа үргэлжүүлсэн хэвээр байв.  Тэрбээр “Би бүхий л зүйлээр баялаг газар төрж өссөн хүн гэж дээр хэлсэн. Ялангуяа гэрийн тооноор хүртэл мод харагддаг тийм л сайхан хангайд хүн болсон. Тийм учраас орчин цагт өөрийн амьдарч буй Хан-Уул дүүрэгтээ хэсэгхэн газрыг ч моджуулах хүсэл мөрөөдөлтэй явдаг байв. Тэр ч хүсэл минь биелсэн дээ” гэв. 
Үнэхээр 120 мянгатад байх тэдний гэрийн цонхоор өндөр өндөр модод харагдана. Тэднийх 1966 онд энэ байрандаа оржээ. Тэр үед С.Доржсүрэн гуай байрныхаа даргаар томилогдож,  их олон мод тарьсан нь одоо ёстой чиг сайхан харагдана.   120 мянгатыг моджуулъя гэсэн уриалгыг тухайн үедээ гаргаж,  4-5 га газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулж байжээ. Гэтэл хэдэн жилийн өмнөөс нөгөө цэцэрлэгийг нь барилгынхан эзэлж аваад хашаа татаж.  Ингээд тэрбээр цэцэрлэгээ аврахаар тухайн үедээ бараг компанит ажил маягийн зүйл өрнүүлж байсан гэдэг. Тэрбээр энэ тухайгаа “Манай цэцэрлэгийн газрыг “Алтай контракшн” гэдэг компанид олгочихсон. Иргэд эсэргүүцээд бардаггүй, шүүхээр хоёр удаа орж, барилгын компанийн талд шийдвэр нь гарсан байдаг юм.  Ингээд ер нь эцсийн аргаа хэрэглэе гээд тухайн үеийн Хотын дарга Э.Бат-Үүл дээр орж асуудлаа хэлээд цэцэрлэгт хүрээлэнгээ аварч үлдэж байсан юм.  Газраа авч үлдэхийн  зэрэгцээ,  хотоос компани гаргаж цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг хийж өгсөн байдаг” гэлээ. Мөн тэрбээр үйлдвэр комбинатад хэлтсийн дарга байхдаа хамт олонтойгоо нэгдээд олон ажил хийсний нэг нь Дундголын наад хэсэгт чулуу, хайрга, цементээр далан хийсэн.  


Тэр далан нь олон жил иргэдийг үер усны аюулаас хамгаалж одоо ч байсаар байна.  Мөн Сэлэнгээс хар модны үрсэлгээ авчирч Богдхан уулын Хүүшийн аманд тарьсан нь одоо ойн хэмжээнд хүртлээ сайхан ургажээ.  Тэрбээр тэнд 1200 орчим мод тарьсан нь бүгд сайхан ургажээ. Түүний гэр бүлийн хүнийг Ц.Гэпэлмаа гэдэг. Тэд гурван хүүхэдтэй.  Том хүү Д.Жаргалсайхан  банк, санхүүгийн салбарт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан бол бага хүү Д.Батжаргал нь хуулийн хүн. Охиных нь хүүхдүүд АНУ-д амьдарч байна. С.Доржсүрэн гуай “Би аливаа зүйлийг хийвэл хийсэн шиг хийдэг байя,  Эхэлсэн ажилдаа эзэн байя” гэсэн үзэл баримтлалыг амьдралынхаа жанжин шугамаа болгож ирсэн. Мөн “Хүн авахдаа биш өглөгийн төлөө байя.  Энэ хандлага маань байгаль орчинтой ч нарийн холбоотой.  Аав ээж маань ч тэгж хэлж сургадаг байсан  үр хүүхэддээ ч тэгж сургаж ирсэн” гэлээ. Ийнхүү ажил хөдөлмөр эрхлэхийн зэрэгцээ өссөн төрсөн газрынх нь унаган төрх сэтгэлд нь байнга хадаатай байж, байгаль дэлхийгээ шүтэж амьдарч буй С.Доржсүрэн болон бидний яриа ийн өндөрлөлөө. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 15. ДАВАА ГАРАГ. № 155 (6887)