Үндсэн хуулийг өөрчлөх тогтоолын төслийг өнөөдөр танилцуулна

0
хуваалцах
264
үзсэн

С.УЯНГА

 

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал үе шаттай үргэлжилж байна. Төрийн байгуулалтын байнгын хорооноос “Сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт” сэдвийн дор цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаар эрдэмтэн судлаач, хуульчид, улс төрийн намуудын удирдлагуудын дунд хэлэлцүүлэг өрнүүлсэн бол хамгийн сүүлд ардчилсан Үндсэн хууль батлалцсан депутатуудын санал бодлыг сонслоо. Үүний дараа улс төрийн намуудын төлөөлөл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тунхаг бичигт МАН, АН, ХҮН гэсэн парламентад суудалтай гурван намаас гадна 21 улс төрийн намын төлөөлөл гарын үсгээ зураад байгаа юм. Өөрөөр хэлбэл, улс төрийн 21 нам Үндсэн хуулийг өөрчлөхөд санал нэгдэж буйгаа илэрхийллээ.

Тэгвэл зургадугаар сарын 13-ны өдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Байнгын хорооны дарга Н.Энхболд танилцуулахдаа “Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.14 дэх заалтыг үндэслэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар иргэдээс ирүүлж байгаа саналууд, Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн санал, дүгнэлт, улс төрийн намуудын “Тунхаг бичиг”, УИХ дахь МАН-ын бүлгийн шийдвэрийн талаар судалж, олон нийтийн санаа бодлыг тандан судлах сэдвийн  хүрээг тодорхойлох, хэлэлцүүлгийн хугацааг тогтоох, зохион байгуулах Ажлын хэсгийг байгуулах тухай Их Хурлын тогтоолын төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж байна” гэлээ. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Бямбацогтоор ахлуулан, гишүүн  А.Адьяасүрэн, Г.Ганболд, Ц.Мөнх-Оргил, М.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар Байнгын хорооны тогтоолын төсөлд тусгажээ.

Мөн Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, 2022 оны зургадугаар сарын 15-ны өдрийн дотор танилцуулахыг Ажлын хэсгийн ахлагчид даалгахаар төсөлд тусгасан байв. Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Сүүлийн үед Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар улс төрийн намууд, иргэдээс олон санал, хүсэлт ирж байгаа. Тиймээс Төрийн байгуулалтын байнгын хороо энэ асуудлыг авч үзээд олон нийтийн хэлэлцүүлэг явуулах нь зүйтэй гэсэн шийдэл гаргасан. Үүнийг дурдаж баталгаажуулан Ажлын хэсэг байгуулах нь зүйтэй. Ер нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг нарийвчлан зохицуулсан байдаг учраас Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг дэмжиж байна” гэлээ. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр Байнгын хорооны тогтоол батлагдлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 15. ЛХАГВА ГАРАГ. № 117 (6849)