С.САРУУЛ

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Эх, үрсийн баярыг угтаж Нийгмийн бодлогын байнгын хорооноос байгуулсан Хүүхэд хамгааллын хуулиудын хэрэгжилтэд хяналт тавих, санал дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийн ахлагч, УИХ дахь хүчирхийллийн эсрэг лобби бүлгийн ахлагч УИХ-ын гишүүн Б.Баярсайханыг урьж ярилцсан. Тэрбээр “Хууль эрх зүйн орчны хувьд хангалттай. Сайжруулах, засаж залруулах зүйл бий. Харин хууль эрх зүйн орчноо дагаад жил бүр хүүхэд хамгааллын төсөв нэмэгдэж байгаа. 2017 онд анх Хүүхэд хамгааллын хуулиуд батлагдаж эхэлж байх үед 900 сая төгрөгийг жилд төсөвлөдөг байсан бол 2018 онд 6.4 тэрбум, 2019 онд 7.6 тэрбум, сүүлийн гурван жилд дараалан тус бүр найман тэрбум төгрөгийг улсын төсвөөс хуваарилжээ. Нийлбэр дүнгээр нь үзвэл бараг 40 орчим тэрбум төгрөгийг хүүхэд хамгааллын салбарт зарцуулжээ гэж дүгнэж болно. Үүн дээр олон улсын байгууллагуудын хандив, тусламж, төсөл хөтөлбөрийн санхүүжилтийг нэмбэл жилд манай улсад хүүхдийн нэрээр их хэмжээний хөрөнгө мөнгө эргэлдэж байна гэсэн үг. Гагцхүү энэ мөнгө зөвхөн хүүхдэд, тэднийг хөгжүүлэх, эрхийг хамгаалахад  зориулах учиртай. УИХ зургаан жилийн өмнө баталсан хуулиудын хэрэгжилтэд хяналт тавихаас гадна эрх зүйн орчныг хэрхэн сайжруулах гарц шийдэл хайж байгаа учраас Нийгмийн бодлогын байнгын хорооноос ажлын хэсэг байгуулан ахлагчаар намайг томилсон.

Жишээ дурдахад, манай улсад хоёр жилийн өмнө зөвхөн гэртээ хүчирхийлүүлж, гэмтэж бэртсэн, цаашлаад эрүүл мэнд, амь нас нь хохирсон 25 мянган хүүхэд байсан бол цар тахлын үед энэ тоо 35 мянга болж нэмэгдсэн. Хүчирхийлүүлж, ямар нэг байдлаар эрүүл мэндээрээ хохирч, гэмтэж бэртэж буй энэ 35 мянган хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч хуулийн ямар ч хариуцлага хүлээдэггүй. ХНХЯ-ны Нийгмийн хамгааллын судалгааны институтээс хийсэн судалгааны тайланд 10 хүүхэд тутмын нэг нь ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртсөн байна. Хоёр хүүхэд тутмын нэг нь бие махбодын хүчирхийлэл, дөрвөн хүүхэд тутмын гурав нь сэтгэл санааны хүчирхийлэл, гурван хүүхэд тутмын нэг нь үл хайхрах хүчирхийлэл, найман хүүхэд тутмын нэг нь бэлгийн хүчирхийлэлд өртөж байна гэжээ. Хүүхдийн тусламжийн 108 утсанд хандсан 26503 дуудлагын зорилтот 10461 дуудлагад кейс үүсгэсэн. 4416 нь хүүхдийн эрх, хамгаалал, 760 нь бие махбодын хүчирхийлэл, 111 нь бэлгийн хүчирхийлэл, 900 нь сэтгэл санааны хүчирхийлэл, 710 нь үл хайхрах хүчирхийлэл, 2127 нь зөвлөгөө хүсэж дуудлага хийжээ. Ямар ч хүн энэ тоог сонсоод гар хумхиад зүгээр сууж чадахгүй. Сэтгэл зовнино, ямар ажил хийвэл ийм хариуцлагагүй байдал өөрчлөгдөх вэ гэдэг талаар хүчин зүтгэх нь мэдээж. Иймээс хүүхэд хамгааллын асуудал маань хөрсөн дээрээ ямар байна. Төсөв санхүүжилт нь хүрэлцэж байна уу, төсөв нь хүүхэд хамгаалалд зориулж байна уу, хүүхдийн мэргэшсэн ажилтнууд хэр бэлтгэгдсэн, хүүхдийн өмнө үүрэг хүлээсэн төрийн байгууллагуудын уялдаа холбоо ямар байна гэсэн шат дараатай олон асуудлаар ажлын хэсэг ажиллаж байна. Хүүхдийн гэсэн тодотголтой бүх байгууллагад очиж ажиллаж, тулгамдсан асуудлыг нь сонсож байна. Ажлын хэсэг энэ чуулганы хугацаанд санал дүгнэлтээ гаргаж танилцуулах болно” гэж ярилаа.

Эх сурвалж: www.polit.mn