Б.ДАМДИН-ОЧИР

Шинэ жилийн дараахнаас эхлээд цагаан сараар ид хөөсөрч, дуулиан шуугиан тарьж байсан Хөгжлийн банкны хэрэг өдгөө аядуу намдуухан талдаа оржээ. Анхаарал татах нь ч багасч буй бололтой. Учир нь Хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудлаар УИХ-ын хэд хэдэн гишүүн хууль хяналтын байгууллагад шалгуулж байна. Эхнээс нь бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд шалгах саналаа Ерөнхий прокурор УИХ-д оруулсан. УИХ-ын гишүүд дөрвөн гишүүнээ авч үлдэх шийдвэр гаргасан. Бараг сарын өмнөх энэ үйл явдлын дараа олон нийт “...Энэ худлаа боллоо” гэцгээсэн. АТГ-ын мөрдөгчдийн зүгээс “...Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлж байж шалгахгүй бол мөрдөн шалгах ажиллагаанд саад болно” гэж шууд мэдэгдсэн. Бас Ерөнхий прокурорын байр суурь бараг л тодорхой харагдсан. Эхлээд Халдашгүй байдлын дэд хорооны гишүүд, дараа нь чуулганд оролцсон гишүүд “...Дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэхгүйгээр шалга” гэсний дараа Ерөнхий прокурор “...Дараагийн удаад гишүүдийн асуудлыг албан нууцаас гаргаж оруулж ирнэ” гэчихээд гарч явсан тухай эх сурвалжууд мэдээлсэн. Түүнээс хойш 20 гаруй хонолоо. Ерөнхий прокурор саналаа дахин тавьсангүй. Харин “...Ерөнхий прокурор Хөгжлийн банкны хэргийг багцлаад шүүх рүү шууд шилжүүлэх гэж байна” гэх мэдээлэл долоо хоногийн өмнө гарсан. Бид мэдээлсэн. Тэр үнэн болж таарав. Ерөнхий прокурор эрхэм гишүүдийг түдгэлзүүлэх санал дахин гаргасангүй. Хэргийг хянан шийдвэрлэхэд ийм санал гаргах хуулийн хугацаа ч үлдсэнгүй гэхэд болно.

Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа ид үргэлжилж буй юм байна. Өнгөрсөн баасан гаригт “Пирамид орд”-ын зээлтэй холбоотой асуудлаар Д.Байгальмаагийн оффос, байруудад үзлэг, нэгжлэг хийжээ. Мөн ирэх долоо хоногт Х.Баттулгыг яллагдагчаар татах бололтой. Хэргийг мөрдөн шалгах явцын талаар эх сурвалж “...Уг “багц” хэргийн дийлэнхийн мөрдөн шалгах үйл ажиллагаа дууссан. Хэргүүдийг прокурорын хяналтад шилжсэн байна. Прокурор яллах дүгнэлт үйлдэж байна. Энэ долоо хоног, цаашлаад ирэх долоо хоногт “боогоод” Чингэлтэйн шүүхэд шилжүүлэхэээр ажиллаж байна” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 23. ДАВАА ГАРАГ. № 102 (6834)