Театрын Гэрэл

0
хуваалцах
306
үзсэн

Ч.ҮЛ-ОЛДОХ

 

Тэртээх 1980-аад онд Баянхонгор аймгийн хоёр өөр сумаас ижилхэн улаан цоохор пальто өмссөн 10 гаруйхан насны  салаа гэзэгтэй охид  Олон улсын “Найрамдал” лагерьт амрахаар хөтлөлцөн явжээ. Монголын Пионерийн Төв зөвлөлөөс сурлага, хөдөлмөрийн онцгой амжилт гаргасны учир хэмээн “Хүндэт жуух”-ын хамт ийм эрхээр шагнасан байна. Тэд хоёул тавдугаар ангийн сурагч. Түүний нэг Б.Гэрэл хэмээх сэргэлэн шар охин “Найрамдал” лагерьт 45 хоног амрахдаа тэнд зохиогдсон спортын тэмцээний  бүх төрөлд аваргалж, урлагийн наадмын мөн бүх үзүүлбэрт авьяасаараа цойлж үеийнхнээ шагшируулж, багш нарыг гайхшруулсан юм. Онцгой авьяастай түүнийг  хамт амарсан найз нь  Батнасангийн Гэрэл  хэмээн овогтой нь хамт цээжилж, очсон даруйдаа захидал бичсэн ч хариу ирсэнгүй. Он жилүүд алсарсаар  олж уулзаж чадалгүй 40 жилийг туулжээ. УДЭТ  түүхт 90 жилийн ойгоор  энгэртээ “Алтангадас” одон гялалзуулсан тус театрын  менежер, Соёлын тэргүүний ажилтан Б.Гэрэл охиныхоо зургийг цахим хуудастаа оруулсныг хараад “Энэ чинь Гэрэл байна шүү дээ” гэсээр багын найз нь түүнийг  олж уулзсан түүх ийм. “Найрамдал”-д хамт амарч  нөхөрлөсөн хоёр охины нөгөөх нь сэтгүүлч миний бие билээ.

 

Таниагүй танил буюу үерхлийн үргэлжлэл

 

Сэтгүүлчид түүнийг “Театрын Гэрэл” гэдэг. Урд нь  ажлын шугамаар уулзаж, театрынхны  шинэ  бүтээлийн тухай  тодруулга, мэдээлэл авч явахдаа ер анзаарсангүй. Хоёр жилийн өмнө  Баянхонгорт очихдоо “Баацагаан сумын тэмээчин Батнасан гуайн охин Гэрэл гэж миний үеийн бүсгүй байх учиртай” хэмээн сурагласаар  “Малын эмч Батнасан гэж бий, тэднийд Гэрэл гэж охин бий” гэсэн хариу сонссон ч “Үгүй аав нь  тэмээчин хүн байх учиртай” хэмээн зүтгэж, эрлээ мухардуулжээ. Драмын театрынхны түүхт ой нүргээнтэй болж, өдөр бүхэн цахим орчинд зураг тавигдаж, тэр болгон нь хүссэн ч, эс хүссэн хэнийг ч дагуулан   давалгаалж  байхуйд өчнөөн жил сэтгэлдээ тээн эрж  хайж явсан найзынхаа хамтдаа  хөтлөлцөж  тоглож  явсан  хөөрхөн  төрхийг  олж үзсэнээр Б.Гэрэлтэйгээ  уулзав. Өнөөх зураг охиных нь  байсан ч 40 жилийн өмнө бидний хамт авахуулсан зураг дээрх Б.Гэрэлтэй усны дусал мэт адилхан байсан юм.

Урт замыг туулсаар олж авахад найз минь зөвхөн Улсын Драмын  Эрдмийн театрын  ч бус  Монголын их урлагийн нэгэн тод Гэрэл   болж, хөдөлмөр зүтгэлээрээ оройлон манлайлагч болсон  байгаа нь  бахархам. УДЭТ хэмээх Монголын үе үеийн   урлагийн бурхад чуулсан эрхэмсэг “Ягаан өргөө”-нд  тавигдсан 50  гаруй шинэ  бүтээлийн менежерийг хийж, монголчуудын оюун санааны ертөнцийг гэрэлтүүлсэн түүнийг  ийн нэрлэх нь  огт хэтрүүлсэн болохгүй гэж  бодном. 

 

“Зил-130”-ийн тэвшин дээр суун  нуугдаж  очоод  Багшийн сургуульд шалгуулж тэнцжээ 

 

 Б.Гэрэл маань  багаасаа урлаг, спорттой нөхөрлөсөн ч урт замыг туулж мөрөөдлөө биелүүлжээ. 1987 онд наймдугаар ангиа онцсайн дүнтэй төгсч Багшийн сургуулийн хөгжмийн ангид шалгуулах гэтэл  “Сурлага сайтай юм чинь 10 жилд сур” гэж ар гэр, багш нар нь ятгажээ. Тэгэхээр нь  “Зил-130” машины тэвшин дээр нуугдаж суугаад аймгийн төвд очиж шалгуулахад  300 гаруй авъяаслаг хүүхдээс шалгаран тэнцсэн байна. 1991 онд сургуулиа  амжилттай дүүргэж, ханьтай ч болж, анхны хүүгээ өлгийдөхийн сацуу ажил, амьдралынхаа анхны  гарааг  Архангай аймгаас  дуу хөгжмийн багшаар эхлүүлжээ. Гурван хүү, нэг охин төрүүлсэн айлын дархан бэр, “Алдарт эх”, боловсролын салбарын Тэргүүлэх зэрэгтэй багш, түмэн олноо  соён гэгээрүүлэгч Соёл урлагийн шилдэг маркетер хийгээд магистр, Соёлын болон Спортын тэргүүний ажилтан, УДЭТ-ын менежер Б.Гэрэлийн урлагт тэмүүлсэн урт замын эхэн  ингэж тавигджээ.

 

Оюутан байхдаа  танигдсан менежер

Б.Гэрэл багшилж байхдаа 1997-1998 оны үед  СУИС-ийн  хөгжмийн багш,  концертмейстр болон урлагийн  менежментийн  шинэ ангид зэрэг шалгалт өгч хоёуланд нь тэнцсэн юм билээ.  Сонголтоо хийхдээ урлагийн  менежментийн  ангид орж суралцжээ. Оюутан байхдаа балетийн урлагт цахиур хагалсан Д.Алтанхуяг нарын "HABL Dance" анхны хамтлагийн “Great Jazz Ballet” модерн  балетын  тоглолтыг Монгол анх удаа  ДБЭТ-т амжилттай зохион байгуулж, соёл урлагийн менежер мэргэжлийнхээ анхны  гарааг эхлүүлсэн байна. Мөн оюутны бие даалтын ажлаар нөхлийн хамт “Соёлын наадам” ивентийн санааг анх гаргасан түүхтэй. 2004 оноос  “Монре инпекс” компанийн орчин үеийн бүжгийн сургалт, мэдээллийн төвийн ерөнхий менежерээр ажиллахын зэрэгцээ  МҮХАҮТ-ын гишүүн байгууллага “Хотула трейд” компанийн  гадаад зах зээлд улсаа сурталчлах  Монголын анхны үйлчилгээний “Guide” номыг  гаргах ажлын соёл урлагийн байгууллагуудыг хариуцсан менежерээр  ажиллаж байхдаа ажлын шугамаар УДЭТ-ын захирал  Д.Цэрэнсамбуутай уулзсан нь түүний замыг театр руу эргүүлжээ. Зорьсон ажлаа яриад  гарсан түүнийг   Д.Цэрэнсамбуу захирал ихэд тоож “Манайх ийм менежертэй болчихвол” гэсээр үлдсэн нь эрхэмсэг  “Ягаан байшин” руу урлагийн бурхдын зүг хөтлөн,  Ардын жүжигчин Л.Жамсранжав, Ардын жүжигчин, найруулагч Б.Мөнхдорж, Төрийн соёрхолт Н.Сувд нарын өмнө авчирч ажлын анхны ярилцлагад шалгуулжээ.Эндээс  Б.Мөнхдорж найруулагч “Энэ хүүхдийн нүднээс оч гялалзаж байна, хөгжмийн багшаар  улсад ажиллаж байсан  туршлагатай учраас туршилтаар биш шууд авья” гэснээр театрын нэг эд эс болж менежерээр ажиллах хувь тохиолыг нь тодруулан зурсан байна.

 

“Саран хөхөө” жүжгээр эхэлсэн театрын зам

Түүнийг менежер болох үед  Ардын жүжигчин Б.Мөнхдорж  Догшин ноён хутагт Данзанравжаагийн “Саран Хөхөө”  үндэсний туульсын жүжгийг тайзнаа найруулан тавих гэж байсан гэдэг. “Оролцсон, үзсэн, сонссон хэн бүхний  заяа нь дэлгэрнэ” гэсэн  ерөөл бүхий  уг  бүтээлийн менежерээр ажлын гараагаа эхлүүлснээс хойш тэрбээр театрын тайзнаа тавигдсан шинэ уран бүтээл бүрд сэтгэл, сэтгэхүй, ухаан, ур чадвараа уралдуулах болжээ. Менежер хүн бусдаас түрүүлж, бас шинээр сэтгэдэг  байх ёстой. Овсгоо, самбаатайн дээр алсын хараатай байж амжилтад хүрдэг бол энэ бүх чадварт тэрбээр  суралцахын хажуугаар биеэр үлгэрлэн хийж бүтээж иржээ. Шинэ бүтээлээрээ нийгмээ сэрээж байдаг  Төрийн шагналт Н.Наранбаатар болон бусад найруулагчийн бүтээлийг үзэгчдэд хүргэхэд   хамтран зүтгэж, Төрийн их наадмын туслах продюсероор ажиллаж, “Монгол наадам” дуунд урлагийн бүх оддыг хамруулан клипийг  нь хийж,  анхны контентийг гарган DVD хэвлүүлж  олны хүртээл болгосон гээд  хийсэн, бүтээснийг нь  тоочвол урт жагсаалт гарах ажээ.

Их тайзны тоглолтуудаас гадна гэрээт уран бүтээлүүд, уран бүтээлийн цэнгүүн, ОУ-ын фестиваль, орон нутгийн аялан тоглолтууд, цаг үеийн шинжтэй театрын дотоод ажлууд гээд  ачаалалтай ажиллахдаа эрүүл мэндийн байдал эрсдэлд орсон ч эргэж хөл дээрээ босохдоо  “Эрүүл амьдралын хөтөч” болж, өөрийгөө ялсаны зэрэгцээ бусдад урам дэм өгч, ном бичиж дахин гэрэлтсэн Б.Гэрэлийн туулсан зам өөрөө  гэрэлтэй түүх ажээ. Түүний тухай бичиж эхлээд дуусах хараахан болоогүй явтал нэг өдөр тэрбээр “Улсын менежерийн ажлыг өөрийн хүсэлтээр өгч, дөрвөн хүүхдийн ээж би гавьяаны амралтаа авлаа.

Урлагийн менежер хэвээрээ байгаа шүү, найз нь” хэмээн цахим хуудастаа бичсэн байв. Бас дараахан нь тэтгэвэрт  гарна гэдэг  тэр чигээрээ явчихаж буй юм биш, өөрийн хүссэн, зорьсныг биелүүлэх өөр нэг том боломж” гэсэн байсан юм. Б.Гэрэл УДЭТ-ын хаалгыг зөөлөн хаасан ч их урлагаасаа явахгүй. Магадгүй цоо шинэ бүтээлүүдтэй тэр теарт эргэж ирж тэсрэлт хийх  гэрэлтэй менежер гэдгийг үзэгчид мэдэх тул хүлээж байгаа биз ээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  НЭГДҮГЭЭР САРЫН 14. БААСАН ГАРАГ. № 10 (6742)