Б.ДОЛЖИНЖАВ

Хорвоо дээр орших долоон тэрбум гаруй хүн арьс өнгө, үзэл бодол, хүсэл сонирхол, соёл уламжлалаас эхлээд сонсдог хөгжим, уншдаг ном, үздэг киногоороо харилцан адилгүй. Тэр дундаа нас чацуу хүмүүс ч өссөн орчин, хувь хүний хандлага, төрсөн улсаасаа шалтгаалан тэс өөр байх нь бий. Тиймээс бид Монголын болон дэлхийн нас чацуу алдартнуудын амьдралын хэв маяг, эерэг дадал, биеэ авч явах соёлоос хуваалцах “Чацуутнууд” буланг хүргэж байна. Энэ удаа Монголын шинэ үеийн залуу реппер Lil Thug-E болон Канадын алдарт реппер Tory Lanez нарыг  онцоллоо. 

“Тэр үргэлж инээмсэглэл цацруулдаг”

Монголын хип хоп ертөнцийн томоохон орон зай, тод өнгө болсон реппер Lil Thug-E буюу Г.Төгөлдөр 2013 оноос уран бүтээлийн гараагаа эхэлжээ. Тэрбээр  биологийн мэргэжлээр суралцсан боловч өөрийн хүсэл эрмэлзлэлдээ хөтлөгдөн Монголын хип хоп ертөнцөд “south”, хип хоп, трап урсгалаар уран бүтээлээ туурвиж буй авьяаслаг реппер юм. Түүний “Одоо”, “Хавар”, “Анзаарахгүй” дуунууд нь  сонсогчдын хайр хүндэтгэлийг хүлээхийн сацуу долдугаар сард цацсан “Чамтай” дуу нь энэ зуны хит болсон юм. Г.Төгөлдөр нь уран бүтээлийнхээ үг болон аяыг өөрөө бичиж, дотоод ертөнцөө бүхэлд нь тольдон харуулсан хурц шийдэмгий үгс, сэтгэлийн гүнээс нь ундран гарах уран яруу шүлгээрээ урлагийн ертөнцөд цоо шинэ өнгө төрхийг нэмсэн билээ. Үүгээр ч зогсохгүй олон арван хамтлаг дуучдын хит уран бүтээлийн аяыг бүтээн туурвиж, орчин цагийн хөгжмийн өнгө төрхийг 29-хөн насандаа тодорхойлж яваа нь цаашид Монголын урлагийн ертөнцөд нэгэн өөрийн гэсэн шинэ урсгалын эхлэлийг тавиад байгаа юм.
Түүний талаар “SPS” телевизийн Ерөнхий продюсер Б.Ялалт “Г.Төгөлдөр бол хүн бүртэй сайхан харилцдаг, хүмүүсийн хайрыг татдаг, зөөлөн, сайн залуу.Бидний мэдэх хамгийн күүл репперүүдийн нэг. Хүрээлэл дундаа их үнэтэй эрдэнэ. Lil Thug E гэхээр хамгийн эхэнд инээмсэглэл санаанд ордог. Байнга инээмсэглэж явдаг, хамт байхад эерэг  энерги цацруулдаг хүн. Түүний rhyme, flow нь давтагдашгүй учир Монголын хип хопод маш их хэрэгтэй уран бүтээлч юм. “Одоо” дууг нь youtube-д 12 сая гаруй удаа үзсэн нь том амжилт. Авьяастай залуу репперийнхээ дуунуудыг нь дахин сонсож, хамтдаа сагс тоглохыг үнэхээр их хүсч байна” гэж ярилаа.Учир нь реппер, ая зохиогч, продюсер Lil Thug E нь цусны цочмог хорт хавдартай хэмээн оношлогджээ. Түүний эмчилгээний төлбөр нь эхний байдлаар 650 сая төгрөг болох бөгөөд найз нөхөд, гэр бүл, хип хопын ертөнц, Монголын ард түмнээсээ цуглуулах #BigLIFEforLilTHUGE хандивын аянд нэгдэхийг  уриалж байна.

416-гийн түүх болсон Tory Lanez

Канадын реппер, ая зохиогч, продюсер Дейстар Шэмуэл Шуа Петерсон буюу уран бүтээлч Tory Lanez 1992 оны долдугаар сарын 27-нд төржээ. Тэрбээр 2013 оны наймдугаар сард  “Миний дотоод сэтгэлийн зөрчлүүд буюу 416-гийн түүх”  /Conflicts of My Soul:The 416 Story/ mixtape цацан олны анхааралд өртсөн юм. Үүний дараахан 2015 онд продюсер Бэнни Бланкогийн студитэй гэрээ байгуулсан юм. Түүний анхны студийн цомог болох  2016 онд гаргасан “I Told You” нь “Billboard Hot 100” жагсаалтад багтсан нь томоохон амжилт болсон билээ.  Энэ цомогт "Say It", "Luv" тэргүүтэй дуунууд багтсан юм. Үүнээс хойш “Дурсамж хэзээ ч арилдаггүй” /Memories Don't Die/, “Одоо ч намайг хайрладаг уу” /Love Me Now?/, Chixtape 5, Daystar гэсэн дөрвөн цомог гаргасан юм. Үүнээс  "Chixtape 5" цомог нь АНУ-ын шилдэг 200 цомгийн хоёрдугаарт, өнгөрсөн онд гаргасан Daystar цомог нь тус жагсаалтын аравдугаарт жагссан юм. Мөн тэрбээр урлагийн салбарын хамгийн том шагнал болох “Grammy Award”-аас "Luv" нэртэй дугаараа дөрвөн номинацийн шагнал хүртэн дэлхийд алдаршсан билээ. 
Тэрбээр хүүхэд байхаасаа хип хоп дуу бичиж эхлэн өөрийн авьяасаа эрт нээн илрүүлжээ. Мөн түүний ээж нь бага байхад нь хүнд өвчний улмаас нас барж, аав нь түүнийг орхисон нь өөрийг нь хатуужуулсан хэмээн ярьжээ. Энэ тухай Tory Lanez “Бүх хүн намайг орхих үед би юу хийх учраа олоогүй. Миний 15-18 нас хүртэлх гурван жилд би юу хийх ёстой бүрэн ухаарч чадаагүй. Гэхдээ энэ үеүдэд би өөртэйгээ үргэлж тэмцэж байсан. Хайрлах ээж, аав, эмээ ч надад байхгүй амьдрал өнөөдрийн намайг бүтээсэн. Миний амьдралыг бүхэлд нь өөрчилсөн” гэжээ. Ийн тэрбээр аравдугаар ангиасаа сургуулиасаа гарч урлагийн салбарт бүхнээ зориулж эхэлсэн түүхтэй.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.30 ПҮРЭВ № 192 (6669)