Б.ДОЛЖИНЖАВ

Өдгөө 33 настай Барбадос улсын дуучин, жүжигчин, загвар зохион бүтээгч, поп од, бизнес хатагтай Риана тэрбумтан болсныг “Forbes” сэтгүүл албан ёсоор зарлалаа. Тус сэтгүүлээс тооцоолсноор дуучин бүсгүйн нийт хөрөнгийн хэмжээ 1.7 тэрбум ам долларт хүрчээ. Ингэснээр урлагийн салбарын хамгийн баян эмэгтэй дуучдын нэгдүгээрт, шоу бизнесийн салбарын баян эмэгтэйчүүдийн хоёрдугаарт жагслаа. Энтертайнмент салбарын хамгийн баян эмэгтэйчүүдийн жагсаалтын нэгдүгээрт телевизийн алдарт хөтлөгч Опра Уинфри жагсдаг юм.

Дуучин Риана хамгийн сүүлд 2016 онд шинэ цомгоо гаргаснаас хойш “Fenty Beauty” хэмээх гоо сайхны бүтээгдэхүүний компани болон “Savage x Fenty” дотуур хувцасны бизнестээ анхаарлаа хандуулах болсон юм. Жинхэнэ нэр нь Робин Фэнти болох Рианна “Fenty Beauty” компаниа 2017 онд Францын LVMH тансаг эдлэлийн аварга компанитай хамтран байгуулж байв.

“Forbes” сэтгүүлээс мэдээлснээр “Fenty Beauty” компанийн орлого 2.8 тэрбум ам доллар аж. Түүний гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг 2018 онд “Sephora” дэлгүүр худалдаж эхэлснээс хойш жил бүр 550 сая ам долларын орлого олдог болжээ. Энэ нь Ким Кардашианы KKW Beauty, Кайли Женнерын “Kylie Cosmetics” брендийн орлогоос давсан үзүүлэлт юм. Ингэснээр поп од дуучин бүсгүй гоо сайхан болон эмэгтэйчүүдийн загварын ертөнцийн стандартыг өөрчилсөн юм. Дэлхийн алдартай “Louis Vuitton”, “Celine” зэрэг томоохон загварын брэндүүдийг эзэмшдэг Францын “LVMH” групп нь “Fenty Beauty” брэндийн 50 хувийг, Риана өөрөө 50 хувийг нь эзэмшдэг байна.

Түүний бизнесийн амжилтын гол нууц нь бүх төрлийн галбир болон бүх төрлийн арьстай эмэгтэйчүүдэд зориулсан бүтээгдэхүүн гаргадаг хэмээн “Bluestock Advisors”-ийн үүсгэн байгуулагч, хэрэглэгчдийн бүтээгдэхүүний зөвлөх Шэннон Койн ярьжээ.

Тэрбээр “Ямар ч бие галбир, дүр төрхтэй эмэгтэйчүүдэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн анхны брендийг Риана үүсгэсэн гэдгийг тодотгох нь зүйтэй. Эмэгтэй хүн бүрийн арьсны онцлог өөр. Үүнд нь тохирсон бүтээгдэхүүн байдаггүй байв. Гэтэл шаргал, бор, дунд зэрэг бор, дунд зэрэг шаргал гэсэн бүх арьсанд тохирсон бүтээгдэхүүн гаргана гэдэг итгэмээргүй” гэж “Forbes” сэтгүүлд ярьсан байна.

Гоо сайхны бүтээгдэхүүний “Fenty Beauty” компанийн хувьцаа 1.4 тэрбум ам.доллароор, дотуур хувцасны “Savage X Fenty” брэндийн хувьцаа нь 270 сая ам.доллароор үнэлэгдэж байна.

Риана “Savage x Fenty” компанийнхаа 30 хувийг өөрөө эзэмшдэг. Энэ компанийг нь нэг тэрбум ам доллараар үнэлсний дараа хоёрдугаар сард  тэрбээр 115 сая ам доллар хүртжээ.

Риана 2005 онд анхны студийн цомгоо гаргаснаас хойш долоон цомог гаргаж, “Грэмми”-гийн шагналыг есөн удаа хүртсэн юм. Мөн түүний “Instagram” хаяг 103 сая дагагчтай.  Үүнийгээ ашиглан брэндүүдээ олон нийтэд сурталчилдаг. 

Эх сурвалж:CNN