Шагналын “аадар”, сонгуулийн сунгааны дараа Засгийн газар эрүүл мэнд, эдийн засгийн асуудалтай дахин нүүр туллаа

0
хуваалцах
208
үзсэн

Б.БАЯР

 

COVID-19-ийн халдвар маш ноцтой хэмжээнд тарлаа. Өдөр бүр 2000 гаруй халдвар шинээр нэмэгдэж байна. Бас арваас дээш хүн нас барж байна. Энэ бол гурван сая гаруйхан хүн амтай манай улсын хувьд маш аюултай үзэгдэл юм.

Хамгийн сүүлд, өчигдөр ЭМЯ-ны мэдээллээр, шинжилгээ өгсөн 10400 хүний  2188-аас нь халдвар илэрчээ. Бас 10 хүн нас барсан байгаа юм.

Өнгөрсөн тавдугаар сарын сүүлчээс халдвар мянга хол давж, үхлийн тоо арваас буухаа больсон. Бараг хориод хоног иймэрхүү дүн мэдээтэй явж байна. Онцгой комисс, ЭМЯ-нд байгаа мэдээллээс харахад сүүлийн өдрүүдийн COVID-19-ийн халдварын 80 орчим хувь нь  хүүхэд, эхчүүдээс илэрсэн байна. Бас гэр бүлээрээ халдвар аваад эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй тохиолдол дийлэнх хувийг эзэлж байна.

Энэ тоо юу хэлээд байна вэ?!

Тандалтын багийнхны тогтоосноор өнгөрсөн хугацаанд буюу тавдугаар сарын сүүлчээс огцом нэмэгдсэн COVID-19-ийн халдварын хамгийн том шалтгаан нь төрийн одон медаль гардуулсан үйл явдал болжээ. Мөн сонгуулийн сунгааны явцад хийсэн уулзалтууд, сонгуульд оролцогч талуудын хүмүүсийн “хөдөлгөөн” COVID-19-ийн халдварыг орон нутагт тараах томоохон “хамжигч” нь болсон байгаа юм.

Тодруулбал, “Алдарт эх”-ийн одон авсан эхчүүд, тэдний үр  хүүхэд, гэр бүлийнхэн, төрөл төрөгсөд гээд дам хавьтлууд урсчихаж байгаа аж. Эхчүүд одонгоо авахаар очихдоо халдвар авдаг. Гэртээ хариад хүүхдүүддээ халдаадаг. Хүүхдэд шинж тэмдэг бага мэдэгддэг. Ихэнх тохиолдолд шинж тэмдэг үзэгддэггүй. Иймээс гадаах тоглоомын талбай, орц, цахилгаан шатанд хүүхдээс халдвар дамждаг байна.

Жин дарж байгаа нь энэ шагнал бөгөөд ер нь л шагналтай холбоотой тархалт өнөөдрийн эмгэнэлт хэмжээнд хүргэсэн нь тодорхой болсон байна. Өөрөөр хэлбэл, шагнал бүрийн ард найр болдог. Тэр нь халдварын хамгийн гол тарах суваг нь болжээ. Харин ингэтлээ тарж буй COVID-19-ийн халдварт бүрэн буюу хоёр тун вакцинд хамрагдсан хүмүүсийн нэг хувь нь өртжээ. Олон улсад бүрэн вакцинтай хүмүүсийнх нь тав хүртэл хувь нь халдварт өртсөн мэдээлэл байна. Хойд хөршид гэхэд л бүрэн вакцинтай хүмүүсийнх нь 1.8 хувь COVID-19-ийн халдвар авчээ.

Манай улсын хувьд нийт иргэдийн 40 хувь нь бүрэн вакцинд хамрагдсан. Уг нь тандалтаар вакцины үр дүн сайн гарсан байгаа юм. Одоо яах ёстой вэ. COVID-19-ийн халдварын тархалтыг зогсоох шаварт унасан шарын эзэн нь Засгийн газар, Онцгой комисс юм. Тэндээс арга хэмжээ авна гэсэн үг. Манайд ингэж байдал онц ноцтой хэмжээнд хүрч байх үед хойд хөрш ОХУ-д ч халдварын тархалт огцом нэмэгдлээ. Өнгөрсөн баасан гарагаас бямба гараг хүртэл 24 цагийн хугацаанд ОХУ даяар COVID-19-ийн 13 мянга гаруй халдвар нэмэгджээ.  Үүний тал нь Москвад илэрчээ.

2021 оны нэгдүгээр сараас хойш намжмал байсан COVID-19-ийн халдварын тархалт ингэж огцом өссөнд Москва хотын дарга Сергей Собянин долоо хоногийн хугацаатай онцгой арга хэмжээ авахаар болсноо зарлажээ. Ингэхдээ ажил хийдлэг хүмүүсийг ирэх долоо хоногт цалинтай чөлөө олгуулахаар болсон байна. Энэ хугацаанд хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэнгүүдэд хөл хорио тогтоох юм байна. Бас шөнийн цагаар хөл хорионы дэглэм тогтооно. Ингэж шийдэж байна.

Харин манай Засгийн газар, Онцгой комисс COVID-19-ийн нөхцөл байдлын судалгаа, мэдээлэл, дүгнэлтээс үндэслээд хэд хэдэн арга хэмжээ авах бололтой. Юуны өмнө орон нутаг дахь хөдөлгөөнийг хязгаарлана. Мөн жирэмсэн эхчүүдийг вакцинжуулах асуудлыг эрчимжүүлэх шаардлагатай болжээ. Түүнчлэн төрийн одон, медаль, шагнал авсан, тэдгээрийн дайллага цайллагад орсон хүмүүсийг яаралтай шинжилгээнд хамруулахаар болж байна. 

Үүнээс гадна эдийн засгийн хүндрэлүүд хаалга тогшиж байна. Харин  ирж болох хүндрэлийг зохиомлоор бий болгохыг оролдсон “зудны нохой”-нуудын сураг дуулдаж ангайлгав. Өнгөрсөн баасан гарагийн шөнөдөө, машин тэрэгтэй хүмүүс ШТС-уудад оочерлож бөөн юм болсон. Шатахууны үнэ нэмэгдэх дуулиан түгээд байв. Гэтэл тэр дуулианыг шатахуун импортолдог бизнестэй УИХ-ын нэгэн гишүүн зохион байгуулсан гэх асуудал улс төрийн хүрээнд яригдаж байх юм. “Татгалзахын аргагүй санал”-аас нь татгалзсан Засгийн газрын тэргүүнд хорссон тэр гишүүн Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрүүт “...Үнэ нэмэгдэх” дуулиан тарьсан нь энэ бололтой юм. Ийм яриа нэвт явж байна.

Гэхдээ бөөрөнхий дэлхийн эдийн засаг тэр чигтээ хямарч буй энэ цаг үед зарим талаар биднээс хамаарахгүй зүйл олон бий. Нийлүүлэгч үнэ юмаа нэмэх юм бол “эрэгч” бид яаж чадах билээ дээ. Гэлээ ч ажиллах ёстой. Хамгаалах ёстой. Чадах ёстой. Засгийн газрын үүрэг нь энэ юм. Үүний зэрэгцээ монгол хүн бүрт бас үүрэг, хариуцлага ирж байна. Халдсан нь эмчилгээндээ анхаарч, халдаагүй нь ариун цэврээ сайн сахих хэрэгтэй боллоо.

Өнгөрсөн таван сард энэ Засгийн газар муугүй л ажиллаж байна гэсэн дүнг экспертүүд өгч байлаа. Харамсалтай нь сүүлийн хориодхон хоногт COVID-19-ийн халдвар замаа алдаж, тэр бүхнийг баллуурдаж орхив.

Шагналын “аадар”, сонгуулийн сунгааны дараа Засгийн газар эрүүл мэнд, эдийн засгийн асуудалтай дахин нүүр туллаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.6.14 ДАВАА № 118 (6595)