Д.ГҮНДАМДИН
Нийтлэлч Д.Гүндамдиний бичсэн “Дөрвөн Ерөнхийлөгчийн имиж” гарчигтай материал FACT.MN цахим хуудаст нийтлэгджээ. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатаас одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүртэлх төрийн тэргүүнүүдийн сайн, муу талыг нь дэлгэрэнгүй бичсэн түүний материалыг уншигчиддаа товчлон хүргэж байна.
АНХНЫ ЕРӨНХИЙЛӨЛ БУЮУ ТҮРҮҮЛЖ СЭРСЭН ГУЙЛГАЧИН
Тэр бол хамгийн сэргэлэн нь. Зальтай овжин нь. Энэ чанараа хээгүй, гүндүүгүй гэх хоч, хэв шинжээрээ нуун далдалж чаддаг нэгэн. Түүнд их том алсын хараа гээд байх зүг чиг байсангүй. Өөрийн хэрээс давж хэтийдсэн зорилго, амбиц ч байгаагүй. Тэр анхных нь учраас урьтаж, өрсөж болох тэр л хүрээний ажлуудыг барьж авсан. Түүнийг Ерөнхийлөгч болж байх он цагт Монгол орон буй дүрээрээ “алтан дээр сандайлсан гуйлгачин” байв. Харин анхны Ерөнхийлөгч маань сандайлж буй алтаа бусдад зарж, гэдсээ борлуулах арга замыг “Алт” хөтөлбөрөөрөө нээлээ. Тодорхой хэлбэл, тэр “түрүүлж сэрсэн гуйлгачин” юм. “Би гуйлгачин баймааргүй байна. Сандайлж буй алтаа зарж, баяжиж хөлжие” гэж хамгийн эхэнд орилсон овжин П.Очирбат одоо Монголын толгой баячуудын нэг болжээ.
Бүсээ чангалахаас аргагүй өлөн зэлмүүн зах зээлийн ширүүн шуурганд улс орон, ард түмнээ сөхчүүлэн туйлдуулчихалгүй авч гарсан алдар гавьяа түүнд оногдоно. Гэвч энэ нийтлэлийн өнцөг бол ерөнхийлөл. Ерөнхийлнө гэдэг нь бөөрөнхийлнө гэсэн үг биш. П.Очирбатын гавьяа хийгээд балгийг түүх дэнслэх хэдий ч түүний ерөнхийлсөн гол ажил өнөөдөр Монгол Улсад тийм ч сайшаахаар үр дагаврыг авчирсангүй.
Монгол орны 551 гол, 483 нуур, 1587 булаг ширгээд буй гэх баримт бол шуудхандаа түүний эхлүүлсэн балаг. Тэр хэтэрхий овжин байсны харгай. Мань эр өөрөө геологи, уул уурхай талын мэргэжилтэй, бүр салбарынх нь сайдын албыг хашиж явсныхаа хувьд “Алт” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэхэд нь дөхөм үзүүлсэн хэрэг. П.Очирбат соц нийгмийн үед хийгдсэн бүх л геологийн хайгуул судалгаа, нөөц нь тогтоогдсон ордуудын талаар мэдээлэлтэй байсны хувиар сандайлж буй алтнаасаа атгаж эхэлсэн юм. “Түрүүлж сэрсэн гуйлгачин” хэмээн оноосны учир ч ийм. Хэрэв түүний ерөнхийллийн үед хийгдсэн балгийг гэмт хэрэг гэж тооцох аваас П.Очирбатын зүйлчлэлийг шунахайн сэдэл гэж үзэх байсан биз. “Алт” хөтөлбөрийн хамаг балаг нь газар нутаг балран сүйдсэнээр зогсохгүй ээ. Монголын үнэт баялаг болох тонн тонн алт ямар ч татвар, хяналтгүйгээр гадагшаа урсан одсон юм.
Тэрбээр алт, орд газруудын лицензийг танил тал хийгээд ойр хүрээнийхэндээ хамгийн түрүүнд тарааж эхэлсэн байдаг. Улс төрийн намуудыг далдаас санхүүжүүлж байдаг уул уурхайн магнатууд тийн төрсөн түүхтэй. П.Очирбатыг Төрийн тэргүүнээр ажилласан 1992 оны есдүгээр сараас 1997 оны зургадугаар сар хүртэлх хугацаанд “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат, “Монгол газар”-ын Ц.Мянганбаяр, “МАК”-ийн Б.Нямтайшир зэрэг сар бүр Солонгост очиж казино тоглодог, нэг тэрбум төгрөг намын байранд хандивладаг, сайдын суудал худалдаж авдаг, нам байгуулдаг томоохон хөрөнгөтнүүд буй болсон юм. Нөгөөх “алтан дээр сандайлсан гуйлгачид” дундаас эдгээр эрхмүүд дэмий нэг, санаандгүй хувь тохиолоор товойн гарч ирээд “алтаар гулгисан баячууд” болон хувирсан гэж үү. Тэр үед л П.Очирбатын овжин зальжин, хувь хишиг хүртэмтгэй, хор хутгамтгай чанар товойн тодорсон болов уу. Эдгээр зан чанарыг нэгтгэж орчуулах аваас мөнөөх лобби гэдэг үг болой.
П.Очирбат бол өдгөө цагийн мэргэшсэн лоббичин. Өдгөө тэрбээр гадаадын хөрөнгө оруулагчдын албан ёсны лобби төлөөлөгч болоод байгаа бол ерөнхийлж асан он жилүүддээ албан бусаар асар олон лобби хийсэн байдаг. Албан тушаалаа урвуулан ашиглаж байгаагүй, ашиг сонирхлын зөрчилтэй биш хэмээн өөрийгөө өмгөөлж, бусдаар хамгаалуулдаг экс Ерөнхийлөгч П.Очирбат нэг л өдөр Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт алтны орд эзэмшдэг болж таарсан. Тэрхүү орд газрынхаа нөөцийг ашиглаж бараг дуусгаад хятадуудад 800 мянган ам.доллараар зарснаар энэ нь ил болж билээ. Ерөнхийлөгч байсан хүн мөнгө олж, бизнес хийж, уул уурхай эзэмшиж болохгүй юу гэж адрах болуужин. Гэвч лицензийг нь олж авахдаа албан тушаалаа урвуулан ашигласан эсэх, ашиг сонирхлын зөрчлийнхөө үр шимээр баяжсан эсэхийг шалгаж нягтлах л ёстой мэт. “Алт” хөтөлбөрийн буруу байгаагүй, нөхөн сэргээлт хийгээгүй алт ухагчид, нинжа нараас л болж миний санасан, сэдсэн ажил ийм балагтай боллоо гэж ярьдаг П.Очирбат өөрөө дээрх Батширээтийн орд газраа ашиглачихаад огт нөхөн сэргээлт хийгээгүй ажээ. Гэвч угийн зальжин учраас нөхөн сэргээлт хийгээгүй гэдэг ялд унахгүйн тулд хятадуудад зарж, нэрээ цэвэрлэсэн хэрэг.
П.Очирбат 1997 онд Ерөнхийлөгчийн албаа өгч “Тэнгэрийн цаг” компаниа байгуулсан. Удалгүй Сүхбаатар аймгийн Төмөртэйн цайрын ордыг ашиглаж эхлэхэд тэрбээр “Цайрт минерал” компанийн Засгийн газартай байгуулсан тогтвортой байдлын гэрээнд зуучлагчаар оролцжээ. Үүнийхээ хөлсөнд уг ордоос хувь эзэмших болсон гэдэг. Ерөнхийлөгч байхдаа Дорнодын Тамсагбулагт нефтийн цооног өрөмдөн гаргаж эхэлсэн АНУ-ын “Соко” компанийн нефтийн лицензийг Хятадын “Да чин” компанид шилжүүлэх ажиллагаанд ч П.Очирбат зуучлагчаар оролцсон байдаг. Өдгөө тэрбээр Тавантолгой орд газрын хамгийн баялаг нөөцтэй хэсэг болох Ухаа худгийг эзэмшиж буй “Энержи ресурс” компанийн ТУЗ-д багтаж, бодлогыг нь боловсруулалцаж байгаа. П.Очирбат энэ компанид зөвлөгөө өгөөд, сард 30 мянган ам.доллар халаасладаг гэж байгаа. “Алтайн хүдэр” компани түүний хүргэнийх. Ерөнхийдөө нэг иймэрхүү.
УДААХ ЕРӨНХИЙЛӨЛ БУЮУ ЗЭВҮҮН ҮГТЭЙ ӨВӨӨ
Тэр бол хамгийн зэвүүн нь. Сахал нь ч зэвүүн, санаа нь ч зэвүүн. Зэвүүн гэдгийг ихэнхдээ сөрөг утгаар хэрэглэдэг. Эсрэгээрээ эерэг утгаар нь ч хэрэглэж болдог. Ер нь бол ул суурьтай, дотуур далд бодол ихтэй, хянуур, алсуур бодлоготны л хэв шинж л дээ. Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди бол П.Очирбатыгаа бодвол улстөрийн бодлоготны хувиар ерөнхийллийг гартаа атгасан хүн. Хүнсний технологич мэргэжлээс Монгол Улсын Ерөнхийлөгч болсон түүний замналд өөлөх зүйл үгүй. Тухайн үеийн улс төр, бизнес, хэвлэл мэдээлэлд нэгэн том пирамид үүссэн байсны нэг тал нь мань хүн. Тэр пирамидаас улс төрийн олонлог эхэлдэг байв. Бизнесийн ашиг сонирхлууд тэр пирамидын эргэн тойронд ирж нийлдэг, тэндээсээ салаалан мөчирлөдөг байв. Тэрхүү пирамид болбоос Ш.Отгонбилэг, Ц.Балдорж, Н.Багабанди гурав. Жишээ баримт тоочно гэвэл хэт олон л доо. Өдгөөгийн алтны тэргүүн магнат, Монголын толгой баян Т.Нямтайширын “МАК”, Б.Эрдэнэбатын “Эрэл”, Сү.Батболдын “Алтай трейдинг” гээд энэ пирамидын үр хөврөл цөөн биш.
Н.Багабандид хоёр хоч бий. Нэг нь “хийгүй”, нөгөө нь “хүйтэн царайт”. Гэвч эдгээр хоч нь түүнд эерэг оноо болж очсон. Тиймдээ ч тэрбээр төрийн тэргүүнээр хоёронтоо сонгогдсон. Тэр олон нэмэх оноотой. Улс төрд түүн шиг төрийн албаны арвин туршлагатай, түшигтэй хүн цөөн. Тэрээр соёл урлагийн салбарт нэгэн томоохон алхмыг хийсэн нь морин хуурыг дэлхийн соёлын өвийн сан ЮНЕСКО-д бүртгүүлсэн явдал байлаа.
Гэхдээ тодорхойгүй, нотолгоогүй шалтгаанаар түүнийг одоогийн олигархиудын өвөө хэмээн оношлон нэрлэдэг. Олигархи гэхээр л учиргүй мөнгөтэй, эсвэл мундаг том компанитай, бас төрийн өндөр албан тушаал хашдаг нөхрийг хэлдэггүй нь мэдээж. Харин бүхий л хүрээнд нөлөөлж чаддаг, улс төрд өөрийн төлөөлөлтэй, олон бизнес, тэр дундаа улс орны хамгийн томд тооцогдох бизнесүүдэд өөрийн мөнгөний ууттай, аливааг далдаас удирдан чиглүүлж, зөвлөн зааж байдаг этгээдийг л нэрлэх бөлгөө. Тэгвэл сүүлийн үед Н.Багабандийг жинхэнэ олигархийн хэмжээнд олж харж эхэллээ. Олж харах гэсэн нь учиртай. Юу гэвэл, тэрбээр олигархийн хэв шинжит дүрээ сайн нууцалж, хэний ч анхаарлыг татахгүйгээр чимээгүй, хал балгүй, цаашаа хараад алхаж буй хүний төрхийг сайтар үлдээж чадсан юм.
2009 онд Монголын үндэсний баялаг болон Оюутолгойг эзэмшиж буй “Айвенхоу Майнз Монголиа” компанийн ТУЗ-д сонгогдсон нь Н.Багабандийн улс төрийн бус бизнесийн ашиг сонирхлын чиг шугамыг тодорхой болгосон хэрэг. Ил тод болгосон гэсэн үг. Тэр үед ард олон бас л уул уурхайн “хараал идсэн” мөнгөнөөс хол байж чадсангүй гэж Н.Багабандид шууд хасах оноо дарсан. Тус компаниас сард 40 мянган ам.долларын цалин авдаг Ерөнхийлөгч маань Монголын баялгийг цөлмөх гэсэн гадаадын компанийн тал уу, ард түмнийхээ талд уу гэдэгт хариулж цөхөх юм үлдсэнгүй. Хугараагүй ноён нуруу гэж одоо хэн ч түүнийг хэлэхгүй болж билээ. Ашиг сонирхлын зөрчилгүй гэж харах бүр ч утгагүй болж хувирсан.
Монгол Улсын хувь заяаг хоёронтоо ерөнхийлж асан Н.Багабанди одоо гадаадын компанийн дотоодод харъяалж, тэдний эрх ашгийг тэргүүнд тавих болсон нь тод болов. Тэрбээр сард авдаг 40 мянган доллар, цаашдын ашгийнхаа төлөө мэдээж дуугарч эхэлсэн. Н.Багабанди хэлэхдээ “Монголын ээрэм говьд хэрэгжиж эхэлсэн уул уурхайн Оюу толгой төслийн бүтээн байгуулалтын ажил замынхаа хагасыг нэгэнт тууллаа” гэсэн нь нэгэнт хийчихсэн гэрээгээ цуцлах хэрэггүй гэсэнтэй агаар нэг. Ингэж л тэр өөрийн биеэр лобби хийгээд суртал ухуулгын зэвсэг болон хувирах нь тэр. Н.Багабанди цааш нь “Оюу толгой төсөл бүтээн байгуулалтынхаа 50 хувийг туулах энэ явцад “Оюу толгой” гэдэг нэр Монголын олон нийтийн чихэнд танил хүнийх нь нэр мэт сонсогдох болсон байна. Төсөл амжилттай хэрэгжиж үр шимээ өгч эхлэх тэр цаг мөчид “Оюу толгой” гэдэг нэр төрсөн эхийн нэр шиг монгол хүнд дотно халуун сонсогдож байгаасай гэж хүсэн ерөөж байна. Үндэсний эрх ашгаа дээдлэхийн сацуу гадаадын хөрөнгө оруулагчдад боломж олгож түншлэх түншээ зөв сонгож, харилцан ашигтай хамтын ажиллагааны зарчмаар ажиллаж чадах юм бол асар бага хугацаанд маш ихийг бүтээж болохын үлгэр дуурайл нь Оюу толгой болж байна. Оюу толгой төслийг Монголын олон нийт итгэл найдварын харцаар харж, түүний үр шимийг хүртэх цаг мөчийг хүлээж байна. Энэ цаг мөчийг та бид наашлуулах, урагшлуулах, түргэтгэх үүрэгтэй” гэж өгүүлжээ. Ийм үгийг л зэвүүн гэнэ. Ийм л үгийн жинхэнэ “нохой үг” гэнэ. Хаяагаа манасан, тэгсэн хэрнээ тал тохой татсан, шаардсан, сэнхрүүлсэн, бүх юм хэзээний хийгдээд дундаа орчихлоо гэж егөөдсөн, бассан гээд бүх санаагаа яв цав шигтгэж чадсан байна. “Та монголчуудынхаа эсрэг хандаж, гадаадынханд тал засч байна” гэж хэлэх ямар ч аргагүй. Нэг иймэрхүү зэвүүн үгийг олж хэлэхдээ мань хүн хэзээний гаргуун л даа. “Урт шар дээлтэй хүнээс болгоомжил” гэж нэгэнтээ хэлсэн нь бараг хэлц үг болохоо шахсан. Хэнийг хэлсэн нь тодорхой байсан хэр нь “Та түүнийг л хэлсэн” гэж эргэж ноцох аргагүйгээр цаанаа л зэвүүн зуулттай үг байж билээ.
Ардчилсан намынхан уг нь түүнд дургүй. “Ардчилсан холбоо” эвсэл засаг барьж байсан 1996-2000 оны үед Ерөнхийлөгч Н.Багабандийг хэтэрхий хатуурхаж, эрх мэдлээ хэтрүүлэн эдэлсэн гэж үздэг. Ерөнхий сайдад нэр дэвшсэн Ардчилсан хүчний лидер Да.Ганболдыг долоон удаа буцааж, зэвүү дургүй хоёрыг нь зэрэг хүргэж байсан. Тиймд өнөөдөр засгийн эрхийг, тэр дундаа Авилгатай тэмцэх газрыг атгаж байгаа АН-ынхан нэхэл хатуутайгаар Н.Багабандийг ямар нэг ял зэмд унагахаар ухаж төнхөж мэдэх л байлаа. Гэвч Ардчилсан намын толгойд Ц.Элбэгдорж байгаа нь түүний аврал болов. Тэр Н.Багабандийн тухайд толгой сэгсэрсэн хэрэг. Монгол Улсад асар их хохирол авчирсан Тогтвортой байдлын гэрээ гэгчийг ашигт малтмалын олон компаниудтай байгуулах үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр шүү дээ, тэд. Нөгөөдүүл нь энэ шийдвэрийн үрээр асар их ашиг халаасалсан учраас мань хоёрт унац очсон л байж таарах гээд байна. Аяганы хариу өдөртөө байдаг бол алтны хариу чухам хэдэн жилдээ үргэлжилдэг юм бол доо.
Н.ЭНХБАЯРЫН ГУРВАН ГАВЪЯА
Монголын шинэчлэгчдийн мөрөөдөл нь газар хувьчлах байсан. Энэ тухай ярих бүрийд МАХН эсэргүүцэж, эсэргүүцэхийн хэрээрээ эх орончийн дүртэй харагдаж олон түмэнд тоогдно. Нүүдэлчид хэзээ ч газар хувьчилж байгаагүй бөгөөд хувьчлахын эсрэг төрөлхийн рефлекстэй. Учир нь нүүдэлчид байнгын тогтсон нутаггүй, цас зудын байдлыг харгалзан чөлөөтэй нүүн шилжиж, “хаяа багтвал бууж, хамар багтвал идэж” ирсэн ард түмэн. МАХН энэ сэтгэхүй дээр тоглож байлаа. Гэтэл гадаадын хөрөнгө оруулагчид Монголын шинэтгэлийг дэмжихээр мөнгөө оруулах хандивлагчид хувийн өмчийн үндсийн үндэс болсон газар хувьчлалыг шаардаад байлаа. 2000 онд МАХН үнэмлэхүй ялалт байгуулж засгийн эрх авахад газар хувьчлах найдвар төгсгөл болох шиг санагдаж байлаа. Гэтэл тэрээр ердөө нэг жилийн дараа 2002 онд газар хувьчлах шийд гаргуулж чадлаа. Залуу, англи хэлтэй энэ тэрээр нам дотроо шүтэгдсэн хэвээр байсан, “бүхий л удирдагч болгоноо “эсэргүү” болтол нь бурханчилдаг уламжлал” намд нь хэвээрээ байгаа зэрэг нь түүнд нөлөөлжээ. Дарга л тэгж шийдсэн бол зөв, харин зөв зүйтэйг аль болох түргэн ухаарах нь намын ажилтнуудын үүрэг бөлгөө. Энэ үе бол төрийн ажилтнууд зөвхөн намын ажилтан байдаг уламжлал эргэн ирсэн жилүүд. Чухам хэзээ ч ардчилсан хүчин хийж хүчрэхгүй, хийсэн ч МАХН сөрөөд унагачих байсан энэ асуудлыг шийдсэнээрээ Н.Энхбаяр Монголын түүхнээ гарцаагүй үлдэнэ. “Өөртөө ашиггүй юм хийж үзээгүй тоорой” үүнийг зөвхөн улсынхаа эрх ашгийн төлөө хийнэ гэвэл гонж. Монголд хөрөнгө оруулалт хийх ирээдүй буйг харсан гадны томоохон компаниуд, манай шинэтгэлийг дэмжигч хөтөлбөрүүд түүнд томоохон шан харамж өгсөн байх магадлалтай. Авсан байсан ч яадгийн бэ? Эцсийн дүндээ эх орон хожсон юм чинь, нэмээд шагнасан ч Монголоос холтрох юм байхгүй. Н.Энхбаяр Монголын түүхнээ анх удаа газрыг иргэнд хувьчлах шийдвэр гаргуулсан улс төрч гэдгээрээ ардчиллынхантай… Ц.Элбэгдорж, С.Зориг, Баабартай зэрэгцэн бичигдэж үлдэнэ.
МАХН-ын удирдлага 2003 оны арванхоёрдугаар сарын 31 ний орой хуучин Зөвлөлтөд төлөх байсан өрийг одоогийн Оросын холбооны улсад төлж барагдуулснаа зарлалаа. Үүнийг үндэсний баяр болгон тэмдэглэх оролдого хийлээ. Гэвч санаснаар нь төдий л болсонгүй. Ард түмэн дараахан нь болсон сонгуулиар МАХН-ын өр төлсөн гавъяаг ер үнэлсэнгүй. Учир тэрээр шоу хийхдээ нийгмийн сэтгэл зүйд гарсан их өөрчлөлтийг огт тооцоолоогүй юм. Харин сөрөг хүчин түүний эсрэг сурталчилгааг амжилттай хийлээ. Тэд хэд хэдэн үндэслэл гаргаж ирсэн. Нэгд “хуучин Зөвлөлт холбоот улс тарсан, иймээс энэ өр хууль ёсны нэхэмжлэгчгүй өр. Хэрвээ Оросын холбооны улс өөрийгөө Зөвлөлтийн өв залгамжлагч гэж үзэж байгаа бол Монголд явуулсан коммунист хүчирхийлэл, хядлагын хариуцлагыг хүлээх учиртай” гэж шинэ үеийнхэн үзээд түүнээ үндэслэлтэй тайлбарлаж байлаа. Дээр нь тэд их өрийг төлөх явцад өөрснөө 50 орчим сая долларыг хувьдаа завшсан гэх мэдээлэл олсноо дор нь олон түмэнтэй хуваалцлаа. Төрөлхийн хардах сэрдэхдээ дуртай олон нийт “аа, за за өр төлсөн биш, өөрсөндөө л мөнгө хувааж завших ажил хийсэн байна. Нарийн яривал түүнээс ч ихийг авсан байгаа” хэмээх таамаг дэвшүүлэв. Өр үнэхээр төлөгдсөн эсэхэд одоо ч монголчууд үнэмшдэггүй. Өөрөөр хэлбэл Н.Энхбаярын хүсч байсан хүндлэл, алдрыг өрийн кампанит ажил нь авчраагүй.
“Муу хүний заяа завагт” гэгчээр Үндэсний удирдагч хөвүүнийхээ бизнесийн буянаар Монгол улс санаандгүй хожлоо. Учир нь цэрэг стратегийн хувьд л газар зүйн байрлал нь сонирхол татаж, хятадтай тоглох хөзрийн чухал мод болдог энэ ядуу хоцрогдсон Монголд өр тэглэх үед сонирхоод байх юм бага байжээ. Гэтэл жил гаруйн дараахнаас Оюу толгойн зэс, Сүхбаатарт цайрт минералын орд, үнэ нь хадсан Таван толгойн коксждог нүүрс гараад ирэх нь тэр. Оросууд шүлсээ арчин зүтгэх гэтэл Монгол орон гинжнээсээ мултраад өгчээ. Оросууд барьцаагүй, дарамтлах сэжимгүй болжээ. Өрийг нь гэнэдээд тэглэчихсэн байв.
Өр тэглээгүйсэн бол Таван толгойг тавууланг нь авсан ч болохоор байв. Оросууд өөрийнхээ шар толгойг, нэмэрт нь сүлднийхээ мутант бүргэдийн хос толгойг шаасан ч багадах юм болсныг ойлголоо. Энэ өнцгөөс харахад Үндэстний удирдагч хөвүүний зувчуулсан 50 сая доллар юу юм бэ. Их өрийг тэглэснийх нь төлөө дахиад 30 саяар шагнасан ч багадна. Түүх түүнийг цаашдаа магтан дурсах болно. Н.Энхбаярын энэ гавъяаг хойч үеэ 1911, 1921, 1990 оны хувьсгалын баатруудтай зэрэгцүүлэн бичиж үнэлэх болно.
Энэ гавъяаны ихэнх тал нь түүнийг хүлээж байгаа. Н.Энхбаяр олон юмнаас айдаг ч хамгийн их айдас нь хүрсэн өндөрлөгөөсөө уруудах. Жирийн хүн болох нь түүнд очирт тамд унахаас аймаар хүлээн зөвшөөрөх аргагүй тийм зүйл. Ийм их хор шартай, комплекстэй хүн эргэж жирийн хүн болж хэзээ ч чадахгүй. Үүнээс дээш өгсөх газар байхгүй. Түүнд өгсөхгүй юм аа гэхэд уруудахгүй байх дөрвөн зам харагдаж байна. Давын өмнө Ерөнхийлөгчөөр дахин сонгогдох. Энэ нь хууль эрхийн хувьд боломжтой. Түүний дараагаар яг одоогоор боломжгүй харагдавч сайн хөөцөлдвөл бүтэж болох Засаглалын хэлбэрийг солих, үндсэн хуулийг өөрчлөх замаар өөрийгээ Чавес, Туркмен багш нарын адил насан туршийн ерөнхийлөгч болгох. Эцэст нь цэргийн дэглэм тогтоон генералын мөрдэс зүүх, адагт нь үндэстнээ хянасан том мафийн босс хоза ностра болох.
Сүүлээс нь эхлэн няцаая. Гурван монгол зодолдоно гэж үг бий. Дийлдэшгүй амбицтай, өөрийн гэсэн толгойтой байх эрмэлзэлтэй монгол хүн хэзээ ч бусдын үнэнч боол, туйлбартай гүйцэтгэгч байж чадахгүй. Бидний дунд гардаг эвлэршгүй маргаануудын ихэнх нь зарчмын өөр байр сууриас үүддэггүй. Зүгээр л өөрийн гэсэн байр суурьтай харагдах гэсэн хүслээс л эхтэй. Ийм хүмүүсийн дунд нэг хүний дор зангидсан гар шиг нэгддэг мафи хэмээх бүтэц оршин тогтнож чадахгүй. Харин үлдсэн гурвыг нь намынхаа ил, өөр нам дахь бүлэглэлийнхээ далд дэмжлэгтэйгээр хийж болно.
Юуны өмнө тэр дараагийн сонгуулиар ерөнхийлөгчөөр улиран үлдэх учиртай. Ингэхийн тулд намаасаа нэрээ дэвшүүлэх хэрэгтэй. Сонин прадокс харагдаж байна. Учир нь МАХН сул дорой байхынхаа хэрээр түүнийг дэмжинэ. Ерөөсөө өмнөх түүхээс харсан ч МАХН сөрөг хүчин байх үедээ ерөнхийлөгч Н.Багабандийгаа тойрон хүрээлж, үнэмлэхүй олонхи болохын хэрээр холдож байсан. 2000-2004 онд МАХН үнэмлэхүй ялагч байх үед сөрөг хүчний үүргийг МАХН-аас нэр дэвшсэн ерөнхийлөгч Н.Багабанди гүйцэтгэж байсан. Харин өнөөдөр энэ хүчин зүйл оршсоор байгаа төдийгүй өөр нэг хань хамсаатантай болж ирээд Н.Энхбаярт заналхийлж байна.
ДӨТГӨӨР ЕРӨНХИЙЛӨЛ
Элбэгдорж “Рио-Тинто”-гийн Монгол дахь албан ёсны дистрибютер болсон. Энэ асуудлыг Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээн дээр тулгуурлаад хэлж болох юм. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэгчээр Оюу толгой төсөл Монголын ард түмэнд хэрэгтэй юу эсвэл гадныханд ашигтай байсан нь дээр vv гэдэг улс төрийн шалгуур өнгөрсөн долоо хоногт хүчтэй явагдахад үе үеийн Ерөнхийлөгчид дуу дуугаа авалцаад “Айвенхоу Майнз”, “Рио Тинто”-г дэмжиж байх юм. Чухамхvv Оюу толгойн гэрээг муу, сайн болсон гэдэг эргэлзээ нийгэмд бий болохоос илvv эх оронч зvрх сэтгэл, итгэл vнэмшлийн мөн чанарын хувьд эрхэм Ерөнхийлөгчдийг ялгаад өгчих шиг санагдав.
Монгол Улсын одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж юм л болбол Засгийн газрыг шvvмжлэх дуртай нэгэн. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээн дээр сөрөг байр сууриа илэрхийлж ч явсан удаатай. Тэгтэл өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар хамтарсан уулзалт нэрийдлээр мэдэгдэл шахуу зvйл хийв. Энэ үеэр Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Оюу толгойг хэт өмгөөлснийг УИХ-ын гишvvд, уул уурхай, эдийн засгийн мэргэжилтнvvд цочмогоор хүлээж авна лээ. Тэрбээр “Монгол дэлхийн нүд, чих байнга харж, сонсож байдаг орны нэг болчихжээ. Ялангуяа хөрөнгө оруулалтын асуудал дээр Монголыг харж байгаа дэлхийн чих нээлттэй байна.
Дотроо яриад, асуудлыг шийддэг ойлголт хуучирч. Оюу толгой Монголын бvтээн байгуулалт. Эрдэнэтийг зууны бүтээн байгуулалт гэж ярьдаг. Оюу толгой бол 21 дүгээр зууны Монголын нэг том бүтээн байгуулалт гэдэгт би эргэлзэхгoй байна. Яг тэр үеийн Эрдэнэтийн бүтээн байгуулалтын гэрээг аваад үзвэл учир дутагдалтай зүйл маш их байсан. 2003 он хүртэл татвар төлдөггvй, хувь нь тодорхой биш гээд. Гэхдээ зогсоолгүй бүтээж чадсан. Байгуулчихаад араас нь шинэ гарсан шаардлагаа тавиад хөрш оронтойгоо шийдээд ирсэн. Оюу толгой дээр ингэх ёстой гэж бодож байна. Оюу толгойг Эрдэнэттэй харьцуулбал ашиглалтад орохоороо түүнээс гурав дахин том, өнөөдрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөгөөрөө хоёр дахин их байна. Өнөөдөр ямар нэг шалтгаанаар Эрдэнэт үйлдвэр зогсвол юу болох вэ? Тэгвэл Эрдэнэтээс илүү том асуудал хүндэрвэл юу болох юм? Зэсийн vнэ 9000-аас шууд 6700 руу буулаа. Оюу толгойг босгоход хөрөнгө оруулах ажлыг УИХ, Засгийн газар дээр хичээгээд явж байтал гадна талаас ойлгомжгvй байдал vvслээ. Энэ нь Оюу толгойд нөлөөлнө. Бараг тэр хөрөнгө оруулалтаа яаж олох вэ гэдэг асуудал үүснэ. Ийм үед дотоодод бас ойлгомжгүй байдал бий болохоор улам нөлөөлж байна. Миний бодож байгаагаар эдийн засгийн өсөлтийн гурван төгрөг тутмын нэг нь шууд бус утгаараа бараг Оюу толгойтой холбоотой.
Тэтгэвэр, тэтгэмж, хөрөнгө оруулалт, бvтээн байгуулалт бvгд холбоотой. Нэг их наяд төгрөгийн худалдан авалт, нийлүүлэлт хэрэгжиж байна. Энэ бvхэн зогсоход жирийн ард иргэд л хохирно. Сoхбаатарын талбай дээр 11 мянган хvн ажилгүй болж жагсвал яах вэ? Энэ хөрөнгө оруулалтын оронд ямар хөрөнгө оруулалт гарч ирэх юм бэ? Европын эдийн засгийн хямрал хэр vргэлжлэх вэ? Зэсийн үнийн уналт ямар байх вэ?
Ингээд бодохоор улстөрчид нь бодлоготой, эдийн засагчид нь тооцоотой асуудалд хандах цаг болсон. Бодлого боловсруулагчид бүгд үндэсний эрх ашгаасаа уяатай асуудалд хандаж баймаар байна” гэж уянгалуулан мэдэгдэв.
Нээрээ ч түүний хэлснээр 11 мянган хvн ажилгүй болчихоод Сүхбаатарын талбай дээр жагсч, ирээдүйд Эрдэнэтээс ч их өгөөж өгөх Оюу толгой төслийн ажлыг зогсоочихвол тоймгvй их хохирол амсч мэднэ. Монгол Улсын отгон Ерөнхийлөгчийн хэлсэн үгнээс авах зvйл олон ч гэнэт юуны учир “Айвенхоу Майнз”, “Рио Тинто”-г хаацайлаад унав гэдэг нэн сонин. Энэ бүгдийг эргэцүүлээд, эргээд харж байхад итгэл үнэмшил, үнэ цэнэгүй, эх оронч биш Ерөнхийлөгч ямар өрөвдөлтэй юм бэ, ийм Ерөнхийлөгчөөр төр улсаа мануулсан Монголын ард түмэн юутай хөөрхийлөлтэй вэ. Энэ үеэр маш олон хүн “Ингэхэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж аль талд байна?” гэсэн асуултыг тавьж буй нь нууц биш.
Харамсалтай нь аман дээрээ шударга ёс, үндэсний эрх ашиг ярих дуртай Ерөнхийлөгчийн маань байр суурь олон нийтэд ярьдгаасаа өөр бололтой. Арваннэгдүгээр сарын 22-нд Европын Холбооны элчин сайдуудыг хүлээн авч уулзах үеэрээ тэрээр :
“Оюу Толгойн гэрээний талаархи миний байр суурь тодорхой. Яахав, энэ гэрээ бидэнд сургамж болж үлдэх байх” хэмээн өгүүлсэн нь баримт болон үлджээ.
Экс Ерөнхийлөгчийг ийн хорьсны дараа түүний эхнэр О.Цолмонгийн хэлсэнчлэн өдгөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үнэхээр л Н.Энхбаярыг цааш нь харуулахаар шийдсэн бололтой авир гаргаж эхэллээ. Тэрбээр өөрийн мэдлийн хууль шүүхийнхнээрээ түрий барьж, Н.Энхбаярт эмчилгээ хийхийг хориглон, хэд хоног чангалсны дүнд арай хийж эмнэлэгт хүргэв. О.Цолмон тухайн үед ярихдаа “Ц.Элбэгдорж Н.Энхбаярыг “алъя” л гэж байсан хүн. Нөхрийг минь баривчилсныхаа дараа боомилсон ч юмуу, ер нь их сонин юм хэрэглэсэн юм шиг байгаа юм. Нөхрийн маань бие баруун хөлнөөсөө эхлээд дээшээ мэдээ алдаж эхэлсэн. Тухайн үед бүх эмч үзээд учрыг нь олоогүй. Гэхдээ надад нэг мэдээлэл ирсэн юм. Эндээс авч явахдаа Н.Энхбаярыг боомилсон. Түүнийг боомилоод явж байсан залуусын нэг нь ингэж ярьсан байна билээ. Түүнд ямар нэгэн хортой зүйл хийсэн гэж бодож байгаа. Ерөөс Ардчилсан нам бол ардчилсан нам биш юм байна. Одоо нэгэнт тийм газар уруу явуулж байгаа юм чинь Н.Энхбаярыг дуусгана л даа. Энэ бол ойлгомжтой. Миний ханийг алах юмаа бүгдийг хийчихсэн байгаа энэ хүн” хэмээн айл бүхний хойморт залардаг цэнхэр дэлгэцээр ам бардам ярьсан нь хэдхэн хоногийн өмнөхөн. Түүний хэлсэн үг үнэхээр л эхнээсээ биеллээ олж байх шиг. Н.Энхбаяр гэдэг хүнийг замаасаа зайлуулах нь Ц.Элбэгдоржид олон талын ашигтай байгаа нь лав.
Тиймдээ ч тэрбээр ухаан алдаж унан, бие нь улам муудсан гэх эмч нарын дүгнэлтийг үл тоон Н.Энхбаярыг хорьсоор байв. Гэвч арай олны өмнө шоронд амьсгал хураалгачихгүйн тулд сая нэг эмнэлэгт хүргэх зөвшөөрөл өглөө. Өөрийн харьяанд байдаг хууль шүүхийн байгууллагаа Ц.Элбэгдорж ингэж л барьж чадаж байна. Олны дунд Н.Энхбаярын бие муудлаа хэмээн худлаа шоуддаг гэсэн яриа түгсэн нь Ц.Элбэгдоржид илүү боломж олгоод байна. Өөрөөр хэлбэл, экс Ерөнхийлөгч өвдлөө гэсэн мэдээлэлд олон нийт итгэхгүй хэмээн тооцоолж, ирэх сонгуулийнхаа замыг засч суугаа нь тэр. Гэвч нөгөө л шоугаа хийж байна хэмээх зуур Н.Энхбаяр амь насаа алдахгүй гэх баталгаагүй болоод байна. Төрийн тэргүүнүүд ийнхүү өс хонзонгийн улмаас биеэ яллаж, шоронд хийх үзэгдэл давтагдахгүй гэх баталгаа үнэндээ алга. Муугаар бодоход Н.Энхбаярт элдэв муу зүйл тохиоход тэдний ар гэрийнхэн болоод намынхан нэн тэргүүн Ц.Элбэгдоржийг яллах, түүнийг буруутгах бодлого барих нь зүй. Энэ ч утгаараа дараагийн Ерөнхийлөгчийн даалгавар, тушаалаар Ц.Элбэгдоржийг ч элдэв хэргээр шоронд илгээх ч юм бил үү, хэн мэдлээ
Ардчилсан намын Ерөнхийлөгч үү, ард түмний Ерөнхийлөгч үү
Хамгийн уран илтгэгч Ерөнхийлөгч. Анхны ардчилсан Ерөнхийлөгч биш. Анхны ардчилсан Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар бол П.Очирбат, Д.Бямбасүрэн нар. Ц.Элбэгдоржийн хувьд анхнаасаа ардчилсан хувьсгалыг дэмжин эхлүүлж, Ерөнхий сайдаар хоёр ч удаа ажилласан. Авилга, шударга ёсыг тууштай ярьдаг. Шүүхийн шинэчлэлд ахиц гарч байгаа. Ашигт малтмалын лицензийг цэгцлэх гэж оролдсон нь сайшалтай. Шинэ жилээр оргилуун дарс бус сүүгээ өргөж байхыг анх санаачилсан. Овоо тахих, одон тараахыг эсрэг байна гэж ярьж байсан ч Ерөнхийлөгч болоод мартсан. Дорнодын Халх голын сав нутагт солонгосчуудад 270.000 га газар ашиглахлуулахыг дэмжсэн. Барак Обамадуулсан, ахыгаа төмөр замын дарга болгосон, байсхийгээд л гадаадын аль нэг орныг зорих нь ихэссэн зэргээр хэл ам салахгүй байгаа. Хамгийн олон хүүхдийн аав Ерөнхийлөгч. Харин Ардчилсан намын Ерөнхийлөгч үү, ард түмний Ерөнхийлөгч үү гэдгийг нь сүүлийн үед ялгаж салгахад жаахан хэцүү болчихоод байгаа.
Ерөнхийлөгч П.Очирбатыг анхны ардчилсан Ерөнхийлөгч хэмээн тодотгодог байтал Цахиагийн Элбэгдоржийг ийн нэрийдэх болсон нь сонин. Үүгээрээ Ардчилсан намынхан ч тэр, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэр адилхан Монгол ардын хувьсгалт намаас гаралтай П.Очирбатыгаа үгүйсгээд байгаа мэт санагдах нь бий. Ямар ч байсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд ирэх жил ард олноос үнэлгээгээ авна. Мэдээж нам нь түүнийг дахин нэр дэвшүүлсэн тохиолдолд. Тэр үед түүнийг сонгогчид хэрхэн үнэлэхийг мэдэхгүй ч өдгөө ‘Хэлэхээс цаашгүй” гэх тодотголын эзэн болчихоод буй. Мөн үндэсний эв нэгдлийг илэрхийлэх гэхээс илүүтэй бусинуулагч гэх хардлагад өртөх нь бий. Энд түүнийг тойрч байгаа хамгийн том эмзэглэл бол долдугаар сарын 1-ний үйл хэрэгтэй холбогдуулаад онц байдал зарлахаас өмнө бууны хонгио халаасалчихсан байсан хүн яагаад асуудлыг зохицуулах гэж оролдоогүй юм бэ гэдэг асуулт. Тэрбээр тухайн үед “Иргэдээ буудаж байна” хэмээн хэлсэн ч “Манай намын санаачилсан уулзалтад та нар орох ёсгүй. Бид нарыг албан ёсоор урьсангүй. Албан ёсоор урьсны чинь дараа асуудлыг ярина. Сонгуулийг дахин явуулах шийдвэр л хурдан гарга” гэх мэтээр ард олны төлөө бус өөрийнхөө төлөө, намынхаа төлөө богино зайны улс төр хийхийг илүүд үзсэн байдаг. Үүгээрээ тэрбээр ард түмэнтэйгээ амь нэг ардчилсан Ерөнхийлөгч байж чадахгүй гэдгээ тухайн үед нотолсон хэрэг. Иймд дараагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар ялалтын буухиа түүнээс үргэж мэдэх л юм.
Ерөнхий сайдаар хоёр удаа томилогдсон ч хоёуланд нь аз дутаж хугацаанаасаа өмнө огцорсон. Түүний эхнэр Х.Болормаа “Манай хүний амьдралынх нь утга учир улс төр мэт байдаг” гэж нэгэнтээ ам алдсан нь хэдийгээр бүсгүй хүнийх боловч нөхрийнхөө ирээдүйн их хүслийг илэрхийлсэн чин сэтгэлийн үг гэж ойлговол үнэнд илүү ойр болов уу. Огцорсныхоо дараа Америкт одож, алдарт Харвардад суралцаад ирэв хэмээн олныг шуугиулсан ч зарим нь тэндхийн хэлний дамжаа дүүргэсэн юм гэнэ лээ гэлцсэн. Эх орондоо ирээд “Нүүх үү үлдэх үү” лекцээ энд тэндгүй уншиж сурсан эрдмээ гайхуулав. Хархориныг жишиг хот болгоно гэж баахан рекламдлаа. Улс төрийн тоглоом тоглохдоо хэзээний сүрхий, хэлж ярихдаа хэний ч дор орохгүй. Зарим эрдэмт нөхөд түүнд “Нүдээ түргэн нээж, амаа аажим ангайж бай” гэсэн дорно дахины мэргэн үгийг сануулсан байдаг нь санамсаргүй хэрэг биш байх. Өнгөрсөн УИХ-ын сонгуульд ялна гэдэгтээ хэтэрхий итгэж, хэт бардамнаж оролцсоноос санаанд оромгүй ялагдалд хүргэсэн гэлцдэг. Чухам үүнийхээ “шан”-г хүртэж, намын даргынхаа албан тушаалаас сайн дураараа татгалзсан юм. Үүний дараа УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээс цуглуулсан мөнгөнөөс 200 сая төгрөг дутаасан, түүгээрээ долдугаар сарын 1-ний үймээн самууныг санхүүжүүлсэн гэх яриа гараад намжсан билээ. Түүгээр ч барахгүй Ц.Элбэгдорж тэр үймээнийг зохион байгуулсан, хоёр ч хүний аминд хүрсэн гэх хүн ч байдаг.
Машин ажиллаж эхлэв. Гэхдээ энэ удаа Ц.Элбэгдоржоор овоглосон машин түлхүүрээ түлхлээ. Энэ машин Монголыг талцуулж, монголчуудыг хагалан бутаргаж байгаа нь нууц биш. МАН ба цагдаа нар гэсэн харъяаллыг өөрийн мэдэлд байдаг шүүхийн хүчээр зориудаар бий болгон, нөгөө талд нь АН ба шүүгчид гэсэн хүрээлэл үүсгэн тоглолтонд ороод байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн УИХ-ын сонгуулийг угтсан төлөвлөгөө гэж үүнийг нэрлэж болно.