М.САРАНЦЭЦЭГ

Орхон аймгийн иргэн Э.Баярхүү тус аймгийн Засаг даргатай холбоотой асуудлаар өчигдөр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ.

“Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут нь Засаг даргаар сонгогдсон даруйдаа улсын мөнгөөр өөрийн автомашиныг сольсон, 2016 оноос хойш найр наадамд төсвийн мөнгийг зарцуулах асуудал хэрээс хэтэрсэн” гэж иргэн Э.Баярхүү мэдэгдсэн юм. Мөн 24 цагаар ажилладаг архины дэлгүүр, цэнгээний газруудыг олноор нь нээснээс аймгийн хэмжээнд сүүлийн нэг жилд согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 24 хувиар өссөн гэж хэллээ. Энэ асуудлуудыг өөрийнхөө олон нийтийн сүлжээнд мэдээлсний улмаас түүнийг дөрвөн удаа дуудаж уулзан, цагдаагийн байгууллагад өгч шийтгэл хүлээлгэнэ гэж сүрдүүлсэн тухай тэрээр мөн ярьсан юм.  Тэрээр ‘”Прокурорт хэргийг шалгуулах хүсэлтээ нийт таван удаа гаргасан боловч буцаагдсан. Хэрэв 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга нар ийм шударга бус хонгил үүсгээд байвал бүгд энэ нүхэндээ унана” гэв.

Эх сурвалж: www.zms.mn