Ц.МАЖИГСҮРЭН

Үндэсний лавлагаа лаборатори эмийн шинжилгээ хийх зөөврийн шинэ төхөөрөмжийг 86 төрлийн эмийн стандарт бодисын хамт Германы “Merck” компаниас гардуулан өглөө. Тус компани нь 1668 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн эмийн стандарт бодисын үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг юм. Монгол Улсад энэ төхөөрөмжийг оруулж ирэхэд “Монфатрейд” эм ханган нийлүүлэх төвтэй хамтран ажиллажээ. Зөөврийн лаборатори нь 86 төрлийн эмийн стандарт бодисыг агуулсан бөгөөд ундны усыг шинжилгээнд ашиглах боломжтой юм байна. Энэ талаар эм зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Цэндээхүү “Орчин үеийн эмийн шинжилгээ нь тухайн эмийг стандарт бодистой нь харьцуулж хийдэг болж байна. Стандарт бодис нь эмийн бодис 100 хувь цэврээрээ байгааг хэлдэг. Эмийн бодисны түүхий эдийн чанар өндөр бол ямар ч асуудалгүй” гэж байв.

Үндэсний лавлагаа лаборатори өмнө нь нэг эмэнд шинжилгээ хийхэд зориулалтын нэрсэн ус ашиглаж 24 цагийг эмийн шинжилгээнд зарцуулдаг байжээ. Харин өнөөдөр энэ төхөөрөмжийн тусламжтайгаар хоёр цагийн дотор шинжлэх юм. “Merck” компанийн ерөнхий менежер Роджар Элиа “Дэлхийн эмийн зах зээлд 30 хувь нь хуурамч эм байна гэсэн статистик судалгаа бий. Хуурамч эмийн зах зээлийн өндөр үзүүлэлт Монгол Улсад байгаа учраас бид энэ төхөөрөмжийг хандивлахаар болсон. Хуурамч эмийг илрүүлэх төхөөрөмж буюу зөөврийн лаборатори нь ашиглахад хялбар, эрчим хүчний зарцуулалт бага, хямд зардлаар хурдан хугацаанд илрүүлдгээрээ онцлогтой” гэж байлаа.

Эх сурвалж www.zms.mn