Ц.МЯГМАРБАЯР

Тэтгэврийн зээлийн тэглэлтэд  783  тэрбум төгрөг шаардагдаж Салхитын мөнгөний ордоос бонд босгон санхүүжүүлэх нь нэгэнт тодорхой болж олон  нийтийн санаа бодол үүнд төвлөрсөн. Энэ цагт манай эдийн засгийг тэтгэгч, санхүүгийн сахилга батыг шаарддаг Валютын сангийн хөтөлбөр үргэлжлэх үү, гэрээний дагуу нийт орж ирэх ёстой үлдсэн 800 сая ам.доллар хэзээ орж ирэх вэ гэдэг асуулт анхаарал татсан хэвээр. ОУВС-гийн  хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд уналтад байсан эдийн засаг найман хувьтай болж өндийсөн нь бодит өөрчлөлт. Харин эдийн засаг өндийх зуурт тус сангаас өнгөрсөн онд зургадугаар ээлжинд орж ирэх ёстой санхүүжилт болох 400 орчим сая ам.долларыг хэзээ оруулж ирэх нь хүлээлт үүсгэсэн хэвээр байсаар 2020 онтой золгосон. Өөрөөр хэлбэл, Валютын сангийн хөтөлбөрийн зургадугаар шатны үнэлгээг эцэслэх асуудал хүлээгдсэн хэвээрээ уг хөтөлбөр түдгэлзсэн байдалтай байсаар байна. Хөтөлбөр энэ оны тавдугаар сард дуусна. Харин хөтөлбөрийг үргэлжлүүлэх эсэх нь манай төсөв мөнгөний бодлого тодорхойлогчдоос шалтгаалах болоод байна. Хэрэв хөтөлбөр үргэлжлэхгүй бол өнгөрсөн хугацаанд өндийсөн эдийн засаг уруудахад тун ойрхон болж буйг сүүлийн үед эрх баригчдын зүгээс гаргасан халамжийн шинжтэй шийдвэрийн үр дүн нөлөөлөх нь тодорхой боллоо. Харин эрх баригчдад сонгуульт хугацаанд эдийн засгийг өндийлгөсөн цаашид хэрхэх нь хамаагүй. Энэ цагт ирэх сонгуулийн үр дүн тодорхойгүй учраас тэд ингэж аашилж буй нь ард түмнээ бус улс төрийн намаа бодсон зохимжгүй үйлдэл хэмээн олон нийт шүүмжилжиж байна.Тухайлбал, эдийн засагч Б.Дөлгөөн “Монгол улс сангийн болоод мөнгөний бодлогын хувьд бие даасан болоод олон нийтийн эрх ашгийг урт хугацаанд хамгаалсан бодлого явуулах ёстой. Харин одоо явуулж байгаа бодлого богино хугацаанд чиглэсэн, алсын хараагүйгээс гадна манай улсыг ирээдүйд учирч болзошгүй хямралд хангалттай бэлдэж чадахгүй байна. ОУВС-гаас хэлж байгаа дүгнэлтүүд манай эдийн засгийн сул талыг зөв олж дүгнэсэн гэж үзэж байна. Эрх баригчид 2020 оны сонгуульд зориулж хэт үрэлгэн төсөв баталж, үүнтэй холбоотойгоор  бусад шалтгаанаар өсч буй валютын ханшийг барихын тулд нэг тэрбум гаруй ам.доллар зарцуулаад байна. Энэ бол эдийн засгийн гэхээс илүү улс төрийн шийдвэрийн үр дүн юм. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрөөс гарна гэвэл нэгдүгээрт,  хөрөнгө хэт төвлөрсөн цөөн эрхмүүд төрд ямар их нөлөөтэйг харуулахаас гадна үүнээс үүдэх сөрөг нөлөөг олон нийт илүү үүрнэ гэж үзэж байна” гэлээ. ОУВС “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрөөр тохирсон нөхцлөө Монгол Улсын Засгийн газар зөрчиж байна” гэж мэдэгдсэн. Тэгвэл үүнд тэтгэврийн тэглэлтийн 783 тэрбум төгрөг төсөвт хамааралгүй.Салхитын ордод бонд босгож өөр эх үүсвэрээс санхүүжилтийг босгосон учраас хамааралгүй хэмээн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын Д.Тогтохсүрэн тайлбарласан. Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Элдэв-Очир “ОУВС-гийн гол зорилго гадаадын хөрөнгө оруулалтаар босгосон бондын зээлийг бага хүүтэй урт хугацаатай зээлээр солих, мөн санхүүгийн сахилга батыг сахих үүрэгтэй. Түүнээс биш өөрөөр оролцох үүрэггүй” хэмээсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгийн газрын дарга З.Энхболд “Валютын сангийн хөтөлбөрийн үр дүн ерөнхийлөгчид хамааралгүй гэрээ байгуулсан Засгийн газарт хамааралтай” гэсэн. Эдийн засаг нь тартагтаа тулсан үедээ гуйж ирүүлчээд арай гэж өндийнгүүтээ хэрэггүй гэж хэлээд гэрээгээ зөрчиж буй нь цаашид олон улсын донор орнуудаас зээл тусламж авах тухайд хүндрэл үүсгэлээ.  Эцэст нь Ж.Эрдэнэбатын Засгийн үед байгуулсан гэрээ одоогийн Засгийн газрын тэргүүн, сангийн сайдын нуруун дээр ирж байна. Уг нь  хөтөлбөр үргэлжилсээр байсан бол эдийн засагт эерэг нөлөөтэйг хамгийн сайн мэдэх Сангийн сайд Ч.Хүрэлбаатар шаварт унасан шарын эзэн болох нь тодорхой боллоо. 2020 оны төсвөө хоёр их наяд төгрөгийн алдагдалтай баталсан. Үүний нэг их наяд 400 орчим сая төгрөгийг гадаадын хөрөнгө оруулалтаар нөхөхөөр төсөвд тусгаснаас харвал Валютын сангийн хөтөлбөрөө үргэлжлүүлэх гээд байгаа бололтой. Учир нь нэг их наяд 400 сая төгрөг нь тус сангаас зургадугаар үнэлгээний дараа орж ирэх ёстой байсан 400 орчим  сая ам.доллартай дүйцэх хэмжээнд хүрээд байгаа юм. Гэсэн ч ОУВС шаардлага өндөр тусгай хөтөлбөрөө үргэлжлүүлнэ гэлээ. Харин үргэлжлүүлэхгүй байх сонирхол эрх баригчдад байна гэх хардлагыг төрүүлсээр.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.1.16  ПҮРЭВ  № 10 (6235)