Ч.ҮЛ-ОЛДОХ
Хуульч, судлаач Ё.Бямбатогтох, Монгол Улсын гавьяат хуульч Н.Чадраабалтай хамтран Сонгуулийн тухай хууль Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандсан юм. Түүнтэй ярилцлаа.
-Сонгуулийн тухай хуулийн асуудлаар хэд дэх удаагаа Цэцэд мэдээлэл гаргаж байна. Цэц асуудлыг хэрхэн шийдвэрлэж ирсэн бол?
-Нэг зүйлийг тодотгож хэлэхэд миний бие 2012 онд Сонгуулийн хууль Үндсэн хууль зөрчсөн байна гэдэг асуудлаар Цэцэд хандаж байсан. Түүнээс хойш цаазын ялыг сэргээхтэй холбоотой асуудлаар мэдээлэл бичиж иргэний журмаар хандсан.
Сая эрх баригчдын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн асуудлаар Цэцэд хандаад байна.
Мөн Сонгуулийн тухай хууль нь Үндсэн хууль, бусад хуулийн зүйл, заалтуудыг зөрчиж байгаа асуудлаар Монгол Улсын гавьяат хуульч Н.Чадраабал гуайн хамт Цэцэд мэдээлэл бичиж өгсөн. Ер нь бол эрх баригчдын хууль бус үйл ажиллагаа, дур зоргоороо авирлаж байгааг Үндсэн хуулийн цэц таслан зогсоох ёстой байгууллага юм. Ийм боломж нь тэдэнд бий. Гэсэн ч тэр боломж, үүргээ биелүүлэлгүй явж ирсэн. Өмнө нь хандахад ийм байдалтай байдаг байсан, одоо ямар шийдвэр гаргахыг нь харъя.
-Та Сонгуулийн тухай хуулийн ямар зүйл, заалтууд хууль зөрчиж байна гэж үзэж байгаа юм бэ?
-УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн тавдугаар зүйлийн 5.2-т 25 нас хүрсэн сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн УИХ-ын гишүүнээр сонгогдох эрхтэй гэсэн заалт оруулжээ. Энд ямар агуулга орж ирж байна гэвэл, Үндсэн хуулиас давсан шаардлагыг Сонгуулийн тухай хуульд тодорхойлжээ. Энэ нь Үндсэн хуулийн 21.3, 14.1, 14.2 дахь заалтыг зөрчиж байна.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8-д авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно гэсэн заалтыг сая оруулж ирсэн. Энэ нь Үндсэн хуулийн 16.9, 16.10, 14.1, 14.2 дахь заалтыг зөрчиж байна. Энэ асуудалд 2008 оны тавдугаар сарын 4-ний өдрийн 06 тоот тогтоолоор Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргасан байдаг. Энэ нь ямар агуулгатай вэ гэвэл тухайн үед ял шийтгэлтэй гэдэг байдлаар сонгох, сонгогдох эрхийг хязгаарлаж байсан асуудалтай холбоотой. Цэцийн 06 тоот дүгнэлтийн гол агуулгыг товч хэлбэл, УИХ-ын сонгуулийн хуулиар Үндсэн хуульд заагаагүй шаардлага тавьснаар Үндсэн хуульд заасан иргэний сонгогдох эрхийг хасч, эрх зүйн байдлыг нь дордуулсан байна гэж үзсэн байдаг. 2008 онд гаргасан Цэцийн энэ дүгнэлт одоо ч хүчин төгөлдөр хэвээр үйлчилж байгаа. Цэцийн дүгнэлт гарчихсан байхад түүнийг зөрчөөд УИХ-ын сонгуулийн тухай хуульд ийм заалт оруулж ирж байгаа нь үндэслэлгүй.
Төрийн албаны тухай хуульд төрийн жинхэнэ албан хаагчид тавих шаардлагад авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон бол төрийн жинхэнэ албанд ажиллахыг хориглох зохицуулалт бий. Энэ зохицуулалт нь улс төрийн албан тушаалтанд хамаарахгүй. Төрийн албаны тухай хуулийн арваннэгдүгээр зүйлийн 11.14-т УИХ-ын дэд дарга болон УИХ-ын гишүүн нь улс төрийн албан тушаалтан байна гэдгийг тодорхой бичсэн. Тэгэхээр УИХ-ын гишүүнд дээрх зохицуулалт нь хамаарахгүй гэж ойлгогдож байгаа.
-Цахим орчныг хориглох, нийтийн эрх ашгийг зөрчсөн заалтуудыг хуульчилсан гэсэн шүүмжлэл байгаа. Энэ талаар?
-Жишээ нь, цахим хуудсаар сонгуулийн сурталчилгаа хийхдээ сэтгэгдэл бичихгүй тохиргоотой байдлаар нийтэлнэ гэж хуульд заасан байгаа юм. Энэ нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.16-д заасан итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхэнд халдаж байна гэж үзэж байна.Түүнээс гадна сонгох эрхэд халдсан заалтууд ч цөөнгүй байна.
-Тухайлбал?
-Сонгох эрхийн тухайд сонгогч тухайн тойрогт байгаа мандатын тоотой тэнцүү хэмжээний санал өгнө гэсэн заалт байна. Жишээ нь, гурван мандаттай тойрогт гурван санал өгч байж саналын хуудас хүчин төгөлдөр болно гэж байгаа. Мэдээж гурван мандаттай тойрогт дөрвөн хүний нэр бичээд дугуйлчихвал саналын хуудас хүчингүй болох нь ойлгомжтой. Гэтэл нэр дэвшсэн гурван хүнээс сонгогч зөвхөн нэгийг нь дэмжиж байж болно шүү дээ. Ингээд тухайн хүн гурван хүнээс нэгийг нь дугуйлсан тохиолдолд саналын хуудас нь хүчингүй болох гээд байгаа юм. Тэгэхээр энэ нь сонгогч хүссэн ч, хүсээгүй ч саналын хуудсыг хүчинтэй байлгахын тулд заавал дугуйлах ёстой гэдэг байдлаар тулгасан тулган шаардалт гэж ойлгогдож байна. Энэ бол сонгогчийн эрхэнд халдаж байгаа ноцтой үйлдэл.
-Энэ удаагийн сонгуулиар гадаадад ажиллаж, амьдардаг иргэдийн саналыг авахгүйгээр зохицуулсан. Ингэж болох уу?
-Энэ бол гадаадад сурч, ажиллаж, амьдарч байгаа иргэдийн эрхийг ноцтой зөрчсөн заалт гэж бид үзэж байгаа. Тэдний саналыг авахгүй байх зохицуулалт хийсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.9-д заасан Монгол Улсын иргэн төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй, 14.1-д заасан хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй, хүнийг ажил, албан тушаал, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж үл болно гэсэн заалтыг зөрчиж байна. Түүнчлэн УИХ-ын сонгуулийн тухай хуульд бие дааж нэр дэвшиж байгаа хүмүүсийн эрх ашгийг зөрчсөн, тэдний нэр дэвших, сонгогдох боломжийг хязгаарласан зохицуулалтыг оруулжээ. Иймд эдгээр асуудлаар Монгол Улсын гавьяат хуульч Н.Чадраабал гуай бид хоёр хамтран иргэнийхээ хувьд Цэцэд мэдээлэл гаргаж хандсан. Н.Чадраабал гуайн хувьд Төрийн албаны зөвлөлд олон жил ажилласан тушлагатай хуульч. Миний хувьд их, дээд сургуульд хуулийн чиглэлээр 17 дахь жилдээ багшилж байна. Хуульч мэргэжлийг эзэмшсэний хувьд хуулийг гажуудуулж, дур зоргоор авирлаж буй шударга бус зүйлтэй тэмцэж, Үндсэн хуулийн цэцэд удаа дараа хандаж ирсэн. УИХ-аас Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт суурь хууль болон Дагаж мөрдөх журмын тухай хууль, тогтоомжийн олон зүйл, заалтыг зөрчсөн. Аргачлал болоод агуулгын хувьд зөрчилтэй зүйлүүд олон байгаа. Иймээс энэ асуудлаар Цэцэд хандсан иргэн биднээс гадна олон байгаа юм билээ. Үндсэн хуулийг хамгаалж, хууль сахиулах ёстой Үндсэн хуулийн цэц эдгээр асуудлыг шийдвэрлэх байх гэж найдаж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.1.16 ПҮРЭВ № 10 (6235)