Ч.ЗОТОЛ

Монгол Улсын гавьяат хуульч Н.Чадраабал, хуульч, судлаач  Ё.Бямбатогтох нар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон Сонгуулийн тухай  хууль нийтийн эрхийг зөрчиж байна хэмээн Үндсэн хуулийн цэцэд ханджээ. Энэ талаар сэтгүүлчдээр дамжуулан олон нийтэд  мэдээлэл хийлээ. Тэдний байр суурийг хүргэе.

Н.Чадраабал: Хууль тогтоомжуудыг Үндсэн хуульд нийцүүлж гаргах ёстой

-Миний хувьд ТББ байгуулан 20 жил ажилласан. Монголын төрийг ард түмэндээ ээлтэй, шударга түвшин байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсч явдаг учраас “Шударга төрийн төлөө” ТББ байгуулан ажиллаж байна. Энэ хугацаанд би Үндсэн хуулийг хамгаалах зорилгын хүрээнд (Үндсэн хуулийн Цэцийн үйл ажиллагаанд дэмжлэн үзүүлэх ) үүргээ ухамсарлаж Цэц гэдэг энэ байгууллагад тодорхой асуудлаар маргаан үүсгэж зургаа  дахь удаагаа хандаад байна. Манай хууль тогтоогчид энэ удаад Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гол гарц болгосон “Зөвлөлдөх санал асуулгын тухай” хуулийг 2017 онд батлахад нь  хуульч Ё.Бямбатогтох,  өмгөөлөгч  Ц. Монгол  бид гурав энэ хуулийн хүрээнд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэсэн шаардлага тавьж Цэцэд мэдээлэл хүргүүлж байсан. УИХ-аас өнгөрсөн оны арваннэгдүгээр  сарын 14-нд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан нь ард түмэнд ээлтэй бус нэг намын хэдхэн хүнд ашигтай болсон.  Иймд  Үндсэн  хуультай зөрчилдлөө гэдэг талаас нь дүгнэлт хийж Ё.Бямбатогтох бид хоёр Цэцэд мэдээлэл бичсэн. Сонгуулийн тухай хуулиар бид хамтраад хоёр дахь удаагаа Цэцэд хандаад байна. Тодруулбал 2011-2012 онд Сонгуулийн тухай хууль ард түмний эрх ашгийг хохироолоо, шударга биш боллоо гэсэн гомдол гаргаж байсан. Тэр үед бидний нэхэмжлэлийг Цэц үндэслэл муутай байна гээд буцаасан. Тэгсэн атлаа 2016 онд Сонгуулийн тухай хууль дээр маргаан гарахад яг бидний тавьж байсан шаардлагаар өөрчилсөн байдаг. Одоо Үндсэн хуулийн өөрчлөлтийг дагуулан оруулж ирж байгаа Сонгуулийн хууль нь Үндсэн хуулиа зөрчиж байна. Үндсэн хууль бол бүх ард түмний эрх ашгийг хамгаалж  байдаг эцэг хууль. Ийм учраас бид хууль тогтоох байгууллагын гаргасан шийдвэрийг “Та нар эрхгүй” гэж эсэргүүцээгүй, харин  Үндсэн хуульдаа  нийцүүлж хууль тогтоомжуудаа гаргаач  гэсэн шаардлага тавьсан.

Ё.Бямбатогтох: Сонгуулийн тухай хууль дотор зөрчилтэй заалт олон байна

-2012 оны Сонгуулийн хууль  Үндсэн хууль зөрчсөн  байна гэдэг асуудлаар Цэцэд өмнө нь хандаж байсан. Түүнээс хойш цаазын ялыг сэргээхтэй холбоотой Үндсэн хуулийн цэцэд хандсан. Сая эрх баригчдын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хууль болоод бусад хууль тогтоомжийг зөрчсөн  асуудлаар Цэцэд хандаад байна. Мөн Сонгуулийн тухай хууль нь Үндсэн хууль, бусад хуулийн зүйл, заалтуудыг зөрчиж байгаа асуудлаар Монгол Улсын гавьяат хуульч Н.Чадраабал гуайн хамт Цэцэд мэдээлэл бичсэн.

Эрх баригчдын  хууль бус үйл ажиллагаа, дур зоргоороо  авирлаж байгааг Үндсэн хуулийн цэц таслан зогсоох ёстой. Ийм боломж нь тэдэнд бий. Гэсэн ч тэр боломж, үүргээ Цэц огт биелүүлэхгүй байна. Өмнө нь ч ийм байдлаар хандаж ирсэн. 

Сонгуулийн тухай хуулийн ямар зүйл, заалтууд хулуь зөрчиж байгаа товч тайлбарлахад:

-УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 5.2-т . 25 нас хүрсэн сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн УИХ-ын гишүүнээр сонгогдох эрхтэй гэсэн. Энд ямар агуулга орж ирж байна гэвэл, Үндсэн хуулиас давсан шаардлагыг Сонгуулийн тухай хуульд тодорхойлжээ. Энэ нь Үндсэн хуулийн 21.3, 14.1, 14.2 дахь заалтыг зөрчиж байна.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 29.8-д авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно гэсэн заалт оруулж ирсэн. Энэ нь Үндсэн хуулийн 16.9, 16.10, 14.1, 14.2 дахь заалтыг зөрчсөн. Энэ асуудалд 2008 оны тавдугаар сарын 4-ний өдрийн 06 тоот Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарсан байдаг. Энэ нь ямар агуулгатай вэ гэвэл тухайн үед ял шийтгэлтэй гэдэг байдлаар сонгох, сонгогдох эрхийг хязгаарлаж байсан асуудалтай холбоотой. Тухайн дүгнэлтийн гол агуулгыг товч хэлбэл, УИХ-ын сонгуулийн хуулиар Үндсэн хуульд заагаагүй шаардлага тавьснаар Үндсэн хуульд заасан иргэний сонгогдох эхийг хасч, эрхзйн байдлыг нь дордуулсан байна гэж үзсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, 2008 онд гаргасан Цэцийн дүгнэлт одоо ч хүчин төгөлдөр хэвээр үйлчилж байгаа. Цэцийн дүгнэлт гарчихсан байхад энэ дүгнэлтийг зөрчөөд УИХ-ын сонгуулийн тухай хуульд ийм заалт оруулж байгаа нь үндэслэлгүй юм. Түүнээс гадна Төрийн албаны тухай хуульд төрийн жинхэнэ албан хаагчид тавигдах шаардлагад авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон бол төрийн жинхэнэ албанд ажиллахыг хориглох зохицуулалт бий.  Энэ зохицуулалт нь улс төрийн албанд тушаалтанд  хамаарахгүй. Төрийн албаны тухай хуулийн 11.14-т УИХ-ын дэд дарга болон УИХ-ын гишүүн нь улс төрийн албан тушаалтан байна гэдгийг тодорхой бичсэн.  Тэгэхээр УИХ-ын гишүүнд дээрх зохицуулалт нь хамаарахгүй гэж ойлгогдоно. Энэ мэт олон зүйл, заалтыг Сонгуулийн тухай хуульд зөрчсөн байна.

Эх сурвалж: www.zms.mn