Ц.МАЖИГСҮРЭН

Зам, тээврийн хөгжлийн яам Европын холбооны улсуудтай 2016 оноос эхлэн Засгийн газраас хүлээсэн үүргийнхээ хүрээнд олон улсын авто тээврийн харилцааг хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж 16 улс руу тээвэрлэлт хийх боломжтой боллоо. Монгол Улсаас ОХУ, БНХАУ, Казахстан, Киргизстан, Украйн, БНАСАУ, Беларусь, Латви, Турк, Польш, Герман, Чех, Гүрж, Словак руу тээвэрлэлт хийх юм. “Азийн автозамын сүлжээгээр олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээ”-ээр “AH-3” маршрут буюу ОХУ-ын Улаан-Үд хотоос Улаанбаатар хотоор дамжин БНХАУ-ын Тяньжин боомт хүртэл, “AH-4” буюу ОХУ-ын Новосибирск хотоос Баян-Өлгий, Ховд аймгаар дамжиж БНХАУ-ын Хонгираф хилийн боомт хүртэл тээвэрлэлт хийнэ. Тээвэрлэлтийг БНХАУ-ын талаас тавьж буй шаардлагын дагуу Евро-4 болон түүнээс дээш экологийн стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгсэлтэй, гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгчид гүйцэтгэх боломжтой юм. Энэ тухай АТҮТ-ийн Төрийн өмчит үйлдвэрийн газрын тээвэр зохицуулах хэлтсийн дарга Г.Доржпалам “Далайд гарцгүй манай орны хувьд Европын орнууд руу тээвэрлэлт хийх боломжтой боллоо. Үүний үр дүнд 2016 онд Европоос Монгол руу хийж буй нийт тээвэрлэлтийн нэг хувийг Монголын тээвэрчид гүйцэтгэж байсан бол 2018 онд 13.3 хувь болж өссөн” гэв.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн зам тээвэр, ложисткийн сүлжээг өргөжүүлэх зорилтын хүрээнд 2019 онд БНХАУ-ын Тээврийн яамтай байгуулсан протоколыг шинэчилсэн. Уг шинэчилсэн протоколоор шилжүүлэн ачих боломжгүй овор ихтэй, аюултай ачааг БНХАУ-д бүртгэлтэй чиргүүлээр тээвэрлэж болох юм байна.

Эх сурвалж: www.zms.mn