Ч.ЗОТОЛ

МАХН, Ногоон намтай хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр  гарын үсэг зурлаа. Энэ тухайгаа  “Үндэсний мэдээллийн төв”-д  хийсэн хэвлэлийн хурлаар олон нийтэд зарлав.

Хоёр нам санамж бичгийн эхэнд  “...Өнөөгийн Монгол Улсын улс төр, эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал  он удаан жил үргэлжилсэн хямралт байдалд байна. Иймд улс орон, ард түмнээ энэ байдлаас гаргахын тулд МАНАН хэмээх гаж тогтолцоог бүрдүүлэгч МАН ба АН-аас бусад улс төрийн хүчнүүд  хамтран ажиллаж эвсэх  нь зүйтэй гэсэн байр суурь баримталж энэхүү эвслийн суурийг тавихаар  хамтран ажиллахаар тохиролцов” хэмээн тэмдэглэжээ.

МАХН болон Ногоон нам нь санамж бичгийн хүрээнд цаашид Монгол Улсыг хөгжүүлэх бодлогыг хамтран боловсруулахдаа юуны өмнө өнөөгийн гаж тогтолцоог засахын тулд улс төрийн аргаар “Сонгуулийн хувьсгал” хийж эх орныхоо нийгэм улс төрийн төлөв байдлыг эрүүлжүүлэн өөрчилж шинэ Үндсэн хуулийн төсөл буюу нийгмийн чиг баримжаатай Бүгд найрамдах улсыг цогцлоон байгуулах, монгол хүнийг төр засгийн хамгаалалтанд байлгах, байгалийн баялгийг ард түмний дундын /хамтын/ өмч болгох, төр засаг нь  ард түмнийхээ  өмнө хариуцлага хүлээдэг болгох, орчин үеийн технологи, инновацид тулгуурласан аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалыг эхлүүлэх, хойч үеийг бүрэн бүтэн гэр бүлийн харилцааг эрхэмлэсэн эх оронч үзлээр хүмүүжүүлэх зорилго бүхий Дээд хуулийн төслийг ард түмнээр хэлэлцүүлэн батлуулах ажлыг хэрэгжүүлэх юм.

Мөн хоёр нам хамтран улс орны хөгжлийн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэхдээ “Экологийн баримжаатай нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ыг эрхэмлэн хүрээлэн буй орчинд ээлтэй, эх дэлхий байгаль орчноо хамгаалах үзэл санааг баримтална гэв.

Эх сурвалж:www.zms.mn