Ц.МЯГМАРБАЯР
Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ бага, эдийн засаг томрохгүй байгаагийн шалтгаан компани хөгжихгүй, ажиллахгүй байгаатай холбоотой. Компани ажиллах гэхээр татвар, мэргэжлийн хяналт, хил гаалийн өндөр татвар зэрэг төрийн дарамт ихтэй учраас хөгжихгүй байна. Гэтэл баялгийг хамгийн өндөр түвшинд бүтээдэг механизм нь компани гэдгийг хөгжингүй орнуудын туршлага харуулсаар ирсэн хэмээн эдийн засагч Ө.Ганзориг хэлсэн юм. Манай улсын ажиллах хүчний 20 хувь нь төрд, 43 хувь нь малчин болон хувиараа эрхлэх аж ахуйн нэгжид ажиллаж байна. Харин үлдсэн нь ажилгүй байна. Уг нь эдгээр ажилгүй хэсэг нь баялаг бүтээх компанид ажиллаж байх учиртай. Гэвч ажиллах хүчний тал орчим хувь нь ажилгүй нийгмийн халамжаар шахуу амьдарч байгаа тохиолдолд баялгийн тэгш хуваарилалтын тухай ярих нь шударга биш гэж тэрээр нэмж тайлбарлав.
Тэгэхээр байгалийн баялгийн орлогыг шударга хуваарилахын тулд дээр хэлсэнчлэн нэгдүгээрт, хүн бүхэн баялаг бүтээх ажилтай, орлоготой байх ажлыг төр хийх үүрэгтэй. Мөн дэд бүтцэд болон нийгмийн үйлчилгээнд хөрөнгө оруулах түүнчлэн нийтийн засаглалыг чадваржуулж хувийн хэвшлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, үндэсний баялгийн сан байгуулах зэрэг нь баялгийг шударга хуваарилах зарчимд нийцдэг гэлээ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр “ Байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчмыг бэхжүүлж, ашиглалтын тодорхой, тогтвортой нөхцөл бий болгох зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн зургаадугаар зүйлийн 6.2-ыг “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан нь нийтийн өмч мөн” хэмээн тусгаж баталсан. Харин баялгийн санг байгуулахдаа хамгийн гол нь сангийн хөрөнгийг тэгш хуваарилах бүтэц нь Засгийн газраас хараат бусаар байгуулах шаардлагатай байдгийг олон улсын жишээ харуулдаг юм байна. Гэвч энэ сарын 10-нд хуралдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөх журам болон Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж байх үеэр хуулийн төсөлд сангийн үйл ажиллагаанд чиг үүрэг өгч байх эрхийг Засгийн газарт олгохоор тусгасанг зарим гишүүд шүүмжилж байсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат хэлэхдээ “Бие даан ажиллах ёстой баялгийн сангийн үйл ажиллагаанд Засгийн газар чиг үүрэг өгөх ёсгүй” гэсэн бол УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд зайлшгүй гаргах, зохицуулах шаардлагатай байгаа харилцаа, хууль хоёрын нэрийг энд тусгах ёстой болохоос нарийн зохицуулалтыг тусгаж болохгүй. Эсвэл УИХ хуулийн төслийг захиалгаар ийм зүйл бичиж оруул хэмээн Засгийн газарт үүрэг өгөх гээд байгаа юм уу.
Нөгөөтэйгүүр Засгийн газар тус санд чиг үүрэг өгч байхаар хуульд тусгаж болохгүй” гэсэн юм. Ийнхүү Үндэсний баялгийн сан байгуулах замаар үр ашгийг нь ард түмэнд хүртээх асуудал Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөх журам болон салбар хуулиудаар илүү нарийвчлан тусгахаар ярьж эхлээд байна.
“Ирээдүйн өв сан”-д 50 жилийн дараа 231 их наяд төгрөгийн хуримтлал үүснэ
Аливаа санг байгуулахад гагцхүү ямар дүрэмтэй байх түүнийгээ ягштал мөрддөг байх нь хамгийн чухал гэнэ. Тэгвэл манайхан өөрсдөө байгуулж бас чиг багагүй мөнгө хуримтлагдчихаад байгаа “Ирээдүйн өв сан”-гийн санхүүгийн дүрмээс сонирхож үзвэл бие даасан менежментийн зарчмаар явдаг юм байна. Нэр дэвшүүлэх хороо байгуулна. Нэр дэвшүүлэх хороонд бүртгэж авах хүмүүсийн шаардлагыг нийтэд зарлана. Тэр шаардлагыг хангасан хүмүүс анкет бөглөөд Сангийн яаманд хүргүүлнэ. Шаардлага хангасан хүмүүсийг нэр дэвшүүлэх хороонд оруулна. Таван хүнийг санамсаргүй байдлаар сугалаагаар сонгож авах юм. Энэ таван хүн нь Төлөөлөн удирдах гишүүн сонгох хурлаа ажлын найман цагт багтааж хийгээд шийдвэрээ Сангийн сайдад танилцуулсны дараа нэр дэвшүүлэх хороо татан буугдана. Таван гишүүнийг Сангийн сайд татгалзахгүйгээр батлах үүрэгтэй гэж хуулинд заасан. Ингэснээр ямар нэгэн бүлэглэлээс ангид эрүүл тогтолцоо бүрдэж байгаа юм. Таван хүн нь ТУЗ-ийнхөө даргыг дотроосоо томилно. Сангийн сайд энэ таван хүнтэй таван жилийн хугацаатай гэрээ байгуулна. Удирдах зөвлөл нь Ирээдүйн хөгжил сан корпорацийн бүх бодлогыг тодорхойлж явахаар хуулийн заалт бий. Ийм л дүрмээр үйл ажиллагааг нь явуулдаг ажээ. Тус санд хамгийн ихдээ 1.1 их наяд төгрөг төвлөрсөн ч 2016 оны сонгуулийн өмнө зээлж аваад нийтэд тараачихсан аж. Харин 2019 онд өр нь дуусаад 500 тэрбум төгрөгийн хуримтлал орж ирэх юм байна. “Ирээдүйн өв сангийн корпораци” өнгөрсөн онд байгуулагдав. 2030 он хүртэл ямар нэгэн зарцуулалт хийхгүй аж. Ингэснээр 2030 оноос хойш цэвэр орлогын арван хувийг төсвийн зориулалттай зарцуулж болно. Энэ мөнгөө гадаадад хувьцаа худалдаж авах мэтээр байршуулах юм байна. Түүнчлэн дараагийн хойч үедээ тодорхой хувийг үлдээх ёстой гэсэн дүрэмтэй. Харин энэ санд хөрөнгө хуримтлаагүй тохиолдолд 2075 онд улсын нийт орсон орлого 108 их наяд төгрөг байх боловч зарлага нь 108 их наяд төгрөг байна. Хуримталсан тохиолдолд 2075 онд нийт орсон орлого 108 их наяд төгрөг, нийт зарлага 52 их наяд төгрөг байж хуримтлал нь 231 их наяд төгрөг байх бөгөөд үүнээс уул уурхайн орлого 56 их наяд төгрөг, хуримтлалаас орох өгөөж 175 их наяд төгрөг байх юм. Дэлхийн баялгийн сангуудын наймдугаарт орно гэж төсөөлжээ. Тэгэхээр баялгийн сангаа яаралтай байгуулах нь хөгжлийг түргэсгэх хөшүүрэг болох нь тодорхой. Түүнчлэн хөрөнгийг гадаад улсын зах зээл дээр байршуулахын давуу тал бол дотоодын зах зээлээс илүүдэл мөнгөний урсгалыг хязгаарлах, дотоодын зах зээл, эдийн засаг, валютын эрсдлээс ангид байх, улс төрийн нөлөө, шахалтаас ангид байх, өгөөжийн түвшин болгонд нийцсэн санхүүгийн хэрэгслүүдийн сонголт өргөн, гүйлгээний хэмжээ болон хөрвөх чадвар өндөр байх юм. Монголоос хэчнээн хэмжээний мөнгө гадагшаа гардаг талаар судалгаа хийдэггүй юм байна. Харин жилдээ 800 сая еврогийн хөрөнгө Монголоос гарч байна гэсэн гадаадын судалгаа байдаг аж. Уул уурхайн орлогын 20-70 хувь нь Монголд орж ирдэггүй гэсэн судалгаа ч бий. Тиймээс сангаа гадаадад байршуулах нь зүйтэй юм гэдэг тухай ч эксперт ярьж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.1.14 МЯГМАР № 8 (6233)