-Удаан алхдаг 45 насны шинэ зеландчуудын тархи түргэн шаламгай хөдөлдөг үеийнхнээсээ эрт өтөлсөн байжээ-
Д.ЭНХЭЭ
Удаан алхаатай хүмүүсийн тархи эрт өтөлдөг, ер нь алхалтын хурд тархины хөгшрөлтэй холбоотой болохыг Шинэ Зеландын мянга орчим оршин суугчдын дунд явуулсан судалгаа харуулжээ. Судалгааны үр дүнг эрдэм шинжилгээний JAMA Network Open сэтгүүл нийтэлжээ.
“70, 80 насандаа удаан алхаатай хүмүүсийн нас баралт мөн энэ насны хурдан түргэн алхаатай хүмүүсийг бодвол арай олон байдаг болохыг эмч нар мэднэ. Удаан алхаа бол өндөр наслахаас өмнө асуудал үүсгэдэг шинж тэмдэг болж байгааг сургуулийн өмнөхөөс эхлэн хижээл насныхныг хамарсан бидний судалгаа харуулж байна” хэмээн бүтээлийн зохиогчдын нэг Терри Моффитт Дьюкийн их сургуулийн хэвлэлийн албанд өгүүлсэн байна.
Урт хугацааны энэхүү судалгаанд Өмнө зүгийн орон болох Шинэ Зеландын хоёр дахь том хот Данидинд 1972-1973 онд төрсөн 900 гаруй оршин суугч оролцжээ. Туршилтад оролцож байх үест тэд бүгд 45 нас хүрсэн байжээ. Эдгээр хүмүүсийн эрүүл мэндийн байдлыг эрдэмтэд бүхий л амьдралынх нь туршид судалж, биеийн байдлынх нь талаар асуулга явуулсан байна. Энэ ажлын төгсгөлийн шатанд судлаачид тэдгээр хүмүүсийн тархины төлөв байдлыг тархины томограф /МРТ-магнитно-резонансная томография/ зургийг авч судалжээ.
Удаан алхдаг хүмүүсийн тархины хэмжээ, бор тархины хальсны нягтрал дунджаар бага болохыг үр дүн харуулсан бөгөөд үүнээс гадна судлаачид жижиг судасны өвчлөлтэй холбоо хамаарал бүхий шинж тэмдгүүдийг олж илрүүлсэн байна. Энэ төлөв байдал нь ухаан санаа муудах, цус харвахад хүргэж болох билээ. Ийм хүмүүсийн тархи эрт хөгширч байгааг судалгаа бүхэлд нь харуулсан аж.
Үүнээс гадна эрдэмтэд туршилтад оролцсон бүх хүний гэрэл зургийг найман хүнд харуулж, хэд орчим настай болохыг асууж лавлажээ. Ажиглагч нарт удаан алхаатай хүмүүс түргэн алхдаг хүмүүсээс илүү хөгшин харагдсан байна.
Оролцогчдын таван настай байх үеийн тархины томограф зураг хэрвээ байсан бол тэдгээрийн тархи хүүхэд насандаа хэр зэрэг хурдан хөгжиж байсныг харьцуулснаар судалгаа илүү иж бүрэн болох байсан ажээ. Гэхдээ шинэ зеландын эмч нар ийм зургийг дөч гаруй жилийн өмнө хийж байсан бөгөөд харамсалтай нь одоо хадгалагдаж үлдээгүй юм байна.
Эх сурвалж: www.polit.mn