Б.ДОЛЖИНЖАВ
“НепкоКидс” хэвлэлийн газрын санаачилсан “Улаанбаатарын өнгө” ном туурвих анхдугаар уралдаан энэ сарын 6-нд дүнгээ танилцуулсан. Энэ уралдаанд “Хачин бодлууд” номоороо шилдгээр шалгарсан 45 дугаар сургуулийн 6в ангийн сурагч М.Цогтхунтай ярилцлаа.
-Ном нь шилдгээр шалгарсанд баяр хүргэе. Уралдаанд орох шийдвэрийг хэн гаргасан бэ?
-11 настайдаа анхны номоо гаргаж 500 хувь хэвлүүлэх эрх авсандаа баяртай байна. Зохиолч М.Цогтхун гэсэн нэртэй ном 500 хүнд очих нь байна. Өөрийн гэсэн бүтээлтэй болно гэж төсөөлж байсангүй. Шилдгээр шалгарснаа сонсоод шагнал авахдаа их сандарсан. Ийм сайхан уралдаан зохиож, хүүхдүүдийн нууц авьяасыг нээн илрүүлж, ирээдүйн хөгжилд нь тусласан “НепкоКидс” хэвлэлийн газрын хамт олондоо баярлалаа. “Улаанбаатарын өнгө” хүүхдийн номын наадамд ирсэн хүүхдийн зохиолч нар бидэнд хэрэгтэй, чухал зүйл ярьсан. Тухайлбал, нэг зохиолч номынхоо орлогын 50 хувийг хадгалаад, 50 хувийг нь өөртөө зарцуулдаг хоёр дансны аргатай юм билээ. Харин би номныхоо орлогыг бүгдийг нь хадгална гэж боддог. Уралдааны талаар ээжийгээ хэлэхэд номоо бичиж эхэлсэн. Бичиж байх үед ээж маань урамшуулж их тусалсан.
-“Хачин бодлууд” нэр нь сонирхол татаж байна. Юуны тухай өгүүлэх вэ?
-Номын гол дүр нь зураг зурдаг охин бий. Зурсан зурагаа өвөөдөө үзүүлтэл өвөө нь их гайхна. Учир нь охин өвөрмөц сэтгэж аварга халим, анааш гэсэн их хачирхалтай зураг зурдаг. Нэг настай, маш эгдүүтэй өөрийнхөө төрсөн дүүгээс санаа авч номоо бичсэн. Ээж эхлээд нэг санаа өгөөд зургийг нь зурах гээд толгойгоо гашилгаад сууж байтал гэнэт дүүгийнхээ тухай ном болгочихъё гэсэн санаа орж ирсэн. Ном дээр хүний санаанд багтамгүй хачин зүйлүүд их гардаг учраас “Хачин бодлууд” гэж нэрлэсэн. Эхлээд “Будаг” гэдэг нэртэй байсан. Надад гэнэт сонин хачин бодлууд орж ирдэг л дээ.
-Зурагт ном байсан. Зургийг нь өөрөө зурсан уу?
-Номынхоо зургийг өөрөө зурж, будсан. Өмнө нь далай зурж байснаас хүн зурж байгаагүй болохоор өвөөг зурахад их хэцүү байсан. Зурагнуудаа будахад их цаг зарцуулсан. Өөр хэцүү зүйл байгаагүй. Зарим оролцогч номынхоо зургийг мэргэжлийн зураачаар зуруулчихсан харагдсан шүү.
-Шүлэг бичдэг гэж сонссон. Ямар шүлэг бичсэн бэ?
-Шүлэг бичих дуртай. Анх багшдаа зориулж шүлэг бичиж байсан. “Дөрвөн улирал”, “Гэр” гэсэн шүлэг бий. Ихэвчлэн онгод орж ирэхээр шүлэг бичнэ. Зүгээр сууж байхад гэнэт шүлэг бичих санаа орж ирэхийг онгод гэж хэлээд байгаа юм. Бас ном унших дуртай. Ном их уншаад байхаар үгийн баялаг нэмэгддэг юм билээ. Таван настайгаасаа ном уншиж эхэлсэн. Эхэндээ комик ном уншдаг байснаа дараа нь зохиолын ном уншдаг болсон. “Монте Кристо гүн” бол миний сэтгэлд хүрсэн унших дуртай ном. “Монте Кристо гүн” шоронд орох үед олон адал явдалтай учирдаг нь надад их таалагдсан.
-Шүлэг бичих дуртай, анхны номоо гаргачихлаа. Дараагийн номнуудаа гаргаад зохиолч болно гэж боддог уу?
-Дараагийн номоо бичих хүсэл бий. Гэхдээ том болоод ямар нэгэн салбарыг гүнзгий судалдаг, шинийг сэтгэдэг, тухайн салбартаа шинэ нээлт хийдэг, үргэлж шинийг сэтгэдэг шинжлэх ухаанч болно гэж боддог. Математикийн сонгоны ангид сурдаг болохоор сайн сурч, мундаг шинжлэх ухаанч болох юмсан гэж мөрөөддөг.

“Дөрвөн улирал”
Өвөл
Ширүүн шуургатай
Цасан хөгжилтэй
Салхин шилбүүртэй
Цагаан өвөл
Цасан байлдааныг хэн эхлүүлсэн билээ
Цасан хүний орцыг хэн бүрдүүлсэн билээ
Цагаан баавгайн амьдралыг хэн урьсан билээ
Цагаан өвөл шүү дээ
Хавар
Дулаарах шинжтэй авч бас үгүй еэ
Хүйтрэх шинжтэй авч бас үгүй еэ
Энэ бол хавар шүү дээ
Хөх яргуйг урдаа барьдаг хэн билээ
Цагаан сараар эхлэл нь болдог хэн билээ
Мөсийг ус болгодог хэн билээ
Энэ бол хавар шүү дээ
Зун
Дөчин хэм хэтэрчихсэн байна
Шатаж үхэх вий дээ
Үерийн ус бүсэлхийгээр татчихаж
Живж үхэх вий дээ
Өнгө алагласан цэцэгсээр угтдаг хэн билээ
Өдөр тутамд жаргал авчирдаг хэн билээ
Африкийн хүмүүсийг хар болгосон хэн билээ
Энэ бол зун шүү дээ
Намар
Хүүхдүүд сургуульдаа явсны дараа
Ээж аавууд дуг нойрондоо дугжирч гарчээ
Алтан навчис нь унасны дараа
Өндөр модод нүцгэрч хоцорчээ
Амтат тарвасыг хэзээ хураадаг билээ
Хүүхдүүд эрдэм сурахаар хэзээ явдаг билээ
Малчны гэрийн гадаа хэзээ хадлангийн өвс байдаг билээ
Намар шүү дээ
Хавар
Энэ дэлхийд нэгэн нас нэмэгдэнэ
Энэ насанд эгэл хүмүүс залуужна
Өвлийн гунигт мөч өрхөөр гаран явлаа
Хавар биднийг хав нохойтой хамт угтана
Алсаас ирэх зуны хаалга хавар юм
Хөх цэнхэр тэнгэрт халуун зуны нартай
Хөвөн цагаан үүлтэй хуш модтой зэрэгцэн угтана
Солиот хүн өөрийгөө сэргэсэн мэт санана.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2019.10.10 №201 (6168)