Х.Оюунболд
Дэвид Бениофф, Рэй Уильям нар кино зохиолыг нь бичсэн “Gemini Man” зөгнөлт, тулаант, драмт төрлийн киноны найруулагчаар Тайванийн найруулагч Энг Лиг ажиллажээ. “Парамуант Пиксчерс” продакшны бүтээлд жүжигчин Билл Смит, Клайв Оуэн, Мэри Элизабет нар тоглосон байна. Кинонд АНУ-ын Засгийн газрын хөлсний алуурчин байсан Генри Броганы тухай өгүүлнэ. Тэрээр нас ахисан хойноо байгууллагынхаа нууцыг олон жилийн дараа мэдэж авна. Ингэснээр Генри Броган түүнийг аз жаргалтай байлгах бүхнийг булаасан энэ ажлыг орхих санаа төрдөг. Гэвч тэрээр түүний араас шаргуу хөөцөлдөж байгаа залууг өөрийнх 30 насаар дүү хувилбар нь болохыг олж мэднэ. Ингэснээр өөртэйгөө болон ихрийг нь бүтээсэн хүмүүстэй тэмцдэг киноны гол хэсгийн зураг авалтыг өнгөрсөн жилийн хоёрдугаар сарын 27-нд АНУ-ын Жоржиа муж, Колумби улсын Картаген мужид авчээ.
Харин зураг авалтын дараагийн хэсгийг өнгөрсөн жилийн тавдугаар сард Унгарын нийслэл Будапештийн Сеченийн халуун рашаанд авсан байна. Кино найруулагчид Уилл Смитийн залуугийн дүрийг бүтээхийн тулд цаг хугацааг ухраан 1980 оны дүр төрхөнд нь оруулахын тулд залуужуулдаг технологийг ашиглажээ.
Уилл Смит “Би одоо 50 настай. 23 настай өөрийгөө энэ киноноос дахин харах нь инээдэмтэй байлаа. Учир нь би энэ насан дээрээ энэ зэргийн туршлагатай эсвэл энэ дүрд тоглоход бэлэн биш байсан” гэв. Кино найруулагчаар ажилласан Энг Ли “Шинэ дижитал технологийн тусламжтайгаар залуу, хөгшин хоёр Уилл Смитийг киноноос харж чадах болсондоо биш. Мөн түүхийг гүнзгийрүүлэн судлах боломж олгож байгаад баяртай байна гэжээ. Нас ахисан нууц ажилтан Генри Броган түүний үйл хөдлөл, үйлдэл бүхнийг мэддэг залуу хувилбартайгаа хэрхэн тэмцэхийг харуулах энэ кино ирэх сарын 8-нд “Тэнгист”, 11-нд “Өргөө” кино театрт гарна.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2019.10.10 №201 (6168)