Д.АРИУН

Английн Шеффилд хотын иргэн 42 настай Бен Маскрофт (Ben Muscroft) ахтайгаа уулзахаар явсан таагүй аяллынхаа дараа 100 кг жин хассан байна. Мөрөөдлийнхөө төлөө 100 кг хассан түүний түүхийг английн Daily Mirror-т дэлгэрэнгүй бичжээ.
Ахтайгаа уулзахаар Хятад руу аялахаасаа өмнө Бен 175 кг жинтэй, илүүдэл жингээсээ болж шаналдаг нэгэн байж. Шарсан хайрсан гээд дандаа эрүүл бус хоол хүнс ихээхэн хэрэглэдэг, хийжүүлсэн ундаа их уудаг байсан багынх нь буруу зуршил түүнийг ийм байдалд хүргэсэн аж. Тэрээр зүгээр алхахад ч эвгүйрхэх болж, орон дотроо эргэж хөрвөөхөд ч хэцүү болсон байжээ. Харин Бен 2012 онд ахтайгаа уулзахаар Хятад улс руу явжээ. Британи эрийн өөрийнх нь хэлснээр, энэ нь түүний хувьд жинхэнэ тамлал байсан гэнэ. Онгоцонд аюулгүйн бүс нь хүрэхгүй байсан учир уртасгагч хэрэглэхийг нисэх багийнхан санал болгожээ. Илүүдэл жингээсээ болоод тэрээр Хятадын цагаан хэрэм рүү гарч үзэж чадаагүй байна. Хамгийн гол нь хүмүүсийн гайхсан харцнаас болж тэрээр их эвгүйрхэж ичсэн байна. Түүн рүү харсан хүмүүсийн олонх нь “Хэзээ ч амьдралдаа 200 кг жинтэй ийм хүн харсангүй” гэх маягтайгаар гайхсан байдалтай байсан нь Бенд тун таагүй байжээ.
Энэ аяллынхаа дараа Бен Маскрофт жингээ хасахаар шийдэж мэргэжлийн зөвлөх бүхий эрүүлжүүлэх группэд /#SlimmingWorld/ нэгдсэн байна. Тэнд тэрээр Карен Паркер (Karen Parker)-тай танилцаж, жингээ ч эрчимтэй хасаж эхэлсэн байна. “Миний орсон тураах групп миний амьдралыг зүгээр өөрчлөөгүй, би зөвхөн мөрөөдөж байсан тийм амьдралыг надад өгсөн” хэмээн Бен ярьсан байна. Бен одоо эрүүл хооллож, бокс болон йогоор хичээллэж байгаа аж. Мөн түүний хувьд анхныхаа марафонд оролцож, гүйгээд ч үзэж. Түүнчлэн одоо тэрээр найз бүсгүйтэйгээ хамт Хятадаар дахин аялж, Цагаан хэрэм үзэхээр төлөвлөж байгаа гэнэ.
Эх сурвалж: www.zms.mn