Б.ДОЛЖИНЖАВ

2004 оны нэгдүгээр сарын 4.  Энэ бол Г.Энэрэл, А.Гантулга гэх наймдугаар ангийн хоёр хүү сонирхлоороо нэгдэн “Опозит” хамтлагийг байгуулсан түүхт өдөр.  Opposite гэдэг нь юмны эсрэг, нөгөө тал гэсэн үг. Бусдаас өөр байх гэж бодож ийм нэр өгчээ. Дуучин болгон  хайрын тухай дуулдаг боловч хоёрхон хүнээс бүрдсэн энэ хамтлагийн хайрын дуу бусдын зүрх сэтгэлд хоногшиж, өөр мэдрэмжийг өгдөг билээ.  Тиймээс энэ удаа хамтлагийн гишүүн Г.Энэрэлтэй ярилцсанаа хүргэе. 

-Маргааш /06.22/ таны анхны бие даасан тоглолтоо болох гэж байна. Бэлтгэл хэр явж байна даа?

-Урлагтай холбогдсоноос 14 жилийн дараа анх удаа бие даасан тоглолтоо хийх гэж байгаа учир сэтгэгдэл сайхан байна. Тавдугаар сараас тоглолтын бэлтгэл ажлаа эхлүүлж өчигдөр дууслаа. Тоглолтод орчин үеийн хөгжмийн нүүр царай болсон залуусаас түүж, шигшиж оруулсан. Энэ жилийн хувьд тоглолт хийх цаг болсон нь мэдрэгдсэн. Сарын тухайд зургадугаар сарын 22-нд хийнэ гэдэг санаа хоёр, гурван жилийн өмнө төрсөн. Хамтлагаар биш ганцаараа дуулсан дуунууд хүмүүст хүрч, тоглолт хийх хэмжээний дуунуудтай болсон.

-“Опозит” хамгийн сүүлд Солонгост очиж тоглолт хийсэн байхаа. Хүмүүс хэрхэн хүлээж авсан бэ?

-Хамтлагаараа дөрөвдүгээр сард Солонгост очиж тоглолтоо хийсэн. Сонсогчид сайхан хүлээж авсан. 2014 онд Турк улсад, мөн Өвөр Монгол, ОХУ-ын Эрхүү хотод гэх мэт гадаадын улс орнуудад хамтлагаараа бол тоглолтоо хийж байсан.

-“Vandebo” хамтлагтай хамтарсан “Unana” дуу саяхан цацагдлаа. Та клипэн дээрээ бүжиглэхээс эхлээд шинэ өнгө аястай санагдлаа?

-“Unana” бол тоглолтын маркетингд зориулж, аль болохоор олон хүнд хүргэхийн тулд хичээж хийсэн дуу. Бүжгийн тухайд Монголчууд ер нь бүжиглэдэггүй, энд тэнд бүжиглэхээсээ ичдэг хүмүүс. Миний хувьд хүмүүсийг дуртай ая нь явбал хаана ч хамаагүй бүжиглэдэг байгаасай гэж хүсдэг.

-Хип хоп урсгалд “Vandebo” хамтлаг хүч түрэн орж ирж, дуунууд нь ч  хүмүүст хүрч нэр хүндтэй хамтлагийн тоонд орж байна. Таны хувьд энэ хамтлагийг гаргаж ирсэн. Тэдэнтэй хэрхэн холбогдож байв?

-Миний дэглэм, дэгийн дагуу энэ урлагт орж ирсэн хамтлаг л даа. Над руу инстаграмм, фэйсбүүкээр чат бичдэг байсан. Би тоохгүй, дуунуудыг нь сонсдоггүй байлаа. Олон хүн олон нийтийн сүлжээгээр над руу чат бичдэг учраас би нэг их  тоогоогүй юм.  Хэд хэдэн дуу гаргаад л явж байсан юм билээ. Нэг удаа дууг нь  сонсож үзтэл  их зүйлийг олж харсан, ирээдүй харагдсан учраас маргааш хүрээд ир гэж хэлсэн.  Тэр цагаас  алдаа дутагдлыг нь хэлж өгөөд, одоо  ч зааж зөвлөж явж байна. Мөн энэ хамтлагийг нэрд гарахад Monstar продакшн чухал хүчин зүйл нь болж байгаа. Vandebo хамтлагийн залуус маш тууштай, аливаа зүйлийг хурдан сурдаг. Энэ нь тэдний  бусдаас ялгарах онцлог, амжилттай яваагийн шалтгаан нь болов уу.

-Бэлдэж байгаа өөр артист бий юу?

-Бэлдэж байгаа өөр артис бол байхгүй. Ажиглаж байгаа нэг артист бий. Нэрийг нь сайн санахгүй байна. Интернэтээр холбоо тогтоочихсон байгаа.

-Багаасаа раям бичих дуртай хүүхэд байсан гэж сонссон. Энэ нь реппер болоход нөлөөлсөн үү. Таны бага нас хэрхэн өнгөрсөн юм бэ?

-Би эх нялхаст төрсөн. Хорооллын эцэст амьдарч байгаад модны хоёр руу нүүгээд тэнд л хүүхэд нас өнгөрсөн дөө. Яагаад ч юм багаасаа л шүлэг бичдэг , энэ нь ч надад таалагддаг байсан. Магадгүй гурав, дөрвөн настай байхад аавын авч өгсөн хүүхдийн дуутай кассет энэ замыг сонгоход нөлөөлсөн байх л даа. Гэхдээ би реппер биш реп хит болж байхад хугацаанд нь гарч ирсэн Энэрэл гэдэг хүн. Миний хийж байгаа зүйл Энэрэлийн уран бүтээл болохоос транс ч юмуу хип хоп биш гэдгийг хүмүүс ойлгодоггүй. Харанга хамтлагийн дуу бол Харанга. Тэрнээс рок биш. Ямар нэг төрөл, урсгалд өөрсдийгөө бариад эхлэхээр л хоцрогдсон болдог. Хамтлаг болгон өөрсдийн хэв маягийг илэрхийлэх хөгжимтэй. Хэнийг ч хэчнээн дуурайх гээд өөрөөсөө өөр зүйлийг хүн  хийж чадахгүй.

-Реппер биш гэхээр юу гэж ойлгох уу. Хүмүүс реппер Энэрэл гэж ярьдаг шүү дээ?

-Үүнийг тайлбарлах гэхээр урт түүх болчих гээд бас олон зүйлийг үгүйсгэх гээд байна. Би реппер биш гэдгээ 2010 онд мэдсэн юм. Учир нь “Опозит хамтлаг хип хоп урсгалаар уран бүтээлээ туурвиж явдаг. Танай хамтлагтай гэрээ байгуулж ажиллуулмаар байна” гэсэн саналыг Сонор студи тавьсан. Тэгэхэд нь би “Бид хоёр хип хоп бишээ. Бид хоёр бол Опозит” гэж хариулсан.

-Таныг юу гэж нэрлэхээ ч мэдэхээ болилоо. 2004 онд ангийнхантай хамтарч дуу дуулж байсан гэсэн. Тэр үед ямар дуу дуулж байсан бэ?

-Намайг шүлэг бичдэг гэдгийг сургууль даяараа мэддэг байсан. Есдүгээр ангид байхад манай нөгөө ангийнхан ирээд хамтдаа дуу хийе гэсэн. Тэгээд би ихэнх шүлгийг нь бичээд ээлжлээд л дуулсан даа. Одоо шүлэг бичихээ больсон. Сүүл толгой холбож бичдэг шүлэгний хэлбэр нь өөрчлөгдсөн.

-Анх хэдэн настайдаа юуны тухай шүлэг бичиж байснаа санадаг уу?

-Нэгдүгээр ангидаа Мартын наймнаар ээждээ зориулж шүлэг бичиж байсан нь анхны шүлэг байх. Ямар ч байсан шөнө намайг дулаахан өвөртөө хонуулсан, сүүгээ амлуулсан тиймэрхүү юм байсан санагдаж байна.

-Шүлэг бичих авьяас төрөлхөөс хүнд заяадаг гэж боддог уу?

-Миний мэдлээс хэтэрсэн асуулт байна л даа. Гэхдээ энэ хүртэл хуримтлуулсан туршлага дээрээ үндэслэж хариулахад бол хүн бүрийн дотор яруу найрагч, дуучин гээд ер нь бүх юм байгаа. Яагаад гэвэл хүн бүр ижилхэн өгөгдхүүнтэй төрдөг.  Гэхдээ өөрийн  мэдэлгүй багаасаа шүлэг бичихэд дурласан болохоор авьяастай төрсөн гэж хэлж болох юм.

-Гантулгатай цэцэрлэгт байхаасаа найзалсан гэсэн. Тэр үеэс Опозит хамтлагийн суурь тавигдсан уу?

-Бэлтгэл ангид байхаасаа л бие биеэ таньдаг болсон. Дөрөвдүгээр ангидаа хамтлаг байгуулна гэж ярьдаг байлаа. Дуу ч зохиож мэдэхгүй, ер нь юу мэдэхгүй хүүхдүүд хамтлаг байгуулна гээд л явж байсан. Тэгээд 2004 онд хамтлаг болохуу “тэгье” гээд Опозит хамтлаг байгуулагдсан.

-Өөрийн тань болон хамтлагийн тань анхны дуу ямар дуу байсан бэ?

Анх Люмино хамтлагийн “Бүтэлгүй хайр” дууны үгийг нь бичиж аваад цээжлээд, үглээд хип хопд дурлаж байлаа. 2005 оны зун ганцаараа “Шингэсэн” гэдэг нэртэй дуу хийж байсан. Тэрийгээ Соёлын төв өргөөний ард талын студид 20 мянгаар төгрөгөөр бичүүлээд  Гантулгад сонсгосон.   Гэтэл Гантулга гэрээсээ нэг ая авч гарч ирснээ өөрийнхөө дууг бас бичүүлчихсэн шүү. /инээв/ Амьдралын тухай л дуу байсан байхдаа. Тэр дуу одоо байдаг үгүйг мэдэхгүй байна.

-Хайрын тухай их дуулдаг хүний хувьд хайрыг хэрхэн ойлгодог вэ. Анхны хайртайгаа учирсан уу?

Хайрын тухай ярихаас илүү хайрандаа амьдарсан нь, хайрласан нь дээр байх. Хайрын тухай тодорхойлсон бүх тодорхойлолтыг уншаарай. Хайр бол мөнгө биш. Мөнгө бол хайр. Анхны хайрыгаа мартчихаж. Ер нь тэгээд санах ёстой ч юмуу, ухаж гаргаж ирээд хамт амьдрах ёстой ч юмуу. Олон хүнд хайрлаж, дурлалаа.  Аль нь ч миний анхны хайр байсан юм бүү мэд. Хамгийн анхны хайр бас сүүлийнх ч байх ёстой гэж боддог.

-Ингэхэд Энэрэл өөрийгөө олсон уу?

-Өмнө нь олон хүн ингэж асууж байсан. Юм олон болоод ирэхээрээ худлаа болчихдог. Худал үгийг олон давтахаар үнэн болдог, үнэн үгийг мянга давтахаар худал болчихдог шиг түгээмэл асуулт байна. Мөнгө олсон хүн өөрийгөө олсон юмуу, яг яасан хүнийг өөрийгөө олсон гэж хэлэх юм бэ гэдэг нь чухал. Нийгмийн байдлаар бол их мөнгөтэй хүн л өөрийгөө олсон гэж хэлэхээр байна. Миний хувьд өөрийгөө олсон хүн гэж хүүхэдтэй хүнийг хэлэх байх. Өөрийгөө олох гэсэн чинь нэг хөгжилтэй явдал санаанд орчихлоо. Нэг удаа Rokit Bay манай дүүд “чи өөрийгөө олоогүй байна гэж хэлж л дээ” тэгсэн дүү “Би тэгээд өөрийгөө хаанаас олох уу” гэж асуусан чинь “түнэр харанхуйгаас ол” гэж хариулсан гэсэн л дээ. /инээв/.  Дүүгийн энэ яриаг сонсож манай найз  “Чи түнэр харанхуйгаас Rokit Bay-г олно шүү” гэж хэлсэн байдаг юм.

-Бусдаас ялгарах онцлогоо юу гэж боддог вэ?

-Сүүлийн 10 жил дуугаараа дамжуулж хүүхэд залуусын оюун санаа руу их юм хийлээ. Тэрийг нь мэддэг хүн ч бий, мэдэхгүй хүн ч бий. Гэхдээ хүмүүс надаас олон юм суралцдаг юм шиг л санагддаг. Өөрийгөө их уян хатан хүн гэж боддог. Зөв гэж санагдсан зүйлийг үргэлж дэмждэггүй. Бүх хүн хийж байгаа болохоор зөв зүйл биш, чи ганцаараа хийж байгаа болохоор буруу зүйл гэсэн үг биш. Цаг үеэ мэдэрч хамеолон шиг байх ёстой. Сүүлд би Монгол эр хүн, эмэгтэй хүний баримтлах ёстой зарчмуудыг олж уншсан. Тэр зарчмуудыг дагахад боломжийн санагдсан. Камер асаангуут сайн хүн, унтарчихаар нь муу хүн болдог биш хүнээрээ л байх ёстой. Хүн сайнтай муутай байдаг. Осоржамаагийн өт хүртэл бие рүү нь хатгахаар яхилздаг гэдэг үг шиг л . Олондоо нэмэр тустай хүн шиг хүн байх  юмсан гэж хүсдэг.

-Та мөрөөдөлдөө хүрчихсэн үү?

-Бага байхдаа мөрөөдөж байсан зүйлдээ хүрчихсэн. Миний дууг олон хүн сонсоод, олон хүн намайг таньдаг, алдартай дуучин болох юм сан гэж мөрөөддөг байсан. Дараагийн зорилго томоохон бүтээн байгуулалт хийх юмсан гэж бодож байна. Гадаадаас Монголд хүмүүс ирээд гайхах хэмжээний маш том бүтээн байгуулалт хийх юмсан гэж хүсч байна. Эр хүн гэж эх орондоо хайртай хүнийг хэлэх байх. Эмэгтэйчүүдийг ч мөн адил эх орондоо хайртай байгаасай гэж хүсч байна.

-“Гэгээн цагаан өглөө” гээд найздаа зориулсан гайхалтай дуу бий. Энэ дууны тухай дурсвал?

-Тэр найз маань бурханаас надад илгээсэн юм шиг онцгой хүн байсан. Энд тэнд явж байхад дандаа л таарна. Бид хоёр арван жилдээ нэг ангид сурдаг байсан. Гэтэл сургуулиа төгсөөд сэтгэл зүй нь өөрчлөгдсөн юм шиг байна лээ.  Тэр үед би тийм ухаантай байгаагүй учраас амьдралд нь юу болоод байгааг ойлгож чадаагүй.

-Түүнээс өөр дотно нөхөрлөдөг найз бий байх. Нөхөрлөлийн үнэ цэнэ юунд оршдог гэж боддог вэ?

-Найз нөхөдтэй байхаас илүү хамтрагчтай байхыг илүүд үздэг. Сайн хамтрагчтай байх нь найз нөхдөөс илүү. Найзууд бол байгаа. Дотны найз гэж байхаасаа больсон доо. Бүх харилцаа нөхөрлөл болоод л явчихдаг.  Харин харилцааны үнэ цэнэ бие биеэ хүндлэхээс эхэлнэ.

-Эцэст нь гэр бүлээ танилцуулж болох уу. Энэ талаар нэг их ярьж байгаагүй юм билээ?

- Эхээс гурвуулаа. Хоёр дүүтэй, айлын том хүүхэд. Аав цэргийн хүн байснаа наймаа эрхэлж бизнесмен болсон. Ээж эрүүл мэндийн салбарт насаараа нягтлан бодогчоор ажилласан.  Ямар ч сайхан зүйл, ямар ч   хэцүү зүйл дуусах хугацаатай байдаг гэдгийг аав надад ойлгуулсан.  Тиймээс ямарваа нэг хүнд хэцүү ажил гарч ирэнгүүт энэ ингээд дуусна даа гэж боддог. Харин ээж эмэгтэй хүнийг толгой дээрээ гаргасан эрэгтэй хүн өөдөлдөггүй шүү гэж  хэлдэг байсан. Ер нь ээжийнхээ алганы амтыг нэлээд амсаж өссөндөө. Зодохоос ч өөр аргагүй сахилгагүй, хийсэн юм болгон буруу зүйл болчихдог хүүхэд байсан. Реппер болоход гэрийнхэн бусад хүмүүст намайг дэмжиж ярьдаг хэрнээ надад бол дэмждэгээ хэлж байгаагүй.

Эх сурвалж:www.polit.m