X.Э.Бейтс

Их үд. Уул лугаа адил үүлс нэг нэгэндээ тээглэн бүдчиж тэнгэрт хөвнө. Гэрэл гэгээ муутай, нойр хүргэм өрөөнд цонхны ойролцоо залуухан эмэгтэй бөгтийн суугаад хүн орж ирэх, нар жаргах, тушаал заавар буух зэрэг тодорхой цагт заавал болох нэгэн зүйлийг хүлээж буй мэт огт үл хөдлөх аж. Нэг гарынхаа арыг аажуухан илж, уйтгартай нь аргагүй хөмсгөө зангидаж, уруулаа жимийнэ. Сүүдэр буусан талыг мөн л гунигтайгаар харснаа баруунтаа ургасан ой руу харцаа хандуулна. Нарны зурвас гэрэл туссан баруун уулс руу харна. Уулсын хооронд нэг харахад хар сорви мэт, нэг бодоход толгой хоргодоход тохирсон анир чимээгүй газар мэт санагдах ой модыг харцаа хэсүүлэн харна. Хамаг юм холилдон хутгалджээ. Нөгөө өрөөнд үе үе төгөлдөр хуурынхар, цагаан товшлууруудын доороос гарах ид шидэт ая дуугарч бүсгүйн сэтгэл зүрхийг эзэмдэн бишрүүлээд магадгүй нэг минут хэртээ бүхий л бие цогцсыг нь бүрэн эзэгнэснээ нам гүм болов. Гэвч энэхүү эргэлзэл дүүрэн хөгжмийн ая эгшиглэж дуусмагц өнөөх л янзаараа нэг гарынхаа хуруунуудаар нөгөө гарынхаа арыг тэмтчин базалж, дахиад л санаа сэтгэл нь үймэн түгшинэ.

Хамаг юм холилдон хутгалдаж, учир начир нь үл олдоно. Бүсгүй удалгүй явах аж. “Би эндээс явлаа. Энд байж чадахгүй нь” хэмээн оройжин амандаа хэдэн зуун удаа үглэжээ. Гэвч үнэн хэрэг дээрээ явах гэж оролдсон ч үгүй. Бүсгүй аанай л суусан хэвээр, цаг хугацаа дэргэдүүр нь урсан өнгөрсөөр л. Тархи толгойд нь ганцхан бодол салахгүй эргэлдэнэ. “Өнөөдөр би эндээс явна. Энд би бүр ядарч туйлдлаа. Би хэзээ ч санаснаа хийж чадахгүй юм. Амьдрал маань юу ч биш боллоо”.

Энэ бүхнийг хэлж, бодож байхдаа эмэгтэйн нүүр царайд баярлаж хөөрсөн шинж тэмдэг огт байхгүй бөгөөд харин ч урьдаас сайтар төлөвлөж байгаад ажлаа амжуулдаг нямбай хүн лүгээ адил бодох нь: “Тэгээд юу юугаа авч явах вэ? Сарнай цэцэг хатгасан хөх өнгийн хувцсаа авах уу? Тэгье. Өөр юу авах вэ? Өөр юу байдаг билээ?” Тэгснээ: “Өнөөдөр би эндээс явна. Би гэж хэзээ ч юу ч хийж чадахгүй хүн юмаа” хэмээн дахин бодно.

Энэ ч үнэн байлаа. Эмэгтэй амьдралдаа өөрийгөө хүчилж хэзээ ч, юу ч хийж байгаагүй ажээ. Өглөө оройтож босно. Өглөөний цайгаа удаан ууна; ер нь унших, хувцас хунараа засаж янзлах, хоол ундаа идэж уух, төгөлдөр хуур тоглох, үдшийн цагт хөзөр тоглох, орой орондоо орох гээд л юу ч хийсэн туйлын удаан хөдлөнө. Хийх юмтай байсаар өдөр өнгөрүүлэхийг бодох тул тийнхүү зориуд удаан хөдөлдөг байжээ. Үнэндээ ч өдөр хоног солигдон өнгөрөх боловч энэнээс өөр юу ч хийдэггүй байжээ.

Гэвч өнөөдөр заавал нэг юм болох гээд байлаа. Үүнээс хойш хэзээ ч орой болгон хөзөр тоглож байхгүй, ер нь нэг нэгнээсээ ялгарахын аргагүй ижилхэн цуврах орой бүр аав нь нөгөө л хэлдэгээ хэлнэ. “Өнөөдөр миний аз бүр харьчихжээ. Хөзрийн тамга гарчихсан гэж бодсон буруутав аа!” гэж. Одоо би орой болгон “Нэлли, арван цаг болсон байна, явж унт” гэж хэлүүлж байхгүй. Орой болгон уйтгартай нь аргагүй шатаар дээш өгсөж унтлагын өрөө рүүгээ явахгүй. Өнөөдөр эндээс явна. Явахыг нь хэн ч мэдээгүй боловч үнэхээр явахаар санаа шулууджээ. Өнөө оройн галт тэргээр Лондон орохоор шийдсэн аж.

“Явна аа. Харин юу юугаа авдаг юм билээ? Сарнай цэцэг хатгасан цэнхэр хувцсаа авна. Өөр юу авдаг билээ байз?”

Хөдөлгөөнгүй удаан суусан болохоор бие нь хөшиж шатаар дээш арайхийн мацав. Дүрслэн өгүүлвээс эмэгтэй нэг газраа олон жилийн турш хөдлөлгүй суусаар байгаад түүний ухаан санаа, бие бялдар аль аль нь хөшжээ. Тэгсэндээ уурлаж бухимдсан мэт юм хумаа сандчин цуглуулж, юуны өмнө өнөөх хөх хувцсаа цүнхэндээ хийж, дээрээс нь саяхан санасан хэд хэдэн юм нэмж шидэв. Эмэгтэй цүнхээ түгжив. Нэг их хүнд болсонгүй. Мөнгөө дахин дахин тоолж үзлээ. Яг л хүрэхээр ажээ! Бүх юм ян тан бүтэхээр бэлэн болов. Эмэгтэй явах нь эргэлзээгүй боллоо!

Эмэгтэй доошоо бууж, харанхуй болсон өрөөндөө сүүлчийн удаа орлоо. Зочдын өрөөнд цайны аяга таваг харшилдах дуу, энэ гэрийн тэсэхийн аргагүй зэвүүн дуу чимээ сонсдоно. Эмэгтэй өлсөхгүй байлаа. Найман цагийн үед Лондонд очих тул одоо хоол идвэл бүх л замын турш дотор нь муухай оргино. Хоол идэхээ азнасан нь дээр байлаа. Галт тэрэг зургаа арван наймд хөдөлдөг. Галт тэрэгний хөдөлгөөний цагийн хуваарийг дахин харав. “Элдэнд зургаа арван гуравт, Оулдад зургаа арван наймд, Лондонд долоо тавин гуравт тус тус зогсоно“.

Эмэгтэй төгөлдөр хуур дээр вальс хөгжим тоглолоо. Эл хөгжмийн дан-да- да, дан-да-да хэмээх удаан, нойр хүргэм ая хэсэг хэсгээр сонсдох бөгөөд зүрх сэтгэлд уйтгар гуниг шивнэж шимшрүүлнэ. Өрөөнд зэгсэн харанхуй байсан тул эмэгтэй товшлуураа бараг олж харахгүй байлаа. Наадаж буй аяндаа тохируулан “Элдэнд 6.13, Оулдад 6.18” хэмээн байн байн хэлж, цаг андуурахгүйг ч, мартахгүйг ч хичээнэ.

Хөгжим тоглож байхдаа бодсон нь: “Би дахин хэзээ ч энэ вальсыг тоглохгүй. Энэ ая энэ өрөөний байдлыг тэр чигээр нь шингээжээ. Сүүлчийн удаа тоглож байгаа минь энэ!” Вальс хөгжмийн ая нөгөө л нойрмог янзаараа гулсан гулссаар дуусав. Эмэгтэй нэг хэсэг нам гүм суулаа. Өрөө нь хав харанхуй тул нэгэн нууцыг агуулж буй мэт. Вальсын ая хэдийн замхран арилжээ. Тэгтэл хажуугийн өрөөнд аяга, таваг харшилдан тажигнах дуулдаж, “Би одоо явлаа” гэсэн бодол дахин төрлөө.

Эмэгтэй суудлаасаа босож, өрөөнөөс аяархан гарав. 3амын хоёр талаар ургасан өвс үдшийн салхины аясаар найган сэрчигнэх нь олон хүн алгаа зэрэг зөөлөн үрж буй мэт сонсдоно. Үүнээс өөр чимээ гарахгүй бөгөөд эмэгтэйн алхах гишгэх нь хөнгөн тул түүний гарч явсныг хэн ч сонссонгүй. Замаар уруудан явахдаа “Одоо л санасан минь бүтэх нь! Ашгүй одоо л биелэх нь” гэж бодож байв.

“Элдэнд зургаа арван гуравт, Оулдад зургаа арван наймд”.

Элдэн рүү явах уу, эсвэл Оулд руу явах уу гэдгээ мэдэхгүй тул яахаа шийдэхээр замын уулзвар дээр саатан зогсов. Элдэн рүү явбал тэнд түүнийг таних хүн байхгүй нь сайн. Харин Оулдад таньдаг хүн таарч баахан дэмий юм ярьж магадгүй. Тэгвэл Элдэн рүү явсан нь дээр, ямар хамаа байх вэ. Одоо ер нь юунд санаа зовох вэ дээ. Нэгэнт гэрээсээ гараад явж байгаа болохоор бүр яваад өгсөнтэй ялгаагүй!

Сэтгэл нь хөөрч догдолсон учир амьсгаа авах тоолонд цээж нь оволзон бие нь халуу шатна. Юу юу авч цүнхэндээ хийснээ эргэн санах гэж оролдсон боловч хамгийн түрүүн авч хийгээд дээрээс нь олон юм хийсэн “сарнай цэцэг хатгасан цэнхэр хувцсаа” л санаж байв. Гэвч одоо энэ чухал биш. Мөнгө халаасанд нь байгаа, бусад юм нь ч гэсэн нэгэн адил бүрэн бүтэн байгаа гэж бодоход сэтгэлнь уужирч цаашаа явах тусам улам тайвширна. Гэвч тэрхүү уужран тайвширсан сэтгэл нь дотроо зуу зуун үл мэдэг сэтгэлийн хөдөлгөөн, итгэл, эргэлзлийн аль алиныг нь агуулсан байв. Одоо дахин вальс хөгжмөө тоглохгүй, сүүлчийн удаа хөзөр тоглосон, одоо ганцаардах, бусдаас айн захирагдаж дарагдах, удаан хөдөлгөөн энэ бүхэн бүгдээрээ, аймшигт амьдрал нь бүхэлдээ ард нь хоцрон үлджээ.

“Ингээд би явлаа!”

Гадаа дулаахан, амгалан сайхан санагдаж байлаа. Бие нь хөнгөн шингэн, үл мэдэг чичрэх нь сайхан санагдана, шөнийн зөөлөн салхи энхрийлэн илэн таалж байна уу даа гэж бодмоор. Одоо нэгэнт айдгаа авдрандаа хийжээ. Харин ч “Намайг өөрөө яваад өгсөн гэхэд хүмүүс итгэхгүй байх. Гэхдээ нээрээн л би өөрөө явж байна шүү дээ” гэж бодоход хор шар нь буцлах шиг, уур омог нь дүрэлзээд явчих шиг боллоо.

Гар нь цуцаж, ачаа нь хүндэрсэн юм шиг санагдав. Цүнхээ зүлгэн дээр тавьж, өөрөө дээр нь түр амсхийн суув. Ингэж суух нь орой харанхуй өрөөнд сууж байсантайгаа адилхан бөгөөд үнэхээр ч бээлийтэй гараараа нөгөө гарынхаа арьсыг илж эхлэв. Вальс хөгжмийн нэг хоёр эгшгийг санав... Тэнэг төгөлдөр хуур! Түүний хамгийн доод “си” товшлуур нь үргэлж хөггүй байдагсан! Ёстой хөгийн юм! Лондон хотыг төсөөлөн бодох гээд чадаагүй тул сэтгэл дотроо нөгөө л үгээ давтан хашгирав. “Би одоо бүр явлаа!” Тэгж хэлэхэд өөрт нь урьд урьдаас илүү бахтай санагдана.

Галт тэрэгний буудалд цорын ганц чийдэн асаж тал тал тийш базаахгүйхэн шаравтар гэрэл тусгах боловч тэглээ гээд улам л харанхуй болсон юм шиг санагдаж, дотор нь улам бачимдана. Тэгээд ч галт тэрэгний буудал дээр ганц ч хүн харагдахгүй байлаа. Хүйтэн, хоосон талбай дээгүүр цааш нааш холхиж байхдаа дотно санагдах өөр дуу дуулдахгүй байгаад сэтгэл гонсгор байв. Тэртээ хол харанхуйд хэдэн улаан гэрэл огт солигдохгүй юм шиг гөлийн асна. Гэвч эмэгтэй “Би эндээс явна, явна” гэж дахин дахин үглэснээ, “Би бүх хүнийг үнэн голоосоо үзэн ядаж байна. Би өөрөө өөрийгөө танихааргүй болтлоо өөрчлөгджээ” гэж хэлэв.

Эмэгтэй галт тэрэг ирэхийг тэсэж ядан хүлээнэ. Амьдралдаа анх удаа яг хэдэн цаг болж байгааг мэдэж байсан болохоор хачин санагдана. Эмэгтэй цувныхаа ханцуйг шуужээ. Юу юугүй зургаа гуч боллоо! Даарах шиг болов. Төмөр замын дагуу дандаа улаан гэрэл ассан нь түүнийг дооглож байгаа мэт. “За, өнөө зургаа гуч нь ч боллоо. Тэгэлгүй дээ!” Эмэгтэй хэнэггүй байхыг хичээнэ. “Галт тэрэг цагаасаа хожимдож байна л даа. Өөр яав л гэж” хэмээн өөрийгөө тайвшруулахыг оролдох боловч хүйтэн болоод ч тэр үү, яг үнэнийг хэлэхэд айдас нь улам нэмэгдэж, удалгүй өөрөө ч энэ үгэндээ итгэхээ больжээ...

Эргээд алхаж явахад өнөөх аварга том үүлс улам доошилсон байх бөгөөд түүний санаа сэтгэлийг улам ихээр зовоон бачимдуулна. Салхи ч мөн адил уйтгартайяа улин улин үлээж, санаа сэтгэлд нь гашуудал харууслыг шивнэнэ. Урьд өмнө иймэрхүү юмс түүний санаа сэтгэлийг үймүүлж байсан түүх байхгүй. Харин одоо өөрийнх нь баларсныг, ирээдүйд амсах зовлон, уйтгар гунигийг хэлээд байх шиг санагдана. Эмэгтэйн урам зориг мохжээ. Гадаа үнэхээр хүйтэн байсан боловч чичрэх ч тэнхээгүй явлаа.

Гүн нойронд автсан мэт тас харанхуй өрөөнд “Өнөөдрөөс өөр өдөр байхгүй биш. Нэг л өдөр явахдаа л явна. “Нэг өдөр” хэмээн өөрийгөө тайтгаруулж суулаа.

Эмэгтэй дув дуугүй суусаар. Хажуугийн өрөөнд хөзөр тоглох бөгөөд эцэг нь гэнэт: “Би хөзрийн тамга гарчихсан гэж бодсон юм” гэж хэлэв. Хүн инээх сонсдоно. “Дандаа аз дутна шүү. Үргэлж аз дутна. Үргэлж шүү!” гэж эцгийнх нь хэлэх сонсдоно.

Ямар муухай юм бэ! Үүнийг яаж тэвчих юм бэ! Нэг юм хийж үүнийг зогсоох хэрэгтэй! Нээрэн байх суухын арга алга.

Эмэгтэй нөгөө вальс хөгжмөө тоглож эхлэв. Нэгэн зэрэг нойр хүргэм, сэтгэл шимшрүүлэм аяыг сонсож өөрийн эрхгүй нулимс асгаруулав.

“Ямар өнөөдрөөс өөр өдөр байхгүй биш! Би явахдаа л явна. Нэг л өдөр!” хэмээн өөрийгөө зоригжуулна.

Тэр өдрөөс хойш нөгөө вальс хөгжмийн аяыг дарах тоолондоо доошоо тонгойн уйлж, “Нэг л өдөр! Нэг л өдөр!” гэж дахин дахин хэлэх аж.

Н.Энхбаярын орчуулсан англи өгүүллэгүүдийн “Сохрын орон” номоос