-Манай аймаг 87 мянга гаруй оршин суугчтай. Иргэдийн 60 гаруй хувь нь хөдөлмөрийн насныхан бөгөөд 34 мянга гаруй татвар төлөгчтэй баруун бүсийн тулгуур төв болсон аймаг. Бидний хувьд ажлын байрыг нэмэгдүүлэх, айл өрхийн орлогыг өсгөх нь тулгамдсан асуудлын нэг. Тиймээс аймаг орон нутгаа хөгжүүлэхэд олон талын хүчин зүйлийг хамруулан томоохон ажлуудыг хийх шаардлага бий. Энэ удаагийн чуулганы гол зорилго ч мөн үүнд тулгуурласан. Нөгөөтэйгүүр төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн оролцоотойгоор Ховд аймгийг хэрхэн хөгжүүлэх вэ гэх асуудлын хүрээнд хамтаа хэлэлцэхийн зорьсон. Зөвхөн Ховд аймаг гэлтгүй баруун бүс нутагт нэн шаардлагатай төсөл хөтөлбөрүүдийг энэ удаагийн чуулганаар танилцуулж байна. Цаашилбал, хөрөнгө оруулагчдыг татах асуудлыг ч мөн хөндөж байгаа юм. Аймгийн хэмжээнд хэрэгжих төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулагчдыг татах хэрэгтэй байгаа учраас бид энэ удаагийн хөрөнгө оруулалтыг чуулганыг нийслэлд зохион байгуулж байна.
“Хашаандаа сайхан амьдарцгаая” төслийн удирдагч Э.Аалтан-Од: Санхүүжилтийн эх үүсвэрийг шийдэх боломж бүрдлээ
-2010 оноос хойш энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ярьж байсан бөгөөд энэ жилээс хэрэгжих боломж бүрдэж байна. Төсөл маань хашаагаа хэрхэн тохижуулах вэ гэдгээс эхэлнэ. Аймгийн хэмжээнд 5300 орчим гэр хорооллын айл өрх бий. Үүнээс 90 гаруй хувь нь ил жорлонтой бөгөөд энэ хэрээр хөрсний болоод агаарын бохирдлыг үүсгэж байгаа. Тиймээс эндээс урьдчилан сэргийлэх зорилгоор бид мэдээлэл түгээхдээ “Хөршийн холбоо”-г ашиглаж байна. Нөгөөтэйгүүр энэ холбоогоо ашиглан төрийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэхэд томоохон хөшүүрэг болно. Түүнчлэн орон нутагт байгаа хямд эх үүсвэрийг ашиглан амины болон орон сууцны төслүүдийг хэрэгжүүлэхээр зорьж байна. Энд мэдээж санхүүжилтийн асуудал гарч ирнэ. Тиймээс манай төслийг хэрэгжүүлэх боломжийг “Хаан” банкныхан олгохоор болсон нь энэ удаагийн чуулганы нэг үр дүн гэж харж байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин