Ч.ГАНТУЛГА
Нийслэлд шинэ жилийн уур амьсгал хэдийнэ оржээ. Арванхоёрдугаар сар бүсгүйчүүдийн хувьд онцгой. Шинэ жилийн үдэшлэгтээ хүн бүрийн харцыг булаам, сайхан харагдахыг хүсэхгүй хэн байхав. Харин үдшийн хатан хаан болоход нүүр будалт хамгийн чухал. Тэгвэл энэ жил ямар будалт тренд болж буй тухай “GS” салоны нүүр хувиргагч Г.Солонготой ярилцлаа.
-Make up хийдэг хүнтэй уулзана. Мэдээж өөрийгөө гоё будчихсан байгаа байх гэж бодож байлаа. Гэтэл та нүүрээ буддаггүй бололтой? -Би арьсаа хамгаалах зорилгоор хөнгөн энгэсэг л тавьдаг. Түүнээс байнга өөрийгөө будаад эсвэл будуулаад байдаггүй. Өөрийгөө бус хүн будахад их сайхан санагддаг. -Нүүр будалтыг бид шинэ жилээр хийлгэдэг гэсэн ойлголт ард хоцорчээ. Бүсгүйчүүд өдөр тутамдаа ч мэргэжлийн make up хийлгэдэг болж? -Нүүрээ мэргэжлийн хүнээр будуулах нь нэг ёсны соёл юм. Нэг үеийг бодвол хүмүүс мэргэжлийн нүүр будалтын ач тус, давуу талыг мэддэг болжээ. Нүүр будах сонирхол бус урлаг болтлоо хөгжсөн. Бүсгүй хүн бурхны бүтээл гэж би боддог. Тиймээс үргэлж биеэ зөв авч явж, бусдад үлгэр дууриал үзүүлж, өөрөөсөө хайр түгээдэг байвал сайхан. Үүнд харагдах байдал их чухал. Аль ч албан байгууллагаар ороход цэвэрхэн хувцасласан, өөртөө тохируулаад нүүрээ будсан бүсгүйчүүд шууд нүдэнд тусдаг шүү дээ.



Эх сурвалж: Зууны мэдээ сонин