- Хөрөнгө мөнгө их шаардсан, эрсдэл дагуулсан хайгуул судалгааны ажлыг тодорхой үе шаттайгаар явуулах шаардлагын үүднээс талбайг нь хэсэгчлэн хувааж хайгуулын ажлыг гүйцэтгэдэг нь дэлхий нийтийн жишиг байдаг.
- Үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний онцлогоос хамаарч олон төрлийн түүхий эд ашиглах шаардлага үндэсний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхээр ажиллаж буй бүхий л үндэсний компанид тулгардаг. Тухайлбал МАК компанийн Евроблокийн үйлдвэрлэлд элс, шохой, гөлтгөнө, хөнгөн цагааны нунтаг, нүүрс зэрэг түүхий эд ашиглагддаг бол цементийн үйлдвэрлэлд шохойн чулуу, нүүрс, гөлтгөнө, төмрийн хүдэр, шавар гэх зэрэг түүхий эд ашиглагдаж улмаар бусдаас худалдан авахгүйгээр өөрсдөө олборлон эцсийн бүтээгдэхүүн болгох нь өртөгийг бууруулах, хэрэглэгчдэд хямд чанартай бүтээгдэхүүн нийлүүлэхэд чухал ач холбогдолтой. Ийм учраас барилгын материалын үйлдвэрлэлийн түүхий эд тус бүр дээр нь тусгай зөвшөөрөл эзэмших шаардлага гардаг юм.
- “Монголын Алт” (МАК) ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Нямтайшир, түүний хүү УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нар болон тэдний гэр бүлийн гишүүд хувь хүнийхээ нэр дээр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй. Хууль эрх зүйн хувьд ч ийм боломж байхгүй. Харин лицензийг геологи хайгуулын буюу улс орныхоо эрдэнэсийн сан хөмрөгийг баяжуулах үйл ажиллагааны үндсэн чиглэлтэй “Монголын Алт” (МАК) ХХК эзэмшдэг бөгөөд энэхүү тусгай зөвшөөрлүүдийн талаар хууль хяналтын байгууллагаар шалгуулахад бэлэн байна. Н.Номтойбаярыг улс төрд орсон буюу 2012 оноос хойш МАК компани 2014 оноос эхлүүлсэн цахим өргөдөл гаргах аргачлалаар хайгуулын дөрвөн тусгай зөвшөөрөл, 2017 онд сонгон шалгаруулалтанд оролцож шинээр хоёр талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг авсан.
- Цагаансуваргын ордыг анх Австрали улсын “Молопо” компани 1994 оноос эзэмшиж байсан ба 1999 онд уг ордын тусгай зөвшөөрөл цуцлагдахад тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн дагуу Монголын үндэсний компани эзэмших болсон.
- Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2 дахь заалтад “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэж заасан.
- Ашигт малтмалын тухай хуулийн 5.5 дахь заалтад “ ... ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно” гэж заасан байдаг.
- Монгол Улсын Их хурлын 54 дүгээр тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн талаар Үндсэн хуулийн Цэцэд хандаж, Үндсэн хуулийн Цэцийн 2015 оны 07 дугаартай дүгнэлтэд “Монгол Улсын Их Хурлын 2014 оны 54 дугаартай тогтоол Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн нэг дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэснийг зөрчөөгүй байна” гэж дүгнэсэн билээ.