Х.ОЮУНБОЛД

Финляндын программ хангамжийн багш Линда Лиукас хүүхдүүдэд ялангуяа, охидод зориулсан хөгжилтэй аргаар программ зохиох талаар зорилго тавьж технологийн ертөнцийг олон хүнд хүртээмжтэй болгохын тулд 2010 онд “Райлс Гирлс” нэртэй байгууллага байгуулжээ. Харин өнөөдөр энэ байгууллага нь Берлин, Шанхай болон 160 гаруй хотод компьютерийн сургалт явуулдаг болсон байна. Линда Лиукас үүнийхээ дараа программ хангамжийн тухай ном бичиж гаргахыг хүсчээ.  “Кикстарер” нийтийн  санхүүгийн цахим хуудас нээж хөрөнгө босгох компанит ажлыг эхлүүлсэн байна. Ингэснээр программ хангамжийн гайхамшигт ертөнцийн тухай хүүхдүүдэд зориулсан “Hello Ruby” цуврал ном гаргажээ. Тухайлбал, 2015 онд “Программ хан­гам­жийн тухай адал явдал”,  2017 онд “Компьютер дотор хийсэн аялал”, 2018 онд “Интернэт дэх экспедиц” гэсэн цуврал номоо гаргаж испани, англи, франц, итали, унгар, хятад, герман хэл дээр орчуулагдсан байна.

“ПРОГРАММ ХАНГАМЖИЙН МЭРГЭЖИЛТЭН ШИГ БОД”

Лиукас “Гарын доорх материалыг ашиглаад хүүхдүүдийг тоглож, төсөөлж чадах болон бүтээлч байлгах программ хангамж бүтээхийг хүссэн. Миний харсан компьютерийн бүх ном хүнд уйтгартай байсан. Үүнээс гадна программ хангамжийн гайхамшигтай, хөгжилтэй талыг ямар нэгэн хэлбэрээр харуулахыг хүссэн” гэв. Түүний номонд Руби охины адал явдлын тухай түүх гардаг. Гэхдээ хүүхдүүдэд интернэтээс гадуур хэрхэн программ хангамжийн мэргэжилтэн шиг бодохыг заадаг дасгалууд байдаг. Тухайлбал, компьютерийн нэг эд ангийг хэсэг цаас ашиглан хийхийг сурч болох ажээ.

ПРОГРАММ ХАНГАМЖ СУРАХАД ЗОРИУЛСАН ЛИНДА ЛИУКАСЫН ГУРВАН ЗӨВЛӨГӨӨ

  - Дэлхийд юу болж байгааг сонирхож бай. Шинээр илрүүлэх, сурах зүйл их байна. -Бүтээлч бай. Өнөөдөр их олон төрлийн программ хангамжийн мэргэжилтэн бий. Гэхдээ энэ салбарт хамааралгүй хүн байлаа ч  программ хангамжийн үйлдвэрлэлд олон ирээдүйн төлөвлөгөө, хөгжлийг авчирч болно. -Тэвчээртэй бай.  Программ хангамж сурахад их ажиллах шаардлагатай.  Энэ  нь үргэлж амархан байхгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин