Д.ОДСҮРЭН
Мэдээж үндэсний хувцсаа тэр тусмаа монгол дээлээ магтан дуулсан нийтлэлүүд сонин хэвлэлээр гардаг. Надад тохиолдсон энэ явдал бол амьдралд бодитоор болж хүүхдийн амийг аварсан нэгэн “дээл”-тэй холбоотой тул уншигч олондоо сонирхуулъя гэж бодлоо.
1990-ээд оны эхээр Өндөрхаанд өвлийн сар гарчихаад байсан үе байв. Цас орж салхи сийгсэн нэгэн орой ажлаасаа тараад алхаж явлаа. Бага ангийн нэг хүү нүүр өөд нь цас шуураад болохгүй байсан биз нуруугаараа арагш ухран явж байгаад гэнэт л муу усны нүх рүү ойчоод өглөө. Манайхан болсон хойно тагийг нь тэсгээгээгүй байж. Даруй гүйж хүрээд доош харвал бараг гурван метр гүнд нөгөө хүүхэд юу юугүй бохирын хоолой руу урсадгийн даваан дээр хөөрхий “тэсч” байна аа. Эргэн тойрноо харвал хэн ч анзаараагүй бололтой, тэгмэгц би цаахантай явсан нэгэн эрийг дуудаж ирүүллээ.
Монгол дээлийнх нь бүсийг нь тайлуулж үзүүрт нь түлээний тайрдас уяад доош оруулахад айсан хүүхэд тэрнээс байдгаараа тас зуурсаар, бид хоёр ч зугуухан татсаар гаргаад ирж билээ. Тэгээд ойрхон байсан цайны газарт хүүхдийг оруулж, тэд ч угааж цэвэрлэж өгсөн дөө. Ер нь тэр хавьд хүн цөөвтөр байсан ч бүгд пальтотой, азаар ганц хүн монгол дээл өмсч явсан нь тийнхүү хүүхдийн алтан амийг аварсан юм даа.