С.САРУУЛ
АТГ сар бүрийн ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ. АТГ-ын ажлын хэсгийнхэн хөдөө орон нутагт ажиллаж авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, 2018 оны худалдан авах ажиллагааны явц байдал, үр дүн, гүйцэтгэлийг хянаж байгаа аж.
Мөн АТГ энэ сард иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр хяналт шалгалтын ажиллагаа явуулж хууль зөрчсөн гурван албан тушаалтанд хариуцлага тооцуулжээ.
АТГ-ын Хэвлэл олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалаг “Ажилдаа хайхрамжгүй хандаж, эрх бүхийн албан тушаалтны шийдвэргүйгээр хандив, санхүүгийн туслалцаа авсан Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг дарга С.Баярсайхан, давхар ажил эрхлэлттэй холбоотой хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн давхар ажил эрхлэлттэй холбоотой хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Б.Дархижав нарт цалингийн хэмжээг бууруулах сахилгын шийтгэлийн ногдуулсан” гэв.
Энэ үеэр аравдугаар сард хийсэн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авлигын талаарх ойлголт, нөлөөллийг тодорхойлох судалгаагаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэд 500.000-1.000.000 төгрөг хүртэлх хэмжээний мөнгийг төрийн албан хаагчид хахуульд өгч байсан нь илэрчээ.
Мөрдөн шалгах хэлтсээс 2018 оны аравдугаар сард гэмт хэргийн шинжтэй 55 гомдол, мэдээлэл хянан үзсэн. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 386 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Хэнтийн аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргын Тамгын газрын удирдах албан тушаалтан нь тус суманд улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих зураг төслийн ажлын албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж холбогдох хууль тогтоомжийг зөрчин гэрээ байгуулж бусдад давуу байдал бий болгосон гэх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.
Эх сурвалж: www.polit.mn