СБД-ийн иргэн А.ГАНБАТ
Удмыг нь хөөвөл эх нь Монгол/ Халимаг/ -татаар
Угсааг нь Герман талаас хөөвөл Аттила
Уг гарлыг Орос талаас хөөвөл Владимирчууд
Ухаж үзвэл Владимирчууд, Монголчууд цус холимог
Юуны өмнө Ленин гэж хэн бэ гэдгийг тодотгох хэрэгтэй байх. Тэр бүх талаасаа Монгол цустай байсныг мэдэх үү. Монгол Улс тусгаар тогтноход Ленин бүх талын тусламж үзүүлж тусгаарыг түрүүлж санаачилж зөвшөөрөөгүй бол Монгол өнөөдөр тусгаар улс байх байсан уу. ЗХУКН-ын удирдлагаас Ленин, Фрунз хоёроос бусад нь Монголын тусгаарыг хүлээн зөвшөөрөхгүй байсныг юу гэх вэ. Ленин гарал үүслээрээ хардалтад автаж, улмаар хорлогдож нас барсныг бас юу гэж ойлгох вэ?
Монгол мөхөж байсан үндэстэн гэдгийг тэр үеийн Монголч эрдэмтдийн судалгаанаас тодорхой харж болно. Тэр үеийн монголчууд нутаг дээрээ 450 мянган хүн амтай, 80 хувь нь тэмбүү өвчтэй , 20-30 хувь нь хамаргүй сохор, дийлэнх нь үгээгүй ядуу, бичиг үсэггүй байсан гэдэг. Мөн монголчуудын олонх нь гадны мөнгө хүүлэгчдэд шулуулж, өрөнд баригдсан байсан. Ленин удмаа мэдэж байсан учраас хувьсгалын дараа Монголын сум бүрт эмч илгээж, эм тариа хүргүүлэн богино хугацаанд тэмбүүгээс салгасан. Чухамхүү Монголтой харьцах сайн харилцааны эхлэлийг Ленин тавьсан учраас Монгол 50-60-хан жилийн дотор асар их дэвшилд хүрч мөхөж байсан колоны улсаас НҮБ-ийн гишүүн, дажгүй хөгжилтэй дагуул улс болсон нь маргашгүй үнэн билээ.
Хэлмэгдүүлэлт, хөрөнгө нийгэмчлэлийг Ленин огт хийгээгүй. Түүний зохиол бүтээлийг нарийвчлан судалбал хувийн өмч, олон намыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Харин түүнийг хорлогдсоны дараа ЗХУ-ын удирдлагыг Сталин гэх гуталчин (ямар швили билээ) тэргүүтэй үндэсний цөөнхүүд хуйвалдан гартаа оруулж, улмаар Ленины нэрийг барьж социализм, коммунизм гэх нэрийн дор дарангуйлалын засаглал тогтоож, өмч хураах, хүн хэлмэгдүүлэх ажлыг явуулсан юм. Энэ түүх манайд тэр чигээрээ хуулагдсан юм. Сталины дараа мөн л үндэсний цөөнх болох хохолууд ЗХУ-ын Засгийн эрхийг булаан авч Горбачёвыг дуустал “социализм, коммунизм” нэрийн дор өөрсдийн дарангуйллаа хадгалан барьж байлаа. Сталины үед энэ швилийн амнаас үсэрсэн шүлс болгоныг залгисаар бид хэлмэгдүүлэлт хийж, мал хөрөнгөө хураалгасан.
Ленины хөшөөний оронд Богд Жавзандамбын хөшөөг босгох юм гэнэ. Ядаж алтан ургийн Сайн ноён хан Намнансүрэнгийн хөшөөг босгоно гэвэл түүх биднийг өршөөх байх. Тангад улс мөхөөгүйг өглөө болгон сануулж бай гэсэн эзэн Чингэсийн сануулгыг мартсан уу.
Монголын тусгаарыг бүтээж өгсөн Ленины хөшөөг дуудлага худалдаанд оруулсан гэдэг ялыг хожим Ардчилсан нам үүрэх нь гарцаагүй. Энэ нь нь тусгаар тогтнолоо худалдаж байгаатай агаар нэг бус уу?! Ленин бол Батын удмын хүн гэдэгт би огт эргэлздэггүй. ЗХУ-ын бүтцийг удирдлагын шинжлэх ухааны шилдэг аргачилалаар шинжилбэл Чингэсийн Улсын бүтэцтэй ялгахын аргагүй адилхан байдаг. Коммунизм гэдэг чинь угаасаа “хий үзэгдэл” байсан хий үзэгдлээрээ дууссан. Харин социализм бол олон янз. Шведийн социализм юу нь муу байгаа юм. Тэнд дундаж иргэд давамгайлсан хамгийн амгалан тайван чинээлэг нийгэм оршиж байна. Хятадууд социализм гэхээсээ манай эзэнт гүрний тогтолцоог хуулснаас илүү их амжилт олсон нь тодорхой байна. Ленин яагаад мөхөж үгүй болж байсан Монголд онцгой анхаарал тавьж өөртөө нэгтгэлгүйгээр тусгаар улс болгоод зогссонгүй, түүнд бүх талаар туслав гэдэг нэг хэсэгтээ оньсого мэт байсан. Гэвч түүний удам угсаатай холбоотой болох нь тодорхой болж, магадгүй түүнээсээ болж тэр хорлогдсон байх магадлалтай. Түүнд Сталин удаан үйлчилгээтэй хор өгсөн тухай яригдаж байна. Тэр хоронд хордож, эцэст нь галзуурч үхсэн шүү дээ. Тэр Монгол хүн байсныхаа төлөө ийм хувь заяаг амссан ч байж болох. Гэтэл нөгөө удам угсаа нэгтэй монголчууд нь ачийг нь мартчихаад хөшөөг нь буулгаж, дуудлагаар зарж мөнгө олох гэж байдаг. Одоогоос цааш 10-20 жилийн дараа Лениний суу алдар дахин цуурайтаж Чингэсийн дараа орох мянганы хүнээр тодорно гэдэгт би эргэлзэхгүй байна. Ленины хөшөөг зайлуулж байгаа нь нэг талаар Оросоос Монголчуудыг хөндийрүүлэх, нөгөө талаар Хятадтай ойртуулах гэсэн алсын чиг баримжааны нэг хэсэг яах аргагүй мөн. Үүнийг далд битүү аргаар Хятадын талыг баримталсан этгээдүүд хийж байгаа нь ойлгомжтой юм. Ардчилсан нам хөшөө буулгах гэж ирсэн юм бол коммунист Ю.Цэдэнбалын хөшөөг яахав? Их хэлмэгдүүлэлтийг гардан хийсэн Х.Чойбалсангийн хөшөөг яахав? Сүүлчийн коммунист Ж.Батмөнхийн хөшөөг яахав. Өнөөдөр ардчилал нэрийн дор дарангуйллын засаглал тогтоож хүн хэлмэгдүүлэх ажлыг хийж байгаа нь нэгийг бодогдуулахгүй байна уу, монголчуудаа!