Ч.ГАНТУЛГА

 “Хүүхэлдэйн театрих содон. Хаалгаар нь орох төдийд л дуу хуур цалгисан, дулаахан орчин угтдаг. Дээшээ шатаар өгсөхөд яг л үлгэрийн ертөнцөд ороод ирсэн мэт улаан хамбан хөшигтэй бага тайз, хаан, хатны жижигхэн сэнтий. Түүний хажуугаар өнгөрөөд тайз руу ороход бүр гоё. Учир нь бяцхан хүүхдүүдэд зориулсан жижигхэн тайз, бяцхан суудалнууд. Энд л хүүхдүүд мөрөөдлийнхөө ертөнцөөр аялаж, үлгэрийн баатруудтай нүүр тулан уулздаг билээ. Яг л ийм өдөрХүүхэлдэйн театр”-ыг зорилоо. Театр бусад үеэс илүү хөл хөдөлгөөн ихтэй угтав. Ээж аавдаа хөтлүүлсэн бяцхан жаалууд эх үрсийн баярт зориулсанБүлтээхэй Дэлдээхэйжүжгээ үзэхээр яаран ирсэн нь энэ аж. Ганган хувцастай жижигхэн сахиусан тэнгэрүүдийн энэ жилийн хамгийнамттайбэлэг нь энэ жүжиг байх нь лавтай.

БОЛОХГҮЙ ШҮҮ. ШАР ШУВУУ ЧАМАЙГ НЭГ Л ДОЛООГООРОЙ ГЭСЭН

Хөшиг нээгдэх төдийд хүүхдүүд уулга алдав. Учир нь тайзан дээр үлгэрийн ертөнц, үзэсгэлэнт байгаль цогцолжээ. Хажууд минь суусан бяцхан охин нүдээ бүлтийлгэн өхөөрдөм жижигхэн хуруугаараа тайз руу зааснаа “Аниа тэр туулай байна” гэх нь эгдүүтэй. Ойн цоорхойд эгдүүтэй хоёр бүжин амьдарна. Сахилгагүй жаахан Бүлтээхэй хурдхан том болохыг мөрөөднө. Хэрэв том болчихвол хэнд ч загнуулахгүй, хүссэнээ хийнэ гэж буруу бодно. Түүгээр ч барахгүй өөрийнхөө төрхийг голж хөөрхөн, сайхан болох элдэв арга сүвэгчилнэ. Тэр зорьсондоо хүрч шидэт үрэл олдог. Шар шувуу ах түүнд ганцхан долоохыг сануулав. Нэг долоох төдийд Бүлтээхэй маань дэлхийн мисс болох нь тэр. Дахин нэг долоочихвол бүр хөөрхөн болох байхдаа гэж Бүлтээхэй хэлэхэд хажууд минь суугаа өнөөх охин “Болохгүй шүү. Шар шувуу чамайг нэг л долоогоорой гэсэн” гээд үнэн сэтгэлээсээ Бүлтээхэйд санаа зовж байлаа. Гэвч бяцхан охины үгэнд ороогүй сахилгагүй Бүлтээхэй хэн ч хараад танихгүй царай муутай бүжин болов оо. Б.Нацагдоржийн зохиол “Бүлтээхэй Дэлдээхэй” жүжиг ахмадын үгийг үл тоож бардам ихэмсэг, шунахай сэтгэлтэй байх ямар хор уршигтай болох, ахмадын алтан сургаалиас гажихгүй зөв сэтгэлтэй байвал хэрхэн сайн сайханд хүрдэг тухай өхөөрдөм хөөрхөн туулайн бүжингээр төлөөлүүлэн өгүүлжээ. Жүжгийн төгсгөлд алдаагаа ухаарсан Бүлтээхэй эргэн хүүхэд нас, хөөрхөн төрхөө олж авахад танхимд цугласан хүүхэд бүр баярлан хөөрч, алга таших мөчид улаан хамбан хөшиг алгуурхан хаагдав.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин