Т.САЙХАН
УИХ-ын чуулганаар Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүдэд Ц.Батсүх, Ц.Мөнхбаяр, Ч.Хашчулуун нарыг Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүдээр томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Төвбанкны тухай хуульд 2018 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Монголбанк нь Мөнгөний бодлогын хороотой байх, уг хороо нь Монголбанкны Ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч болон УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо нэр дэвшүүлж, УИХ-аас зургаан жилийн хугацаатай томилсон орон тооны бус дөрвөн гишүүнээс бүрдэх тухай 27,3 дугаар зүйлийн нэг дэх хэсгийг нэмж оруулсан байна. Хуулийн дээрх заалтыг үндэслэн Эдийн засгийн Байнгын хорооноос Мөнгөний бодлогын хорооны орон тооны гишүүдээр томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна. Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир нэр дэвшигчдийг сонгохдоо Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримталсан гэв.
Эх сурвалж:www.polit.mn